Ч. Улаан: Төсвийн орлогыг нэмэх асуудлаар тодотгол хийнэ гэсэн заалт байхгүй
- 2017-10-12
- Эдийн засаг
- 0

УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдаж Засгийн газраас өнгөрсөн сарын 29-нд өргөн барьсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллын тухай хуульд өөрчлөлт оруулах үзэл, баримтлал, ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэхээр тогтсон. Гэвч АН-ын бүлгийн зүгээс завсарлага авлаа. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Улаан горимын санал гаргав. Тэрбээр “Төсвийн байнгын хороо Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа дагаж мөрдмөөр байна. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд төсвийн тодотгол хийх талаар тодорхой заасан байдаг. Төсвийн орлого нэмэх, ОУВС-тай хийсэн гэрээний асуудлаар төсвийн тодотгол хийнэ гэсэн заалт байхгүй. Төсвийн байнгын хорооныхон өөрсдөө хуулиа зөрчиж болохгүй. Тиймээс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлал, болон үүнтэй холбогдон Ажлын хэсэг байгуулах асуудлыг хасах саналтай байна” гэлээ. Ийнхүү УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу горимын санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь уг асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Мөн энэ үеэр АН-ын бүлгээс шинэ Засгийн газар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлалтай сайтар танилцаж, нягталсны дараа уг асуудлыг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Ингээд АН-ын бүлэг завсарлага авав. Мөн энэ өдөр УИХ-ын Эдийн засаг болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр тогтсон байсан ч АН-ын бүлгээс дахин завсарлага авлаа. Тодруулбал, Байнгын хорооны хуралдааны үеэр хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж санал хэлж, тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. Тэрбээр завсарлага авах хүсэлтээ шинээр бүрдэх Засгийн газар төсвийн тодотголыг эргэн харж дахин сайтар нягталж үзсэний үндсэн дээр хэлэлцүүлэгт оруулах нь зүйтэй гэж АН-ын бүлэг үзсэн гэж тайлбарлав. Ийнхүү Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан АН-ын хүсэлтийн дагуу төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг Байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцэх хүртэлх хугацаанд тус намын бүлэгт завсарлага өгч буйг мэдэгдлээ. Мөн энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг Байнгын хорооны дараагийн хуралдаан хүртэл хойшлууллаа.
М.ЭНХЦЭЦЭГ

Сэтгэгдэл (0)