Ли Ён Хо: Сөүлтэй хэзээ ч тохиролцоонд хүрэхгүй

 

Орос, Умард Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 69 жилийн ой өчигдөр тохиолоо. Ойн хүрээнд Умард Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг Оросын ТАСС агентлагийн захирал Сергей Михайлов тэргүүтэй хэвлэл мэдээллийн төлөөллийг Пхеньянд урьжээ. Оросын сэтгүүлчдийг Умард Солонгосын нөлөө бүхий улстөрчид хүлээн авч уулзсан байна. Умард Солонгосын Гадаад хэргийн сайд, Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүн Ли Ён Хо ТАСС агентлагийн захирал Сергей Михайловтай хийсэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

 

-ОХУ Солонгосын хойгийн асуудлыг шийдэх арга замыг эрэлхийлж байна. Оросын төлөвлөгөө Солонгосын хямралыг шийдвэрлэх боломжтой юу?

-Солонгосын хойгийн асуудалд Москва анхаарал хандуулж, шийдвэрлэх арга замыг идэвхтэй эрэлхийлж буйд талархаж байна. ОХУ-ын боловсруулсан төлөвлөгөөг бид дэмжинэ. Манай улс ОХУ-тай тогтоосон гадаад харилцаагаа эрхэмлэдэг. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохионо. Түүхэн ойг талууд урьдаас бэлдэж тэмдэглэх болно. Оросын тал цаашид бидэнд тусалж дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

 

-АНУ-ын Ерөнхийлөгчийн НҮБ-ын индрээс хэлсэн үгийг Умардын ард түмэн хэрхэн хүлээж авсан бэ?

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэн үгний хариуг өгөх болно. Вашингтон эхлээд дайн зарласан гэдгийг дэлхий нийт тодорхой санах ёстой. АНУ манай оронд дайн зарласан цагаас эхлэн бид тэдний эсрэг хөдлөх эрхтэй. Пентагоны байлдааны онгоцууд дахин манай орны агаарын орон зайд нэвтэрвэл бид энэ улсын эсрэг хөдлөх, АНУ-ын стратегийн бөмбөгдөгчдийг буудан устгах зэрэг бүх эрх бий болно. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун стратегийн цэрэг дайчид нь түрэмгийлэгч улс, Вашингтоныг шийтгэхгүй орхиж болохгүй. Манай арми, ард түмэн АНУ-д галан мөндөр оруулах цаг болсныг сануулж байна.

 

-Ямар тохиолдолд Умард Солонгос, АНУ хоёрын хооронд хэлэлцээрийн нөхцөл бүрдэх вэ?

-АНУ-ын дайсагнасан бодлого хэлэлцээр хийхэд саад болж буйг бид удаа дараа мэдэгдсэн. Тэд “БНАСАУ-ын цөмийн аюул заналхийллийг арилгана” гэсэн нэрийн дор манай улсад гадаад бодлогоо хүчээр тулгахыг оролддог. АНУ-ын талаас БНАСАУ- ын эсрэг бодит аюул заналхийлж эхэллээ. Манай улсын эсрэг тавьсан энэ их хоригийн хажуугаар энхийн хэлэлцээр хийнэ гэдэг утгагүй зүйл. Хэрвээ манай улсын цөмийн хөтөлбөрийг хазаарлахыг санал болгосон тохиолдолд бид хэлэлцээрийн ширээнд суухгүй гэдгээ хатуу мэдэгдэж байна.

 

-Пхеньянтай холбоотой асуудлаарх Өмнөд Солонгосын шинэ эрх баригчдын талаар та ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?

-Манай Хөдөлмөрийн намын VII их хурлын тайланд нөхөр Ким Жон Ун хоёр Солонгосын харилцааг сайжруулах алхмуудаас дурдсан. Саяхан Өмнөд Солонгосын эрх баригчдын зүгээс хилийн шугамаар тусгаарлагдсан гэр бүлийн уулзалт зохион байгуулах, хүмүүнлэгийн тусламж зэрэг асуудлаар хоёр Солонгосын хооронд дээд төвшний хэлэлцээр эхлүүлэх санал тавьсан. Гэтэл Солонгосын хойгт нэг үндэстний асуудалд АНУ хөндлөнгөөс оролцож, хэлэлцээрт нөлөөлөхийг хүсдэг. Бид Солонгосын хойг дахь дахь улс төрийн харилцааг сайжруулах талаар БНСУ- ын оролдлогыг олж харахгүй байна. Тиймээс Өмнөд Солонгосын талтай хэзээ ч тохиролцоонд хүрэхгүй болов уу.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)