Хятадын Коммунист намын XIX их хурал эхэллээ

 

Хамгийн олон буюу 89 сая 447 мянган гишүүнтэй Хятадын Коммунист на­ мын /ХКН/ XIX их хурал Бээжин хотын Ардын их хурлын танхимд өнөөдөр эхэлнэ. Таван жил тутамд болдог их хуралд 2287 депутат оролцоно. Их хурлаар намын удирдлагын төвшинд халаа сэлгээ хийж, ирэх таван жилд улс төр, эдийн засаг болон нийгмийн салбарт ямар бодлого баримтлахаа авч хэлэлцэж, тодорхойлдог билээ. Тиймээс долоо хоног үргэлжлэх Хятадын Коммунист намын XIX их хурал олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байна. Энэ удаагийн хурлыг дэлхийн томоохон агентлагууд сурвалжилж байгаа бөгөөд эдийн засаг, худалдааны тэргүүлэгч гүрний ирэх таван жилийн төлөвлөгөө, 1.3 тэрбум хүнтэй улсын нийгэм, улс төрийн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөх нь XIX хурлын үр дүнгээс тодорхой болно. Хятадын улс төр болон эдийн засгийн тавцан дахь бүхий л тоглогчид, бүр тодруулбал орон нутгийн өндөр албан тушаалтнууд, банк, томоохон компаниуд өөрсдийн хөгжлийн стратегийг намынхаа таван жилийн төлөвлөгөөтэй нягт уялдуулдаг. Тиймээс XIX их хурлаар хэлэлцэн батлах зарим сэдвийн талаар олон улсын ажиглагчид хэрхэн таамаг дэвшүүлж буйг хүргэе.

 

ЧИНЭЭЛЭГ ХЯТАДЫГ ЦОГЦЛООНО

 

Хятадын эдийн засаг өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрчимтэй өсч байгаа билээ. Ялангуяа сүүлийн арван жилд Хятад улс ядуурал, өлсгөлөнтэй тэмцэж 40 сая хүн нийгмийн дундаж давхаргад шилжсэн байна. Энэ тоог 2022 он гэхэд нэмэгдүүлж, Хятад ядуучуудгүй улс болох эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулна. Энэхүү бодлогын гол баримт бичиг нь Хятадын эрх баригч Коммунист намын 2020 он гэхэд чинээлэг нийгмийг цогцлоох гол зорилтын нэг юм. Хятадын төв хэвлэлд мэдээлснээр, ирэх таван жилд хэрэгжүүлэх энэ бодлогод эдийн засгийн хөгжлийг чухалчилж тусгасан байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хөгжлийн загвараа шинэчлэн тогтоож, өөрчлөлт шинэчлэлтийг ул суурьтай хийх, хууль дүрмийг чандлан сахих зэрэг үндсэн томоохон асуудлыг тусгажээ. Хятадын 2020 он хүртэл баримтлах энэ бодлогын бас нэг гол зорилт нь бүс орон нутаг, төвөөс алслагдмал бүс, үндэсний цөөнх иргэдийн дунд хөгжлийн ялгаа заагийг арилгахад чиглэж байгаагаараа өмнөх таван жилийн төлөвлөгөөнүүдээс онцлогтой гэдгийг Хятадын эрх баригчид онцолж байна.

 

ХЯТАДЫН ОНЦЛОГТОЙ СОЦИАЛИСТ НИЙГЭМ

 

ХКН-ын XIX их хурал бүх талаар чинээлэг нийгмийг бүтээн байгуулах болон Хятадын онцлогтой социалист нийгмийн хөгжлийн чухал цаг үед хуралдуулах болсноороо ач холбогдолтой болж байна. Хятад улсын онцлогтой социалист нийгмийн байгууллыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Марксист үзэл, Мао Зэдүний үзэл санаа, Дэн Сяопиний онолыг баримталж төр барих шинэ онол, шинэ санаа, шинэ стратегийн бодлогыг хэрэгжүүлэх аж. ХКН-ын XVIII их хурлаас хойш Си Жиньпинээр удирдуулсан Намын Төв хорооны ажлыг дүгнэнэ. Хурлын төлөөлөгчид олон улсын болон дотоодын нөхцөл байдалдаа тулгуурлан Хятадын ард түмний хүслийг харгалзан орчин үетэй зохицсон үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах юм байна. Ингэснээр Хятадын онцлогтой социалист нийгмийн байгууллыг хэрэгжүүлэхийг баримтлах “Таван нэг” тогтолцоог батлах ажээ. Харин Хятадын онцлогтой социализмын хөгжлийн зангилаа үед хуралдаж буй намын XIX их хурал бэлгэ тэмдгийн чанартай болно гэж төлөөлөгчид үзэж байна.

 

СИ ЖИНЬПИН ТӨР БАРИХ ШИНЭ СТРАТЕГИА ХЭРЭГЖҮҮЛНЭ

 

Си Жиньпин энэ удаагийн хурлаар төр барих шинэ онол, стратегиа баталгаажуулна гэж барууны ажиглагчид үзэж байна. ХКН-ын XVIII их хурлаас хойш Си Жиньпинээр цөм болгосон Намын төв хороо Хятадын онцлогтой социалист нийгмийн байгууллыг хэрэгжүүлэхээр баримталсан үйл явц дүгнэн хэлэлцэх гэж байна. Ажиглагчдын үзэж буйгаар Төв хорооны дарга Си Жиньпин /64 настай/, тав дахь засаглалын үеийн хоёр дахь Төрийн зөвлөлийн дарга Ли Көцянь /62 настай/ нарыг албан тушаалд нь үлдээх төлөвтэй байна. ТАСС агентлагийн уламжилснаар, Улс төрийн товчоог бүрэлдэхүүнээр нь солихоор болжээ. ХКН –ын Улс төрийн товчоо долоон гишүүнтэй ба бүрэлдэхүүний тоог өөрчлөх талаар санал хураах юм байна. Мөн Намын Төв хороо, Сахилга батын хяналтын хорооны гишүүдийг өөрчилж магадгүй аж.

 

САНСАР СУДЛАЛЫН ТЭРГҮҮЛЭГЧ ГҮРЭН БОЛНО

 

Хятад улс ирэх таван жилд технологийн хөгжлийг тодорхойлогч орон болох, судлалын салбарт АНУ, ОХУыг гүйцэж түрүүлэх зорилт тавьжээ. Сүүлийн жилүүдэд Хятад улс сансар судлалаараа дэлхийд тэргүүлэх эн тэргүүний зорилт тавиад байгаа бөгөөд АНУ-тай энэ тал дээр хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх сонирхолтой байгаа юм. Мөн сүүлийн таван жилд Дорнод баруун, хойд урд чиглэлийн замын найман шугам барихад Хятад улс 550 тэрбум ам.доллар зарцуулжээ. Хятадын төмөр замын нийт урт 112 мянган километр бөгөөд 16 мянган километр урт хурдны замтай юм. Энэ үзүүлэлтээрээ дэлхийн нийт хурдны төмөр замын 60 хувийг эзэлдэг. Хятадын Засгийн газар ирэх таван жилд 10 мянган километр төмөр зам нэмж тавих зорилт дэвшүүлжээ.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)