Эрсдэлт бүлгийн хүн амыг үнэ төлбөргүй дархлаажуулна

АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, “Даян дэлхийн эрүүл мэнд” олон улсын байгууллагаас ЭМЯ-ны хүсэлтээр 175 мянган хүн /тун улирлын томуугийн эсрэг вакциныг манай улсад хандивлахаар болсон. Уг хандивын вакцины эхний нийлүүлэлт болох 50 мянган хүн/ тун вакциныг Эрүүл мэндийн яам хүлээн авчээ. ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас зарим зүйлийг тодрууллаа.

-Вакциныг эхний ээлжид эрсдэлт бүлэгт зориулахаар болжээ. Яг хэдэн насны ямар хүнийг хамруулах вэ?

-Архаг хуучтай хүн, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, эмч эмнэлэг, хүчний байгууллагын ажилчин, цэцэрлэг, сургуулийн багш нарыг үнэ төлбөргүй вакцинжуулна. Вакцинжуулах ажлыг дүүргийн Эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан зохион байгуулахаар болсон. Энэ удаа НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан улирлын томуугийн 45 мянган хүн/ тун вакциныг энэ сарын 23- нд хүлээн авч, бага насны хүүхдийг дархлаажуулна.

-Жирэмсэн эмэгтэйн ураг хэдэн сартайд вакцинд хамрагдаж болох вэ?

-Жирэмсэн эмэгтэйчүүд томуугийн вакцинд хамрагдсанаар ургийг томуугийн шалтгаант хүндрэлээс хамгаалж, төрсний дараа зургаан сарын хугацаанд томуугийн халдвараас хамгаалдаг. Вакциныг жирэмсний аль ч хугацаанд хийж болох бөгөөд ямар нэг сөрөг нөлөөгүй. ДЭМБ- ын олон жилийн судалгаа шинжилгээгээр жирэмсэн эмэгтэй нь томуугийн шалтгаант хүндрэл /амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлтийн жин буурах гэх мэт/, нас баралтад өртөх өндөр эрсдэлтэйг тогтоосон.

-Одоогоор манай улсад томуугийн тархалт хэр байна вэ?

-Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн 3-5 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон нь өмнөх долоо хоногтой харьцуулахад бага зэрэг нэмэгдэж буй үзүүлэлт юм. Өвчлөгсдийн 80 хувийг 15, түүний 70 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Өнөөдрийн байдлаар томуугийн вирус хүн амын дунд эргэлтэд ороогүй, томуу төст өвчнийг үүсгэгч иж томуу, риновирус, бокавирус эргэлтэд орж эхэлсэн байна.

Г.НЯМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)