Европын холбоо АНУ-ыг зэмлэлээ
- 2017-10-19
- Дэлхий
- 0

Европын холбооны Гадаад хэргийн сайд нар Иран, БНАСАУ-ын асуудлаар Люксембургт санал солилцлоо. Европын холбооны гишүүн орнууд Ираны цөмийн хэлэлцээрийг хэвээр хадгалан үлдэхийг АНУ-ын Конгрессоос хүссэн байна. Учир нь, гишүүн орнууд энэ асуудал олон улсын аюулгүй байдалтай холбоотой гэж үзэж байгаа юм. Францын Гадаад хэргийн сайд "Шаардлагатай гэж үзвэл АНУ-ын Конгресст шахалт үзүүлэх хэрэгтэй" гэдгээ хүртэл мэдэгджээ. Харин Германы Гадаад хэргийн сайд Зигмар Габриэль, АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэр Иран улстай дахин цэргийн мөргөлдөөн үүсгэхэд хүргэх учир Европын орнууд үүнд ач холбогдол өгч байгааг онцолсон байна. Европын холбоо Иран улсыг цөмийн хэлэлцээрийн үүргээ бүрэн хүндэтгэдгийг онцолжээ. Мөн Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг буюу МАГАТЭ “Иран улс хэлэлцээрийн үүргээ зөрчөөгүй” хэмээсэн байна. Европын холбооны Гадаад бодлого хариуцсан ахлах Федерика Могерини цөмийн хэлэлцээрийг хадгалан авч үлдэхийн тулд ирэх сарын эхээр Вашингтонд айлчилна гэдгээ зарласан. Тэрбээр хэлэлцээр амжилттай хэрэгжиж байгааг хэвлэлийн бага хурлын үеэр онцолжээ. Европын холбооны Гадаад бодлогын асуудал хариуцсан ахлах Федерика Могерини "Цөмийн зэвсэгтэй холбоотой асуудалд хориг тавих нь Ирантай хийх худалдаа, эдийн засгийн харилцаанд эерэг нөлөөтэй, мөн тус улсын ард иргэдэд ч ашиг тустай. Энэ хэлэлцээрийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Иран улстай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх боломжтой болж байна. Тиймээс АНУ дараагийн алхмаа авч хэрэгжүүлэхээсээ өмнө түншлэгч орнууд, цаашлаад бүс нутгийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулах хэрэгтэй" гэж мэдэгдлээ.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)