Д.Батзаяа: Зүрхний гажигтай 100 хүүхдийг үнэ төлбөргүй эмчилнэ
- 2017-10-20
- Эрүүл мэнд
- 0

Монголын улаан загалмайн нийгэмлэг / МУЗН / -ээс зүрхний гажигтай 41 хүүхдийг эмчлүүлэхээр асран хамгаалагчтай нь Бээжин хот руу өчигдөр үдэж гаргалаа. Энэ талаар МУЗН-ийн хэвлэлийн төлөөлөгч Д.БАТЗАЯАГААС тодрууллаа.
-Танай нийгэмлэгээс зүрхний гажигтай хүүхдүүдийг үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулах төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ талаарх мэдээлэл өгнө үү?
-МУЗН БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг эмчлэх төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийг хэрэгжүүлэхийн тулд Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн сан, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтарсан гэрээ байгуулсан юм.
-Төслийг хэрэгжүүлснээр хэдэн хүүхэд эмчлүүлэх боломжтой вэ?
-БНХАУ-аас тэргүүлэх зэргийн эмч нар хүрэлцэн ирж, эхний ээлжид мэс засал хийлгэх шаардлагатай хүүхдүүдийг сонгон Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх хотын дээд төвшний эмнэлгүүдэд хүргүүлэхээр болсон. Энэхүү төслийн үр дүнд зүрхний гажигтай 100 хүүхдийг үнэ төлбөргүй эмчилнэ.
-Хагалгааны бүх зардлыг даах уу?
-Зүрхний гажгийг эмчлэх хагалгаа өртөг өндөртэйд тооцогддог. Монгол Улсад эмчлүүлэхээр болбол 25 хувийн зардлыг эмчлүүлэгч төлж, үлдсэнийг улс хариуцдаг. Гэтэл 25 хувь болох 3-5 сая төгрөг гаргаж чадахгүй тохиолдол олон. Дээрх төслийн хүрээнд эмчилгээний бүх зардлыг дааж байгаа нь том боломж юм.
-Хэдэн настай хүүхдүүд эмчлүүлэхээр байгаа вэ?
-Монгол Улсад эмчлэх боломжгүй, амьжиргааны төвшин тааруу зэрэг үзүүлэлтийг чухалчилж эмчлүүлэх хүүхдүүдийг сонгосон. Энэ удаа явж буй хүүхдүүдийн бага нь дөрвөн сартай, том нь 12 настай байна.
Б.ДААРИЙМАА

Сэтгэгдэл (0)