Я.Содбаатар: Төсвийн тодотголыг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт шийднэ
- 2017-10-24
- Эдийн засаг
- 0

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, 2017 оны төсвийн тодотгол, Завхан аймгийн Отгон сумын нутаг дахь Отгонтэнгэр хайрханд сураггүй болсон иргэдийн талаар албаныхнаас мэдээлэл сонсчээ. Мөн энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал болон зарим дэд хороо, байнгын хорооны дарга нарыг томилох асуудлаар бүлгийн гишүүд санал солилцсон байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар “Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханд аравдугаар сарын 22-ны өдөр 27 иргэн авирч байх үед цасан нуранги үүсч ноцтой осол гарсан мэдээллийг сонслоо. “Гурван жолооч уулын бэлд үлдсэн. Нийт 27 хүн ууланд авирснаас 10 хүн буцаж ирсэн. Харин 17 хүн тодорхойгүй байна” гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Энэ асуудлаар Улсын байнгын онцгой комисс хуралдаж, тодорхой шийдвэр гарган ажиллаж байна. Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг тухайн асуудлаар газар дээр нь ажиллахаар явлаа. Нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг ажиллаж байна. Дараагийн асуудал нь төсвийн тодотгол юм. Энэ долоо хоногт 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж дуусгах зорилготой байна. Мөн төрөөс баримтлах 2018 оны мөнгөний бодлогыг хэлэлцэх эсэхийг шийднэ. Өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-д өргөн барьсан Төрийн албаны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийхээр боллоо. 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн төсөөллийг энэ долоо хоногт хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Түүнчлэн зарим байнгын хороо, дэд хорооны дарга нарыг Монгол Улсын сайд, УИХ-ын албан тушаалд томилсон учраас байнгын хорооны дарга нарыг томилох асуудлыг бүлгийн хуралд оруулж ирсэн. Энэ асуудлаар бүлэг түр завсарлаад байна” гэлээ. Энэхүү мэдээллийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ирэх оны төсвийг хугацаанд нь баталж амжих болов уу.
-Төсвийн тухай хуулиар 2018 оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Төсвийг хуулийн дагуу өргөн барьж, хэлэлцэн батална.
-Энэ оны төсвийн тодотголыг эргүүлж татна гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар өгнө үү?
-Төсвийн тодотголыг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт хэлэлцэж, шийдвэрлэнэ. Төсвийн болон бусад байнгын хорооноос ирсэн саналыг хэлэлцэнэ.
-Ирэх оны төсөвт багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх асуудлыг оруулах талаар бүлгийн хуралдаанд ярилцсан уу?
-Одоогоор 2018 оны төсвийг өргөн бариагүй учраас энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөрийг эргэн харах талаар шинээр томилогдсон сайд нар анхаарлаа хандуулж байгаа байх.
-Бүлгийн хурлаар дэд сайдын асуудлыг хэлэлцсэн үү?
-Энэ удаагийн бүлгийн хурлаар дэд сайдтай холбоотой мэдээллийг яриагүй. Дэд сайдын албан тушаалыг бүлгийн хурлаар ярихгүй, нам дээр хэлэлцэнэ.
С.ЮМСҮРЭН

Сэтгэгдэл (0)