Хувийн эрх ашиг нийтийнхээс давах учиргүй
- 2017-10-24
- Үнэн
- 0

Нийслэлийн өнгө үзэмжийг цэвэр цэмцгэр байлгах, иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хийж буй ажлын нэг хэсэг нь гар дээрх худалдааг цэгцлэх явдал гэж ойлгож болно. Энэ ажлын хүрээнд III, IV хороолол, Хархорин орчмын зам дагуух хүнс, барааны хууль бус худалдааг журамлаж эхэлсэн. Гэтэл хэдхэн сарын өмнө нийслэлийн төсвөөс өчнөөн зуун сая төгрөгийн хөрөнгө гаргаж тохижуулсан Х хорооллын зам дагуу ганзагын наймаачид бууриа засаад эхэлчихжээ. Өнгөрсөн амралтын өдөр тэр хавиар явж байтал суудлын хоёр машин, нэг микро зэрэгцүүлж зогсоосон худалдаачид хятадын голдуу бараагаа дэлгэчихсэн наймаа хийж байхтай таарлаа. Хэний зөвшөөрлөөр ийм үйл ажиллагаа эрхэлж байгаа талаар сонирхоход “Чамд ямар хамаатай юм бэ” гэх маягтай хяламхийж харснаас өөр хариу хэлсэнгүй. Сандал суудлаа зэхэж тухалсан тэд хар цагаан дуугүй, утсаа “маажиж” суух нь яавч зөвшөөрөлгүйн шинж байлаа. Хэдийгээр хүний амьдрал л болсон хойно, худлаа хэлж, хулгай хийсэн биш гэж тэднийг зөвтгөж болох ч хаа дуртай, хүний хөл хөдөлгөөн ихтэй газар ийнхүү худалдаа эрхлэх нь өөгшүүлж боломгүй асуудал шиг санагдана. Өнөөдөртөө цөөхөн мэт харагдавч манайхны барьцамтгай зангаар маргааш тэд “бүл нэмж”, ойр орчмынхоо газрыг хог хаягдлаар дүүргэж, тун удахгүй “хар зах” болгох нь ойлгомжтой. Иймээс холбогдох газрууд цаг алдалгүй арга хэмжээ авч журамламаар байна. Тэдний ойролцоох явган хүний замын хашлага аль хэдийнэ эвдэрч, архи, ундааны шил, тамхины ишээр бохирдоод эхэлчихжээ.
Д.МӨНХ

Сэтгэгдэл (0)