Д.Батзогсох: “Reach” төслийн хүрээнд 13 мянган ажлын байр бий болгоно
- 2017-10-26
- Үнэн
- 1

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас “Түншлэлийн хүрээнд жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтийг дэмжих нь” сэдэвт форумыг өчигдөр зохион байгууллаа. Тус агентлаг “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран жижиг, дунд бизнесийг бат бөх, тогтвортой үйл ажиллагаатай болоход шаардлагатай санхүүжилтийг банк, санхүүгийн байгууллагаас олж авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Reach” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийг өнгөрсөн оны тавдугаар сард эхлүүлсэн бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сар хүртэл хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд 500 орчим жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 40 гаруй тэрбум төгрөгийн зээл олоход зуучилжээ. Форумын үеэр Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалт зохицуулалтын газрын дарга Д.БАТЗОГСОХТОЙ ярилцлаа.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилд Зээлийн батлан даалтын сан ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
-Зээлийн батлан даалтын сан нь гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сан барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор банкны барьцаа хөрөнгийн 60 хүртэл хувьд буюу 500 сая төгрөг хүртэлх хэмжээгээр батлан даалт гаргадаг ашгийн бус төрийн байгууллага юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хууль эрх зүйн орчноор зохицуулсан зээлийн батлан даалтын тогтолцоо бүрэн ажиллах нөхцөл хараахан бүрдээгүй. Хэдий тийм ч Зээлийн батлан даалтын сангаас 430 аж ахуйн нэгжид 37 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт гаргаад байна.
-Зээлийн батлан даалтын тогтолцоог цаашдаа хэрхэн сайжруулахаар төлөвлөсөн бол?
-Олон улсад мөрддөг нэг чухал зүйл нь Зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээ байдаг бол манайд энэ нь учир дутагдалтай байна. Тиймээс үүнийг нөхөх үүднээс зээлийн батлан даалтын сан маань АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн “Reach” төслийн багтай хамтран ажиллаж байна. Батлан даалтын сан санхүүжилтээ шийддэг хамгийн хялбар жишгийг БНСУ хэрэгжүүлсэн жишээ бий. Тус улсад жижиг, дунд бизнес эрхлэгч батлан даалттай санхүүжилт аваад тухайн санхүүжилт бизнест үр ашгаа өгсөн үед буцаагаад батлан даалтын сандаа шимтгэл өгч, сангийн эрсдэлийн санд хуримтлуулдаг хууль эрх зүйн тогтолцоотой. Бид энэ асуудлыг манайд бодлогоор зохицуулах санал тавиад явж байна. Ийм тохиолдолд батлан даалтын сан төрөөс санхүүжих шаардлагагүй болж байгаа юм. Ингэснээр банк өөрөө батлан даалтын сандаа хариуцлагатай хандана, дээр нь сангийн чадавх нэмэгдэж буй учир банк эргэн төлөлтөө шаардсан цагтаа авч чаддаг болно.
-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид санхүүжилт олох ямар боломжууд байна вэ?
-Жижиг, дунд бизнесийг дэмжих ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Зээлийн батлан даалтын сан 60 сая ам.долларын хөнгөлөлтэй зээлийг авч байгаа. Энэ нь 18 жилийн хугацаанд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд урт хугацаатай зээл олгох төсөл юм. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дэд төслийг санхүүжүүлж буй хэмжээ нь тэрбум төгрөгийн зээл байгаа. Үүний 30-60 хувиар нь батлан даалт гаргана. Гаргаж буй батлан даалттай ижил хэмжээний эх үүсвэрийг арилжааны банкинд байршуулж буй учир зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах боломж бүрдэнэ. Ингэснээр бизнес эрхлэгчдийг 10 жилийн хугацаатайгаар санхүүжүүлэх боломжтой боллоо. Зээлийн хүүний хувьд батлан даалтын эх үүсвэртэй нь жилийн найман хувь, батлан даалтгүй буюу арилжааны банкнаас оруулж буй эх үүсвэртэй зээлийн хүү жилийн 18 хувь байна. 10 жилийн хугацаанд тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлж өгч буй учир жижиг, дунд үйлдвэрлэгчдийн зээл авах боломжийг дээшлүүлсэн томоохон төсөл болж байна. Мөн Азийн хөгжлийн банкны 18 жилийн хугацаатай олгож буй хөнгөлөлтэй зээлийн 10 хувьтай тэнцэх хэмжээний 6.6 сая ам.долларын хөрөнгийг зээлийн батлан даалтын сангаас гаргаж байна. Нийтдээ 66.6 сая ам.доллар жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зээл болж очно гэсэн үг. Урьдчилсан тооцоогоор ирэх 18 жилийн хугацаанд 432 сая ам.долларын зээлийг давхардсан тоогоор олгоно гэж тооцож байна. Үүний үр дүнд 15 мянган жижиг, дунд үйлдвэрийн төслийг санхүүжүүлнэ. Ингэснээр 13 мянган ажлын байр бий болно гэж тооцсон.
-Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл авахад тулгарч буй бэрхшээл юу байна вэ?
-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид тулгарч буй гол бэрхшээл санхүүжилт. Энэ салбарт санхүүжилт хийх эх үүсвэр бий. Гэвч тэд санхүүжилт хүсч буй төслөө хөрөнгө оруулагч, сонгон шалгаруулагч нарын шаардлагад нийцүүлэн боловсруулж чаддагүй учраас санхүүжилт авах болон батлан даалт гаргуулах боломжоо их алддаг. Зээлийн батлан даалтын талаар ч мэдээлэл дутмаг байдаг. Дээр нь жижиг, дунд үйлдвэрлэгчид банкинд төслөө хамгаалж чаддаггүй, хийх гэж буй бизнесдээ өөрсдөө итгэл үнэмшил муутай байдаг. Өөрөөр хэлбэл, тэдэнд мэдлэг, мэдээлэл дутмаг байна. Тэд бизнест зориулсан сургалт, хөтөлбөрүүдэд хамрагддаггүй. Энэ салбарт санхүүжүүлэлтийн эх үүсвэр бий болоод байгаа ч түүнийг авч чадахгүй байна. Тэд өөрсдөө банк, санхүүгийн байгууллага буюу зээлдүүлэгч байгууллагаас зээл авахад биеэ бэлтгэх, өөрөө өөрийгөө хариуцлагажуулах, төслөө өөрийн болгох ажил маш чухал байгаа учраас үүнд анхаарах шаардлагатай. Мөн нийтлэг нэг асуудал нь бизнес эрхлэгчид, өөрийн бүх барьцаа хөрөнгөө зээлийн баталгаанд тавиад зээл авч, түүгээрээ хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаагаа явуулдаг. Гэвч дахиад нэмэлт эргэлтийн хөрөнгө шаардлагатай болсон үед дахин санхүүжилт татаж үйлдвэрлэлээ явуулж чадахгүйд хүрдэг. Ийм нөхцөлд батлан даалтын сан Азийн хөгжлийн банктай хамтарч батлан даалтын тогтолцоог бэхжүүлэхээр төлөвлөж байна. Мөн зээлийн батлан даалтын сангийн хувьд хугацаа хэтэрсэн, чанаргүй болж буй батлан даалт ажиглагдаж эхэлсэн бөгөөд тэдгээрийн дийлэнх нь Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн зээл байна. Судалгаанаас харахад, уг төрлийн зээлд хамрагдсан 430 аж ахуйн нэгжээс 60 орчим аж ахуйн нэгжийн зээл чанаргүй зээлд орох магадлал өндөр байна. Өөрөөр хэлбэл, банк өөрсдийн эх үүсвэрээс гаргасан зээл дээр эрсдэл бага гаргаж байгаа нь харагдаж байна. Тиймээс банкны зүгээс бүхий л төрлийн зээлийг ижил шалгуураар гаргах тал дээр цаашдаа анхаарал хандуулах шаардлагатай байна.
Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл (1)
Nam bus irgen (195.226.162.225)
Bankni huu denduu undur bna. Jiliin 18% yu gesen ug vee? 100 tugrug zeelvel 180 tugrug butsaaj ugnu. Yaj ajil yavujlj uildverlel erhleh vee.