ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин: ОХУ-ын эдийн засаг сэргэсэн
- 2017-10-26
- Дэлхий
- 0

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин олон улсын хөрөнгө оруулалтын тухай жил тутмын чуулга уулзалтад оролцож, үг хэллээ. “ОХУ-ын эдийн засаг зогсонги байдлаас гарч, сэргэн тогтворжиж байна. Оросын Эдийн засаг, хөгжлийн яамны бүртгэлээс үзвэл, 2017 оны эхний есөн сарын байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 1.8 хувьд хүрсэн. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн дөрвөн улирал дараалан өссөн бөгөөд автомашин, эм бэлдмэл, хими, хүнсний аж үйлдвэр, цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл хамгийн түргэн өсч, эдийн засгийн өсөлтийн чанар ч сайжирч байна” гэжээ. Оросын Гадаад худалдааны банкнаас зохион байгуулдаг олон улсын хөрөнгө оруулалтын жил тутмын чуулга уулзалт нь Оросын үнэт цаасны хөрөнгө оруулалт, стратегийн хөрөнгө оруулалтыг татах зорилготой юм. Чуулганы үеэр “Валютын нөөцийн сан, Хөгжлийн банк зэрэг эдийн засгийн хөгжлийн шинэ байгууллагууд нь улс орны эдийн засгийг сайхан ирээдүй рүү хөтөлж байна. Өнөөдөр инфляцийн төвшин Оросын түүхэнд тохиолдож байгаагүй бага буюу гурван хувьд хүрсэн. Орост ажилгүйдлийн төвшин буурч, улсын алтны болон валютын нөөц нэмэгдэж байна. Мөн газрын тос, байгалийн хийн бус орлогын эзлэх хувь хэмжээ ч өсч байгаа нь бидний хэрэгжүүлж буй макро эдийн засгийн зөв бодлогын үр дүн юм” гэж Оросын төрийн тэргүүн онцлон тэмдэглэжээ. Чуулга уулзалтад 60 гаруй улсын 2000 гаруй хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжийн эзэд, банк санхүү хөрөнгө оруулах салбарын мэргэжилтнүүд оролцжээ. Чуулга уулзалтын дараа нийтэлсэн тайланд 2017- 2035 онд Оросын эдийн засаг 3.7 хувиар өсч, 2021-2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүн жил бүр таван хувиар нэмэгдэнэ гэсэн таамаг дэвшүүлжээ. “Известия” сонины өнгөрсөн даваа гарагийн дугаарт “Оросын Шинжлэх ухааны академи 2035 он гэхэд нийт бүтээгдэхүүний бүтэц өөрчлөгдөнө гэсэн таамаг дэвшүүллээ. Хэрвээ нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус үйлчилгээнээс бүрдэж байгаа тохиолдолд үйлчилгээний хувь хэмжээ буурна. Ингэхдээ дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцэд шилдэг технологийн үйлдвэрлэлийн хэмжээ нэлээд өснө” гэж бичжээ. Харин барууны шинжээчид Оросын Шинжлэх ухааны академийн таамаглалд эргэлзэж буйгаа илэрхийллээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний хурдацтай өсөлтөд хүрэхийн тулд бүтцийн шинэтгэл хийж, газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам. долларт хүрэх хэрэгтэй гэж Нью-Йоркийн хөрөнгийн биржийн шинжээч үзжээ. Харин “Экономия” сэтгүүлд “Оросын экспортын орлогыг нийгмийн халамж үйлчилгээ болон тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэхэд зарцуулдаг. ОХУ-д орлогын зөрүүтэй иргэний ялгаа нь Орост 15 дахин их бол Франц, Германд таван хувьтай байна” гэжээ. “Оросын эдийн засаг уналтаас гарч, энэ жил өсөлтийн аядуу хурдац үзүүлж эхэллээ” гэж Дэлхийн банкны энэ сарын тайланд онцолсон байна. Олон улсын санхүү, эдийн засгийн томоохон байгууллага болох уг банкны урьдчилан тооцоолсноор, Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2017 онд 1.7 хувь, ирэх онд 1.8 хувиар өсөх төлөв ажиглагджээ. Бүтцийн шинэчлэл хийснээр 2035 он гэхэд Оросын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин өсөх магадлалтай гэж Оросын Стратегийн зөвлөлийн тэргүүн, Сангийн сайд асан Алексей Кудрин үзэж байна. Хэрвээ дорвитой өөрчлөлт гарахгүй бол тус орны эдийн засаг 2.5 хувиар өсч, 2035 онд одоогийн үзүүлэлтээс 50 хувиар нэмэгдэх ажээ.
Х.ЭРДЭНЭЗАЯА

Сэтгэгдэл (0)