Б.Чойжилсүрэн: Эдийн засгийн байдалтай харьцуулахад бондыг амжилттай босгосон
- 2017-10-27
- Эдийн засаг
- 0

Засгийн газраас олон улсын зах зээлд 650 сая ам.долларын бонд босгохоор болсон талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.ЧОЙЖИЛСҮРЭН мэдээлэл хийсэн юм.
Энэ үеэр дараах асуултад хариулт авлаа.
-Шинээр гаргаж буй бондын талаар мэдээлэл өгнө үү. Бонд гаргаснаар өрийг өрөөр дарж байна гэж ойлгож болох уу?
-Засгийн газар шинэ бонд босгохоор ажиллаж байсан. Энэ нь манай Засгийн газрын хамгийн сүүлчийн бонд. Би гэрээ, хэлэлцээрийг нь эхлүүлж, гарын үсэг зурсан юм. “Чингис” бонд жилийн 4.125 хувийн хүүтэй байсан. Харин шинээр гаргаж буй бондын хүү 5.625 хувь буюу 1.5 хувиар өндөр байна. Гэхдээ эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг дүгнээд үзэхэд харьцангуй амжилттай босгосон бонд гэж хэлж болно. Өнгөрсөн оны долоодугаар сард босгосон “Мазаалай” бонд гэхэд ойролцоогоор 10.9 хувийн хүүтэй байсан. 15 сарын хугацаанд Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасны хүү 10.9-5.6 болж буурч байгаа. Хэрвээ Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцролгүйгээр ажлаа үргэлжлүүлсэн бол 2018 оны хоёрдугаар хагас гэхэд Засгийн газрын гадаад үнэт цаасны хүү жилийн дөрөв орчим хувиар буурч, 2019 оны төгсгөл гэхэд 3.2 хувь болгох төлөвлөгөө боловсруулж байсан юм. Уг төлөвлөгөөг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд баталсан УИХ-ын 71 дүгээр тогтоолоор “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болгож батлуулсан. Хөтөлбөрийн үндсэн суурь, тооцоо судалгаанд тулгуурлан дээрх төлөвлөгөөг боловсруулсан.
-“Чингис” болон “Дэм сам” бондын төлбөрийн талыг ч болов дотоодын эх үүсвэрээс төлөх боломж байсан гэсэн. Үлдсэн эх үүсвэр дээр нь бонд босгох асуудлыг ярьж байсан?
-Хэд хэдэн хувилбарыг ярьж байлаа. Бид 580 сая ам.долларыг өнгөрсөн хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 3-ны хооронд “Хуралдай” бонд гаргаж төлсөн. Сая гаргасан “Гэрэгэ” бондыг өнгөрсөн зургаадугаар сард гаргахаар төлөвлөж байсан ч Засгийн газар огцорсонтой холбоотойгоор саатсан. Харин өнгөрсөн сард шинэ Засгийн газрын тэргүүнд танилцуулаад, энэ сарын 16-наас эхлүүллээ.
-Төсвийн тодотголд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд 72.2 тэрбум төгрөг хуваарилахаар суулгасан нь Байнгын хороон дээр нэлээд шүүмжлэл дагуулсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юү?
-Монгол Улсын төсвийн орлого анх удаа нэг их наядаар давсан. Үүнээс 500 орчим сая ам.доллараар нэн тэргүүний тулгамдсан өр, төлбөр зэргийн санхүүжилтийг шийдвэрлэхээр болсон юм. Төсвийн тодотголд 498.6 тэрбум төгрөгөөр зарлага нэмэгдүүлэх дотор 72.5 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр суулгасан байлаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийгэмд үүсээд байгаа ядуурлыг шийдэхийн тулд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих ажлыг хэрэгжүүлж, “21:100” хөтөлбөрийг санхүүжүүлж, мөрийн хөтөлбөрөө биелүүлэх эхлэл болгосон юм. Жишээлбэл, дээрх мөнгийг 7200 өрхөд зээл хэлбэрээр олгосон тохиолдолд тухайн өрхүүд гурван жилийн дараа дунджаар 30 орчим сая төгрөгийн орлоготой болох байсан. 7200 өрх гэдэг нь 40 мянга орчим хүн гэсэн үг. Ингэснээр ядуурлын төвшинг бууруулах бодитой алхам болох байлаа.
-Сангийн шинэ сайд төсвийн орлого тасарсан гэж хэлж байсан. Гэтэл та нэг их наядаар давсан гэх хоёр эсрэг зүйл яриад байх юм?
-Төсвийн орлого нэг их наядаар давлаа. Төсвийн зарлагыг 2.7 их наядын алдагдалтай баталсан. Шинэ Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулах бололцоо байсан. Алдагдлыг бууруулахад тэтгэврийг 50 хувиар, төрийн албан хаагчийн цалинг бууруулах, бусад бүх төрлийн зардлыг 50-аас доошгүй хувиар танах байсан юм. ОУВС-гийн хөтөлбөрийн хэлэлцээр хийх үеэрээ төсвийн зардлыг огцом буулгавал төрийн үйлчилгээ явуулахад хүндрэл үүснэ. Ард иргэдийн амьдралд хүнд тусна гэж үзээд төсвийн алдагдлыг аажмаар бууруулъя гэсэн шийдэлд хүрсэн байдаг. Одоо бол Засгийн газар өндөр хүүтэй бонд авахгүй байгаа. Нэн хөнгөлөлттэй эх үүсвэрүүдээр төсвийн алдагдлыг бууруулж эхэлсэн.
-Та бүхний зах зээлд гаргахаар ажиллаж байгаа бондыг шинэ Засгийн газар хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Бид өөрсдийгөө сайн ажил хийсэн гэж магтахгүй. Гэхдээ олон түмэн үнэлгээ өгнө. Одоогоос 18 сарын өмнө Монгол Улсын Засгийн газрын бондын хүү 10.9 хувьтай байсан. Энэ өндөр хүүг 15 сарын дотор 5.6 хувь болгож буурууллаа. Яахав, 2012 онд эдийн засгийн нөхцөл байдал сайн байсан үетэй харьцуулахад өндөр байна. 4.1 хувьтай байсан бондыг 5.6 болгож сольж байгаа нь үнэн. Гэхдээ энэ бол одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд авч байгаа хамгийн бага хүүтэй бонд юм.
М.ЭНХЦЭЦЭГ

Сэтгэгдэл (0)