Д.Трамп: Б.Обама Уотергейтийн хэргийг шинээр эхлүүлсэн
- 2017-10-27
- Дэлхий
- 0

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп орчин үеийн Уотергейтийн дуулианыг Цагаан ордны өмнөх тэргүүн Барак Обамагийн захиргаа эхлүүлсэн хэмээн мэдэгдэв. Тодруулбал Д.Трамп “Харви” хар салхинд өртсөн Техас муж улсын сэргээн босголтын ажлаар талаар Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа “Б.Обама ураны худалдаа хийх нэрийн дор ОХУ-тай байгуулсан гэрээнийхээ дагуу их хэмжээний ам.доллар Москвагийн эрх баригчид руу шилжүүлсэн. Би энэ явдлыг Уотергейтийн хэргийн орчин үеийн хувилбар гэж үзэж байна” хэмээн хэлжээ. Дональд Трамп 2016 онд сонгуулийн кампанит ажлын үеэр “Ардчилсан намын Хиллари Клинтон төрийн дээд албан тушаал хашиж байхдаа ОХУ-ын талаас шууд бус хөрөнгө оруулалт авсан. Тухайлбал, Оросын төрийн мэдлийн “Росатом” корпораци болон “Uranium One” компаниас мөнгө авсан. Ялангуяа АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Америкийн уран 20 хувийг ОХУ-ын талд өгсөн” гэж Хиллари Клинтоныг буруутгаж байсан юм. Д.Трампын хэлснээр, Хиллари Клинтоны сонгуулийн штабын дарга “Uranium One” компанитай хийсэн хэлэлцээрийн үр дүнд 180 мянган ам.доллар халаасалсан байна. “Uranium One” нь уран олборлолтоор дэлхийд тэргүүлдэг томоохон компаниудын нэг юм. Тус компани нь Канад Улсад бүртгэлтэй бөгөөд Казахстан, АНУ, Австралид үндсэн хөрөнгөтэй ажээ. “Uranium One” компанийн бүх хувьцааг “Росатом” корпораци эзэмшдэг. Конгрессын Доод танхимын дарга Девин Нуньес Цагаан ордны өмнөх захиргааны байгуулсан ураны гэрээг хянан шалгах ажиллагааг эхлүүлснээ өнгөрсөн мягмар гарагт зарлалаа. Хиллари Клинтоны байр суурьт хүнд цохилт ирж буй талаар “Нью-Йорк таймс” сонин онцлов. Тус сонинд эх сурвалжийн мэдээг үндэслэн “Клинтоны сан нь АНУ-ын ураны уурхайнуудын 20 хувьд оролцох эрхийг “Росатом” корпорацид олгосон. Үүний зэрэгцээ Хиллари Клинтон төрийн алба хашиж байхдаа сангаараа дамжуулж гаднын Засгийн газруудаас хөрөнгө оруулалт авсан байж магадгүй. Хиллари 2009 онд Төрийн нарийн бичгийн дарга болсныхоо дараа гадаадын арав гаруй иргэн, компанид АНУ-ын төсвөөс 68 сая хүртлэх ам.доллар хандивласан байна. Улмаар Клинтон сангаа санхүүжүүлсэн” гэжээ. Энэхүү мэдэгдлийг Хиллари Клинтон эсэргүүцэн өнгөрсөн лхагва гарагт “Вашингтон пост” сонинд ярилцлага өгч “Энэ бол Д.Трампын гүтгэлэг” хэмээв. Уотергейтийн дуулиан хэмэн алдаршсан хэрэг 1970-аад онд АНУ-ын улс төрийн хүрээнийхэн дунд өрнөсөн юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр Вашингтон дахь Ардчилсан намын төв байранд чагнах төхөөрөмж байрлуулах гэсэн оролдлого 1972 онд гарчээ. Энэ хэргийг илрүүлж, шүүн тасалсан хэргийг Уотергейтийн хэрэг гэх бөгөөд хууль бус энэ хэргийг Холбооны мөрдөх товчооны Тусгай хороо шалгажээ. Уотергейтийн хэмээн нэрлэгдсэн энэ хэргийг мөрдөн шалгах үйл явц бүтэн хоёр жил үргэлжилсэн аж. АНУ-ын Дээд шүүх 1974 оны долоодугаар сард “Төрийн тэргүүн давуу эрх эдлэхгүй” гэсэн шийдвэр гаргаснаар Р.Никсон бичлэгтэй хальсыг шүүх байгууллагад өгсөн байна. Улмаар Р.Никсон өрсөлдөгчөө тагнаснаа хүлээн зөвшөөрч 1974 оны наймдугаар сарын 8-нд Төрийн тэргүүний албан тушаалаасаа огцорсон юм.
Х.ЭРДЭНЭЗАЯА

Сэтгэгдэл (0)