Е.Гордон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө
- 2017-11-01
- Дэлхий
- 0

Оросын дуучин Екатерина Гордон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлаж “Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдлээ. Би ганц бие эхчүүд болон хүүхдийн эрхийг хамгаалах болно” хэмээлээ. Екатерина сэтгүүлзүйн салбарт 10 гаруй жил ажилласан бөгөөд хуулийн фирмийн эрхлэгч юм байна. Түүний хуулийн фирм сүүлийн таван жилийн хугацаанд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад хүчин чармайлт гарган ажилладаг аж. Тэрбээр цахим хуудастаа “Хүний эрхийн төлөө тэмцэгч, яруу найрагч, дуучин, дуу зохиогч” гэж өөрийгөө тодорхойлсон байдаг. Оросын шоу ертөнцийн од, телевизийн хөтлөгч, сэтгүүлийн эрхлэгч бөгөөд сөрөг хүчний улстөрч Ксения Собчак мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд байгаа билээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2018 оны гуравдугаар сарын 18-нд болох юм. Сонгуульд нэр дэвшигчдийг албан ёсоор бүртгэх ажил ирэх сард эхэлнэ. Аль нэг намын гишүүн бус хүн бие даан нэр дэвшихийн тулд 300 мянган иргэний гарын үсэг цуглуулах журамтай ажээ.

Сэтгэгдэл (0)