Кан Ген Хва: THAAD систем нэмж байрлуулахгүй

 

БНСУ-ын Гадаад харилцааны сайд Кан Ген Хва парламентын хуралдаанд оролцож Өмнөд Солонгост THAAD систем нэмж байршуулах шаардлагагүйг онцлон тэмдэглэлээ. “Рёнхап” агентлагийн уламжилснаар Кан Ген Хва “АНУ- ын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системд оролцохгүй гэсэн байр сууриа өөрчлөөгүй бөгөөд THAAD систем нэмж байрлуулахгүй. БНСУ, АНУ, Япон улсын хамгаалалтын хамтын ажиллагааны гол зорилго нь БНАСАУ-ын цөмийн зэвсэг, пуужингийн заналхийллийг эсэргүүцэхэд чиглэснээс гурван талт цэргийн эвсэл биш. БНСУ, БНХАУ, АНУ-ын стратегийн ойлголцлын ач холбогдол буураагүй бөгөөд хүчин төгөлдөр юм” хэмээв.

БНСУ-ын Засгийн газар пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах АНУ-ын системд элсэн орохгүй гэсэн байр сууриа өөрчлөөгүй” хэмээн дурджээ. Кан Ген Хва Гадаад хэргийн сайдын албан тушаалд томилогдсон даруйдаа Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдэхийн тулд хориг арга хэмжээ, шахалт, яриа хэлэлцээний замаар төрөл бүрийн арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Хэрвээ Умард Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзана гэдгээ маш тодорхой илэрхийлбэл яриа хэлэлцээрийн ширээний ард сууж болох юм гэдгээ Кан Ген Хва илэрхийлжээ.

Умард Солонгосын пуужингийн довтолгооноос хамгаалах зорилгоор Өмнөд Солонгост суурилуулсан АНУ- ын THAAD (Terminal High Altitude Area Defense) системийг энэ онд байрлуулсан билээ. Өмнөд Солонгосын эрх баригчид пуужингийн довтолгооноос хамгаалах энэ системийг нутаг дэвсгэртээ байрлуулах ажиллагааг үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байсан юм. Энэ тухай Өмнөд Солонгосын “Korea Herald” сонинд “ТHAAD системийн дөрвөн пуужин харвах төхөөрөмжийг Сенжу хотын ойролцоо нэмж байрлуулж магадгүй” хэмээн мэдээлж байв. Өмнөд Солонгосын Засгийн газар ТHAAD системийг байрлуулахыг Орос , Хятадын тал эсэргүүцэж байсан юм.

Энэ системийг байрлуулснаар, Хятадын Манжуур дахь цэргийн хүчний үйл ажиллагаанд ноцтой сөрөг нөлөөтэй гэж Бээжингийн тал мэдэгдэж байлаа. Тиймээс Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь Ин THAAD системийн талаар БНСУ-ын Гадаад харилцааны сайдын байр сууринд хариулт өгчээ. “Хятадын тал Өмнөд Солонгосын байр суурийг хүндэтгэж байна. БНСУ- ын тал холбогдох амлалтаа биелүүлж, тулгамдсан асуудлаа зүй зохистой зохицуулж, Хятад улстай харилцаагаа сэргээхийг хүсч байна” хэмээн Хуа Чүнь Ин сэтгүүлчдэд хандан хэллээ. “Синьхуа” агентлагийн дамжуулсан мэдээнд “ БНСУ- ын Гадаад харилцааны сайд Кан Ген Хва өнгөрсөн даваа гарагт парламентынхаа хуралдаанд оролцож, гишүүдийн асуултад хариуллаа. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И "Өмнөд Солонгост пуужингаас эсэргүүцэн хамгаалах Америкийн систем байрлуулах нь том асуудал. Хятад улс үүнийг эсэргүүцэж байна. ТHAAD системийн үйлчлэх хүрээ нь Солонгосын хойгоор хязгаарлагдахгүйг бүгд л ойлгож байгаа. Энэ систем Хятад улсад ч аюул заналхийлэл учруулна.

Манай түнш алдаагаа ойлгож, шийдвэрээ эргэн харах байх гэж бид найдаж байна. Нөхцөл байдлыг хурцатгалгүйгээр найрамдал, энх тайвны төлөө хүчин чармайлт гаргана гэж итгэж байна" хэмээн мэдэгджээ. Харин Цагаан ордны засаг захиргааны төлөөлөгчийн мэдээлснээр, зенитийн пуужингийн цогцолбор болох THAAD системийг БНСУ-д нэмж байрлуулах эсэх нь ерөнхийлөгч Мүн Жэ Инээс хамаарна гэв. Газарт байрлах THAAD систем нь баллистик пуужингийн толгой хэсгийг байнд ойртон ирэх үед нь илрүүлэн устгах зориулалттай аж. Энэхүү системийг ойрын зайн болон стратегийн баллистик пуужингийн довтолгооноос АНУ- ын холбоотнуудыг хамгаалахад ашигладаг байна.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)