АНУ цагаачдад тавих хяналтаа чангатгана

Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт ачааны автомашинтай этгээд унадаг дугуйн зам руу орж найман хүнийг дайрч хөнөөн, 11 хүнийг гэмтээсэн хэрэг өнгөрсөн мягмар гарагт болсон. Халдлагыг АНУ-ын засаг захиргаа “Терроризмын шинж чанартай” гэж дүгнэсэн байна. Энэ нь есдүгээр сарын 11- ний аймшигт үйл явдлаас хойш тус хотод болсон хамгийн том террорист халдлага болж байна. Уг халдлагыг АНУ-д 2010 онд цагаачилсан 29 настай Сайфулло Хабибулаевич Сайпов гэгч үйлджээ. “Сайфулло Хабибулаевич Сайпов нь узбек гаралтай бөгөөд Нью-Жэрсийн “Убер” такси компанид зургаан сар ажилласан юм байна. Гэмт этгээд Манхэттенд халдлага үйлдсэнийхээ дараа хуурамч галт зэвсэг гаргаж ирэхийг завдсан бөгөөд цагдаа нар хэвлий хэсэгт нь буудан шархдуулжээ. Сайфулло Сайпов хагалгаанд орж амьд үлдсэн” гэж NBC телевиз мэдээллээ. Узбекистаны Ерөнхийлөгч өнгөрсөн лхагва гарагт эмгэнэл илэрхийлж, Цагаан ордны захиргаанд ил захидал илгээж, халдлагыг мөрдөн шалгах ажилд бүхий л нөөц боломжоороо туслахаа илэрхийлжээ. Сэжигтэн машинаасаа буусныхаа дараа арабаар “Аллах акбар” буюу “Аллах бол аугаа” хэмээн хашгирсан ба “Исламын улс” хэт даврагч бүлэглэлийн нэрийн өмнөөс халдлага үйлдсэн гэж АНУ- ын эх сурвалжууд мэдээлж байна. Нью-Йоркийн өмнөд тойргийн прокурорын үүрэг гүйцэтгэгч Жун Ким АНУ-ын Засаг захиргаа гэмт этгээдэд бүх насаар нь хорих эсвэл цаазаар авах ял оноож магадгүй гэжээ.

ТАСС агентлагийн уламжилснаар, Сайпов АНУ-д ногоон картаар ирсэн бөгөөд өнгөрсөн сарын 22-нд ачааны автомашин түрээслэсэн аж. Түүнийг террорист ажиллагаа үйлдэхээр сургуулилт хийж байсан тухай эх сурвалжид онцолжээ. Тэрбээр гэмт хэрэг үйлдэхээр хоёр сарын өмнөөс төлөвлөснийг Жун Ким дурдсан байна. Сайпов жуулчин олноор цугладаг Бруклиний гүүр дагуух автозамыг зорилготой сонгосон бөгөөд машиндаа “Исламын улс” бүлэглэлийн далбааг авч явжээ. Гэмт этгээд Халловений баярыг тохиолдуулж олон хүн бүрэлгэх зорилгоор аравдугаар сарын 31- ний өдрийг сонгон авчээ. Халдлагын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийж цагаачдад тавих хяналтаа чангатгахыг Дотоодын аюулгүй байдлын яамандаа үүрэг болгожээ. Ерөнхийлөгч Дональд Трамп халдлага үйлдсэн этгээдийг эрүүл бус “амьтан” хэмээн тодорхойлоод “Исламын улс” бүлэглэлийн гишүүн АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх боломжийг хязгаарлахаа амлалаа. “Амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлье.

АНУ-ыг уй гашуу дахин нөмөрлөө. Ногоон картаар АНУ-д жилд 50 мянган цагаач хөл тавьж байна. Сайпов бол тэдний нэг. Бид цагаачлалын бодлогоо чангатгах шаардлагатай болжээ. Ялангуяа ногоон карт хэмээх сугалааг дахин явуулахгүй. Гэмт этгээдийг АНУ-ын хуулийн дагуу шийтгэх болно” хэмээн мэдэгджээ. Манхэттений халдлагад өртөн амиа алдсан найман хүний тав нь Аргентины иргэн байсан талаар “Америкийн дуу хоолой” радио мэдээллээ. Хохирогчид Аргентин улсын нийслэл Буэнос- Айрес хотоос холгүй байдаг Розарио хотод политехникийн ахлах сургууль хамт төгссөн нэг ангийн найзууд байв. Тэд ахлах сургуулиа төгсөөд 30 жил болсноо тэмдэглэн Нью- Йоркоор аялж байжээ. Мөн амь насаа алдсан хүмүүсийн дунд Бельги улсын иргэн байсан тухай эх сурвалжид дурджээ.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)