О.Сэргэлэн багштайгаа зэрэгцэн дэлхийн шилдэг мэс засалч боллоо
- 2017-11-03
- Эрүүл мэнд
- 4

Дэлхийн мэс засалчдыг нэгтгэж зангиддаг хамгийн том байгууллага бол American College of Surgeons юм. Уг байгууллагаас дэлхийн шилдэг таван мэс засалчийг жил бүр шалгаруулдаг билээ. Энэ жилийн хувьд 70 гаруй орны эрдэмтэн судлаачид нэр дэвшсэн бөгөөд шилдэг таван эрдэмтний нэгээр УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн шалгарч, мэс заслын чиглэлээр монгол хүн дэлхийд эн зэрэгцэж чадахуйц оюуны чадамжтайг батлан харууллаа. Тэрбээр нэр хүндтэй уг шагналыг гардан авсан бөгөөд өчигдөр эх орондоо ирсэн юм. Энэ үеэр УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж “Манай багийн эрхэм хүмүүн маань дэлхийн хэмжээний том шагнал хүртсэнд маш их баяртай байна. “Мэс засалчдын Америкийн коллеж”- оос жил бүр тодруулдаг энэхүү шагнал бол бидэндээ Нобель юм. Эмч хүн судлаач байх ёстой бөгөөд энэхүү ажлын чансаа нь импакт фактор өндөртэй олон улсын сэтгүүлд хэр олон хэвлэсэн, хэр олон эрдэмтэн энэхүү судалгааны бүтээлээс ишлэл авч ашиглаж вэ гэдэг нь бас нэгэн үзүүлэлт болдог. Мөн эзэмшсэн арга барил, мэдлэгээ бусдад түгээн, олон сайхан чадвартай эмч нарыг хэр хөгжүүлж байгаагаар нь, мөн шавь нарых нь эмнэлзүйн амжилтаар, гадаад орны ижил мэргэжилтнүүдтэй жишсэн харьцуулалтаар тус тус үнэлдэг. Алтан үеийн эрхэм багш нар болох профессор Пэлжээгийн Долгор, Батын Гоош, БНСУ-ын АСАН анагаах ухааны төвийн профессор Sung Gyu Lee нар шилдэг багш юм шүү гэдгийг батлан харуулж байна. Ажилдаа эзэн, мэргэжилдээ мэргэн байж мяндсан ухаан, торгон мэдрэмжээ хөгжүүлэн бүхий л сэтгэлээ зориулан ажиллавал дэлхийд бид үнэлэгддэг гэдгийг харж байна” хэмээлээ. Дэлхийн шилдэг таван эмчийн нэг, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС- ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АШУ-ы доктор профессор О.Сэргэлэн “Миний бие Эрүүл мэндийн салбарт 36 дахь жилдээ ажиллаж байна. Анх 1982 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн. Нэгдүгээр курсээсээ мэс заслын эмч болно гэсэн сэтгэл өвөрлөж гуравдугаар курсээсээ мэс засалд орж, төгсөхдөө бие даан өдөр болгон мэс засал хийдэг болсон. Энэ хүсэл мөрөөдөл маань үргэлжилсээр өнөөдрийн өндөрлөгт хүрсэндээ маш их баяртай байна. Багш нараараа, хамт олноороо маш их бахархаж, баярлаж байна. Хамгийн гайхалтай нь миний багш Ли болон профессорын багш Макучи профессортой зэрэгцэн уг шагналыг авах үед өөрөөрөө, Монгол Улсаараа, хамт олноороо бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа” хэмээв.
У.ОД

Сэтгэгдэл (4)
(43.228.129.161)
Ёстой зөв шүү яагаад ХӨДӨЛМӨРИЙН БААТАР эмч байж болохгүй гэж багш, бөх, дуучин нь хөдөлмөрийн баатар болоод байхад ийм алтан гартай эмч ХӨДӨЛМӨРИЙН БААТАР болж болно ш дээ бөх дэвжээнээс буугаад бараг шууд ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол маш хурдан олгож болоод байхад эмч яагаад одоо болтол энэ хүний хөдөлмөрийг үнэлэхгүй байна дөнгөж 1 гаруй өмнө арай л гэж гавьяат эмч цол олгосон энэ бол 30-иад жилийн хөдөлмөр шүү ,,,зохиолын таван дууг, нэг дэвжээд гарч ялалт байгуулахад 30-иод жил болдоггүй шүү дээ энэ хүн 30-иад жилийн хөдөлмөрөө энхийн манаанд зориулсан байхад, бөх ерөнхийлөгч гуай нэг юм бодсон нь дээр байхаа спортоос дор үнэлж болохгүй шүү ард түмэн өөрийг чинь харж байгаа шүү бүү март,,,
Шагнах хэрэгтэй (103.57.95.174)
Дэлхийд тэргүүлэх 5 эмчийн нэг энэ эмчинд засаг төр минь хайр хишгээ хүртээвэл яасан юм.Баахан бөхчүүд, дуучдаа яасан ч их шагнаж овойлгож оцойлгодог юм.Хүний амийг аюулт өвчнөөс аварна гэдэг тэр хэдэн бөхчүүд, дуучдаас ч илүү дээ.Тэгээд бүр дэлхийн 5 эмч нарын нэг шүү.Хөдөлмөрийн баатар цолийг шууд олгох хэрэгтэй.Бөхчин ерөнхийлөгч минь, та бас нам зам харгалзах юм уу эсвэл нөгөө ЗИ ерөнхийлөгч нь мэдэх юм уу.
Энхтуяа (122.201.21.130)
Сэргэлэн багшдаа баяр хүргэж, улам их амжилт хүсье. үнэхээр чадварлаг чавдартай мундаг эмч шүү, үргэлж танаараа бахархдаг шүү.
Энхтунгалаг (43.228.129.161)
Сэргэлэн эмчийн талаар сэтгэгдэлээ дахин бичмээр санагдлаа энэ эмч үнэхээр л алтан гартай эмч шүү миний өвгөн энэ эмчээр хагалгаа хийлгээд Хятад очиж хими эмчилгээ хийлгэхээр очиход үзсэн эмч бүхэн ямар эмчилгээр энэ хагалгаа хийлгэсэн бэ монголчууд ингэж хагалгаа хийж чаддаг байсан юм уу... бидний өмнөөс эмчдээ. талархалаа илэрхийлээрэй, маш чадварлаг өөртөө итгэлтэй, дэлхийн түвшинд хагалгаа сайн хийсэн учраас бид хими эмчилгээ хийлээ гэж хэлж байсан Сэргэлэн эмчийн буянаар миний өвгөн 2 жил гаруй амьдарч бурханы оронд 2017-04-20-ны өдөр заларсан.Үлдсэн ээж нь хань үр хүүхэд ах дүү нар Сэргэлэн эмчид тийм хүнд үед гараа сунгаж амь дүйсэн хагалгааг 9 цаг орчим хийж 20-иод хоног байнга эмчилж байсанд нь баярладаг шүү нэр төрөө бодоод хавдар нь задарч 3-р эмнэлэг цус тогтоох хагалгаа хийлгэсэн хүнд/4-р үеийн элэгний өмөн/ эмчийн өгөөмөр сэтгэлээр хагалгаа хийж бидэнд амьдрал хайрлаж байсанд чин сэтгэлээсээ талархаж байна энэ хугацаанд бидэнд элэг бүтэн амьдрал хайрласан алтан гартай эмчдээ чадварлаг, ухаалаг, өгөөмөр сэтгэлтэй энгийн даруухан, амьдралыг зоосны нүхээр бус өгөөмөр сэтгэлээр хандсанд чин сэтгэлээсээ талархаж таны төлөө залбирч явдаг гэдгээ хэлье элэг шилжүүлэх багийн хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж талархаж байна цаашдын ажил амьдралд чинь амжилт хүсээд монголын олон олон гэр бүлийг элэг бүтэн амьдруулах үйлс дэлгэрч яваасай гэж хэлье дээ чин сэтгэлээсээ баярлалаа аз жаргал эрүүл энхийг та нартаа хүсье баярлалаа гэдэг үг дэндүү бага жижигхэн юмаа,,,