Бин Ладентай холбоотой баримтыг дэлгэнэ
- 2017-11-03
- Дэлхий
- 0

АНУ-ын Тагнуулын төв газар “Аль Кайда” зэвсэгт бүлгийн удирдагч агсан Осама Бин Ладентай холбоотой 470 мянган баримтыг олон нийтэд дэлгэхээр боллоо. Эдгээр баримтад Бин Ладеныг баривчлах цэргийн ажиллагааны тухай болон “Аль Кайда” бүлэглэлтэй холбоотой нууц материалууд багтжээ. Тагнуулын төв газрын дарга Майк Помпео “Осама Бин Ладентай холбоотой нууц баримтуудыг дэлгэснээр АНУ- ын иргэд дэлхийд зартай террорист байгууллагуудын дотоод зарчим болон үйлдэх халдлагаа хэрхэн төлөвлөдгийг мэдэж авах боломжтой” хэмээн мэдэгджээ. Мөн олон нийт АНУ- ын Засгийн газар “Аль Кайда” бүлэглэлийг хэрхэн буулган авч Бин Ладеныг баривчилсан цэргийн ажиллагааны талаар үнэн мэдээлэл авах боломж бүрдэх юм. Вашингтон дахь АНУ- ын Тагнуулын төв газар “Аль Кайда” зэвсэгт бүлэглэлтэй холбоотой зарим баримтыг 2015 оны тавдугаар сард нээлттэй болгосон байна. Харин энэ удаад дэлгэх баримтуудаас Бин Ладены эрхлэн хэвлүүлсэн хувийн сэтгүүл хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татжээ.
Энэхүү сэтгүүлд “Аль Кайда” бүлэглэлийн боломж, ээлжит төлөвлөгөөнүүдийн талаар бичсэн аж. Түүнчлэн Бин Ладены гэр бүлийн гэрэл зургууд, Иран улстай хэрхэн холбогдож байсан талаарх баримтыг хавсаргажээ. Цагаан ордны тэргүүн Дональд Трамп АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч агсан Жон.Ф.Кеннедийн аллагын тухай баримт материалуудыг ил болгохоо зарласан юм.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)