Х.Ууганбаяр: Бид давтагдашгүйн араас хөөцөлдөж яваа эрэлчид
- 2017-11-05
- Энтертайнмент
- 0

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Х.УУГАНБАЯРТАЙ ярилцлаа.
Тэрбээр “Зоригдлын орон” үзэсгэлэнгээ “Улаан гэр” арт галерейд өнгөрсөн долоо хоногт дэлгэсэн юм.
-Юуны өмнө “Зоригдлын орон” үзэсгэлэнгээ толилуулж буйд баяр хүргэе. Үзэсгэлэнгийн нэр өвөрмөц санагдлаа, ямар учиртай вэ?
-Энэ үзэсгэлэн тодорхой нэг сэдвийн хүрээнд гэхээсээ хувь уран бүтээлчийн сэтгэлгээнд гарсан өөрчлөлт, түүний чиг хандлагын илэрхийлэл болсон гэж бодож байна. Орчин үед урлагийн чиг хандлага сэдэв, агуулга, өнгө дүрс, материал сонголт гэх мэтчилэн асар чөлөөтэй болсныг бид мэднэ. Гэвч уран бүтээлч миний хувьд сүүлийн үед цаг хугацаа, юмс үзэгдэл, үзэл бодлын задаргаа нь ойлгомжтой бас ойлгомжгүй санагдах болсон. Ойлгомжтой гэдэг нь миний явцуу мэдлэгийн хүрээнд тайлбарлагдах биз. Ойлгомжгүй гэдгийг тайлбарлавал, тэдгээрийн шалтгаан нөхцөл, ач холбогдол нь зөвхөн хувь уран бүтээлчийн сэтгэл зүйд хамрагдах сэдэв байх. Хэрэв өөрөөр тайлбарлах ёстой бол тэр нь уран бүтээлийнхээ эсрэг байр суурьт хүрч, дотоод зөрчил үүсэх учиртай гэж би сэтгэнэ. Миний өмнөх бүтээлүүдэд үлгэр домог, зөн совин, байгаль амьтан давамгайлах чанартай байснаар энэ удаагийн үзэсгэлэнгийн үндэс нь бүрэлджээ гэж ойлгож болно. Миний ур чадвар, мэдлэг зэрэг нь шүтээн урлагийг бүтээхэд үл тэнцэх боловч оюун сэтгэлийн угаас дүрс утгасын билгээр өөрийн санаж сэрсэн өчүүхэн мэдэх чинээгээр илэрхийлэхийг хичээлээ. Бүтээх үйл явц бясалгалын жинхэнэ мөн чанартай зарим талаараа үл нийцэх ч юмсыг шинжлэн судлах тал дээр нийцдэг. Өөрөөр хэлбэл, бүтээж буй зургийн шалтгаан, нөхцөл, агуулга, хэлбэр, өнгө зэргийг боловсруулахад шинжлэх бясалгалын мөн чанартай адилтгаж болохоор юм. Харин гүйцэтгэн зурах үйл явц маань тогтоол бясалгалын арга барилуудтай олон талаараа зохицдог. Үзэсгэлэнд дэлгэж буй бүтээлүүд минь бүхэлдээ Буддын гүн ухаанд хамаарагдаж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Гэвч итгэл үнэмшил минь тэр зүгт хандсан, суурилсан гэдэгт гүнээ итгэнэ. Нөгөө талаас зураач болгон өөрийн ертөнцийг бүтээж болох, түүнийгээ бусдад толилуулах боломж сэлтэд дулдуйдсан болно.
-Та багаасаа л зураг зурдаг хүүхэд байв уу. Уран зурагтай амьдралаа холбосон түүхээсээ хуваалцвал?
-Хүн болгон багадаа зураг зурдаг. Энэ нь ертөнцийг таних гэсэн нэг оролдлого юм. Би ч бусдын адил ертөнцийг таних гэж зурж эхэлсэн. Гол нь, ээж маань намайг их дэмждэг, урамшуулдаг байсан нь цаашдаа зураач болох хувь заяанд учруулсан гэж боддог.
-Зарим уран бүтээлч өөрийнх нь бүтээлийг бусад хүн ойлгох эсэхийг чухалчилдаггүй. Таны хувьд зураг, хайчилбаруудаа хэнд зориулан урладаг вэ?
-Мэдээж хэрэг, бусдын сэтгэл санаанд тохируулан бүтээл туурвина гэдэг урлагийн мөн чанартай тэрсэлддэг. Гэвч би зөвхөн өөртөө зориулж эсвэл бусдаас ангид байхын тулд уран бүтээл хийдэг гэвэл бас л үнэнд нийцэхгүй. Миний хувьд уран бүтээлийн замд орсон цагаас эхлээд энэ зөрчлийн дунд нь явсан. Урлаг маань зогсолтгүй хувирах үйл явцын тэмдэглэл хөтлөлт байдаг. Амьдралын олон үзэгдлийн нэгэн хэсэг алдаа оноон дээр л бүх зүйл урагшилдаг хойно амьдралаас ургаж гарсан тэр мэдрэмжүүдээ бусадтай хуваалцаж буй явдал байх. Харин түүнийг нь ойлгож хүлээж авах нэгэн байхад үл ойлгох, бүр эсэргүүцэх нэгэн ч байдаг. Тэгэхээр ойлгуулах, ойлгох тухайд бол харьцангуй хэмжүүр байх. Зарим тохиолдолд өөрөө ч учрыг нь дөнгөн данган мэдрэх төдий бүтээл эхлүүлж, яваандаа түүнийгээ ухаарч бясалгаж учрыг нь олдог. Тэгэхээр ер нь сэтгэлзүйн хувьд дотогшоо ургаж байгаа хэрэг болов уу. Мөн чанар нь тэр олонлог, тэр давтагдашгүй бас баригдашгүй, гэхдээ ерөнхий нэг тайлбар нь хүн төрөлхтний өмнө шинэ ертөнцийг нээж, цааш хөгжих боломжуудыг нээж байдаг. Бурхны шашинд таван мэдрэхүйн тухай ойлголт байдаг. Үүнтэй ч бас холбоотой учиг бий. Ер нь асуулт болгонд яв цав хариулт гэж байдаггүй. Энэ нь эргээд үнэний тухай ойлголтод тулж очдог учраас тэр.
- Таны бүтээлийг судлаач, шүүмжлэгчид хэрхэн үнэлж дүгнэж байна. Зарим хүн урлагийн бүхий л салбарт шүүмж дутагдаж буй тухай ярьдаг. Дүрслэх урлагт шүүмж ер хэрхэн хөгжиж байна вэ?
-Монголд судлаач, шүүмжлэгч цөөн байдаг. Миний хувьд судалгаанд хамрагдсан эсэхээ мэдэхгүй байна. Бүтээлийн минь талаар дуугарсан хүн байхгүй. Зарим талаараа урлагийн шүүмж маш эмзэг зүйл. Нэг үгээр хэлэхэд, уран бүтээлч хүнийг өөрөөс нь илүү хэн ч мэдэрч ойлгож чадахгүй. Тиймээс түүний бүтээлийг мэдэрч шүүмжилнэ гэдэг хэцүү. Тийм ч учраас цөөн байдаг биз. Орчин үед шүүмж нь урлагийн менежментийн тухай том ойлголт болсон. Явж явж энэ нь бизнестэй холбогддог. Би энэ тухайд их зүйл яримааргүй байна.

-Уран бүтээлч хүн ямар нэгэн урсгал чиглэлд баригдах нь зөв үү?
-Урсгал чиглэлийн хувьд уран бүтээлч ямар нэг арга барилыг хөгжүүлэх хэрэгтэй. Өөрийн бүтээлээ бусдад ойлгомжтой, хүчтэй илэрхийлэхийн тулд арга барил чухал.
-Дүрслэх урлагийн салбар сонин жигтэй урсгал чиглэлээр баяжиж байна. Сүүлийн үед манай уран бүтээлчид инстоляц, поп болон видео арт, перформанс зэрэг төрөлд хүч үзэх болсон. Уран бүтээлч хүний хувьд та үүнийг хэрхэн дүгнэх вэ?
-Одоо цагт л үйлдэж байвал тэр нэн шинэ үеийн бүтээл мөн гэж боддог. Монгол зургийн арга байна уу, видео болон өрөг урлаг ч бай энэ цаг үедээ бүтээгдэж буй болохоор контемпорари урлаг гэж бодож байна. Би урлаг судлаач биш болохоор муйхарлаж байж ч болох шүү. Гэхдээ уран бүтээлч санаагаа илэрхийлэх хамгийн энгийн ойрхон үр дүнтэй арга бол будаг, бийр гэж бат итгэдэг. Энэ бол миний л бодол.
-Зураач хүний ажлын онцлог юу вэ. Эерэг болон бэрхшээлтэй талууд нь юу бол?
-Зураач хүний бэрхшээл гэж тусдаа зүйл байхгүй. Хүн болгонд л зовлон, жаргал бий шүү дээ. Харин зураач байхын сайн сайхан тал нь олон. Уран бүтээлээ туурвих явцдаа түүндээ шимтдэг. Хийж буй зүйлдээ итгээд түүндээ урамшдаг. Эсвэл эрэл хайгуул хийж шаналаад явж байдаг. Энэ мэт ахуйгаас тасрах, холдох агшин олон. Хүн болгоны мэдэрч үл чадах олон хэмжээст ертөнцөд амьдардаг гэж хэлж болно. Үүгээрээ бусдаас баян байдаг. Бэрхшээл гэвэл энэ бүхэндээ төлөөс төлнө. Бусдын адил, гэхдээ хэд нугалж төлөх үе ч байдаг.
-Та илүү нээлттэй эсвэл дотогшоо хүн үү. Энэ нь уран бүтээлд тань хэрхэн нөлөөлдөг вэ?
-Би нээлттэй хүн. Үзэсгэлэнгээ нээж байна гэдэг сэтгэлээ нээж буй хэрэг. Гэхдээ бас хаалттай. Өөрийгөө сайтар нээхийн тулд эхлээд сайн хаагдах хэрэгтэй гэж боддог.
-Таны бусад зураачдаас ялгарах гол онцлог юу вэ?
-Бусдаас юугаараа онцгой гэдгээ мэдэхгүй юм. Уран бүтээлчид бусдаасаа үргэлж зугтаж байдаг. Юу гэсэн үг вэ гэвэл, хэн нэгэнтэй адилхан байх нь өөрийгөө үгүйсгэхтэй адилхан гэж бүтээлчид боддог. Энэ нь уран бүтээлчдийн бусдаас онцгойрох нэг чанар байх. Түүнээс биш би ийм юмаараа бусдаас онцлог гэж хэлэх нь чухал биш. Биелэгдэшгүй даалгавар гэдэг шиг уран бүтээлчид давтагдашгүйн араас хөөцөлдөж яваа хүмүүс.

-Монгол уран зургийн уламжлалаас тань хүртсэн хамгийн үнэ цэнэтэй, чухал зүйл юу вэ?
-Монгол зураг бол гайхамшиг. Тэр дундаа шүтээн урлагийг биширч хүндэлж явдаг. Бурхны шашинтай улс орнуудын дундаас хамгийн дээд хэмжээнд шүтээн урлагийг хөгжүүлсэн орон бол Монгол гэж боддог. Тэр дундаа Өндөр гэгээн Занабазар бол бидний хамгийн том бахархал. Миний хувьд яг монгол зургийн мэргэжил эзэмшээгүй, монументаль зургийн хүн л дээ. Гэвч мухар сүсэгтэн гэдэг шиг л байна. Энэ ертөнцөөс нь хангалттай их зүйл сурч явна даа.
-Та ямар өнгөнд дуртай вэ. Дуртай өнгөө бүтээлүүддээ хэр их ашигладаг бол?
-Яг тэр өнгөнд дуртай гэж хэлэхэд хэцүү юм. Нэг хэсэг бордуу бараан өнгөнд дуртай байсан. Яваандаа ууссаар дараагийн өнгөнд өөрийн мэдэлгүй орчихдог. Яг тэр гэхээсээ илүү намрын өнгөнд л илүү дуртай. Гэхдээ өнгө бол хуурамч. Гэлээ гээд үзэн ядаж буй хэрэг биш. Хувирдаг шинжтэй л гэж хэлэх гэсэн юм.
-Монголын зураачид дэлхийд хэрхэн үнэлэгдэж байна вэ. Тэдний дэлхийн зах зээлд гарах боломж хэр бол?
-Монгол зураачид дэлхийд танигдаж эхэлж байгаа гэж боддог. Олон уран бүтээлч гаднын нэр хүндтэй үзэсгэлэнд амжилт гаргаж байна. Бүтээлүүд нь Европ, Ази, Америкт өндрөөр үнэлэгдэж байгааг хараад бахархдаг. Зах зээлийнх нь хувьд би мэддэг хүн биш л дээ. Ямар ч байсан сайн мэдээ их дуулдаж байгаа шүү.
-Уран бүтээлч хүний сэтгэл нэг талаас маш эмзэг байдаг. Өнөөгийн нийгмийн үзэгдлүүдээс ямар зүйл таны сэтгэлийг хамгийн ихээр зовоож байна вэ?
-Нийгмийн үзэгдлүүдээс сэтгэл зовоох зүйл их л байна. Заримдаа үүний гол буруутан нь бид өөрсдөө гэж боддог. Бид үүнийг өөрөөсөө эхэлж өөрчлөхгүй юм бол хэчнээн буруушааж санаа зовж шаналаад нэмэргүй. Хамгийн их айж буй зүйл нь бид өөрийгөө танихаа больсон. Түүнийгээ хэзээ ч танихгүй мартах вий гэхээс айж байна. Үнэнтэй нүүр тулах хэцүү. Гэхдээ хүлээн зөвшөөрөх хүртэл шүү. Түүний дараа аз жаргал арай өөр амтагддаг гэдэгт итгэдэг.
-Бүхий л уран бүтээлчдийн зовлон, айдас нэг байдаг байх гэж боддог. Тэр нь өөрийгөө давтахгүй байх. Та өөрийгөө давтахгүйн тулд яадаг вэ?
-Ихэнх уран бүтээлч энэ тал дээр харин ч их мундаг гэж боддог. Нэг зурсан зургаа дахин дахин зураад байвал хэцүү. Гэхдээ зарим тохиолдолд элемент, өнгө давтагдах нь байдаг. Энэ нь тухайн бүтээлчийн ертөнц нөхцөл шалтгаанаас үүдсэн материаллаг сонголтууд байж болдог. Гэвч юу ч дахин давтагдашгүй шүү дээ. Өчигдрийн Ууганбаяр өчигдөртөө дуусдаг. Цаг хугацааг хэн ч буцааж чаддаггүй болохоор бүх зүйл хормын дараа л хуучирч эргэлддэг. Тэгэхээр энэ тал дээр санаа зовохгүй байна.
Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл (0)