Каталонийн удирдагчдыг баривчилж эхэллээ
- 2017-11-07
- Дэлхий
- 1

Испанийн үндэсний шүүхийн коллегиос Каталонийн засаг захиргаанд ажиллаж байсан найман хүнийг баривчлан хорих шийдвэр гаргажээ. Тухайлбал, Каталони мужийн орлогч даргаар ажиллаж байсан Ориол Жункерас тэргүүтэй долоон улстөрчийг баривчилсан байна. Испанийн Прокурорын ерөнхий газраас Каталонийн нөлөө бүхий улстөрчдийг төсвийн хөрөнгө шамшигдуулсан, бослого хөдөлгөөнийг удирдан зохион байгуулж, ард иргэдийг турхирсан гэдэг үндэслэлээр буруутгажээ. Шүүхээс тэднийг гэм буруутай гэж тооцвол Испанийн хуулиар 30 хүртэлх жилийн хугацаагаар хорих ял оноох аж. Каталонийн засаг захиргааны тэргүүн асан Пучдемони Бельги улс руу дүрвэсэн бөгөөд Брюсселийн эрх баригчдаас улс төрийн орогнол хүсэхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр Испанийн Засгийн газар аюулгүй байдал, эрх чөлөөг нь боомилсон учраас Бельги улс руу зугтсан хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Гэхдээ Испанийн шүүх Каталонийн улстөрчидтэй холбоотой гэх хэргийг шударгаар шүүнэ гэсэн баталгаа өгвөл Засгийн газрын гишүүдийн хамт эх орондоо буцахаа илэрхийлсэн юм. “Каталонийн тусгаар тогтнолыг зарлах гэсэн тэдний хүчин чармайлт бүтэлгүйтсэнд дургүйцсэн каталоничууд ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулж магадгүй” хэмээн Испанийн Засгийн газар болгоомжилж байгаа аж. Мөн үймээн дэгдэхээс сэрэмжилж, өндөржүүлсэн байдал зарласан байна.
Б.Саруул

Сэтгэгдэл (1)
ИРГЭН (202.179.27.222)
МАНАЙ ТӨРИЙН ХУЛГАЙЧУУД УДАХГҮЙ ИНГЭЭД БАРИГДАЦГААЖ ЭХЛЭНЭ ДЭЭ.