Д.Трамп Өмнөд Солонгост айлчилж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгост хийх хоёр өдрийн айлчлалаа эхлүүлсэн тухай “Рёнхап” агентлаг мэдээллээ. Умард Солонгос дэлхийн түүхэн дэх хамгийн хүчтэй буюу зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийгээд удаагүй байгаа энэ үед АНУ-ын төрийн тэргүүн Өмнөд Солонгост айлчилж байна.

Д.ТРАМП АЙЛЧЛАЛАА ЦЭРГИЙН БААЗААС ЭХЭЛЖЭЭ

Цагаан ордны тэргүүний хөлөглөсөн нисэх онгоц Сөүл хотоос холгүй орших Америкийн агаарын цэргийн баазад газарджээ. Д.Трамп Өмнөд Солонгос дахь төрийн айлчлалаа “Хамфрис” цэргийн баазаас эхлүүлснийг ажиглагчид янз бүрээр тайлбарлаж байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэн Ин Америкийн цэргийн баазад урьдчилан мэдэгдэлгүйгээр очиж, Засгийн газрын гишүүдийн хамт Дональд Трампыг угтжээ. Хөх ордноос гаргасан мэдэгдэлд “АНУ- ын Ерөнхийлөгч Д.Трамп манай улсын урилгаар “Хамфрис”-ын цэргийн баазад зочилж байгаа учир Ерөнхийлөгч биечлэн очих хүсэлт гаргасан” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч хоёр улсын зэвсэгт хүчний төлөөлөгчидтэй үдийн зоог барьж, Солонгосын хойгийн одоогийн нөхцөл байдлын талаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авчээ. АНУ-ын Ерөнхийлөгч цэргүүдтэй уулзсаны дараа хийсэн мэдэгдэлдээ "БНАСАУ-ын асуудлаар олон талт шийдэлд хүрнэ" гэж мэдэгдсэн байна. Тэрбээр “Цөмийн хөтөлбөр, баллистик пуужингийн туршилтаа үргэлжлүүлсээр байгаа БНАСАУ-ын эсрэг цэргийн хүч ашиглахаас авахуулаад боломжит бүх хувилбарыг хэлэлцэхэд бэлэн” гэсэн байр суурьтай байгаа юм. Мүн Жэ Иний Д.Трампад барьсан “гэнэтийн бэлэг” нь АНУ болон Өмнөд Солонгосын харилцаа сүүлийн 60 жилийн хугацаанд ямар төвшинд хүрч бэхэжсэнийг илтгэн харууллаа гэж ажиглагчид дүгнэлээ.

СОЛОНГОСЫН ХОЙГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХӨХ ОРДОНД ХЭЛЭЛЦЭВ

Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт Хөх ордонд болсон юм. БНСУ, АНУ-ын төрийн тэргүүнүүд уулзалтын дараа хэвлэл мэдээллийнхэнд зориулан бага хурал хийжээ. Талууд уулзалтынхаа үеэр Умард Солонгосын цөмийн хөтөлбөр, хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа, улс төр, нийгэм, эдийн засгийн түншлэл болоод бусад анхаарал татсан сэдвээр хэлэлцсэн байна. Хамтарсан хэвлэлийн бага хурал дээр Дональд Трамп “Вашингтон Умард Солонгосын зүгээс ирэх цөмийн зэвсгийн дарамт шахалтыг зүгээр хараад суухгүй. Пхеньян олон улсын шахалт шаардлагыг хүлээн авч цөмийн зэвсгийн туршилт болон Солонгосын хойгийн нутаг дэвсгэр дээр пуужингийн туршилт явуулж буйгаа таслан зогсоох ёстой” хэмээн хатуу мэдэгдлээ.

Цагаан ордны тэргүүн энэ үеэр АНУ, Умард Солонгосын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн арга хэмжээ авах хүсэлтэйгээ дахин илэрхийлжээ. Д.Трампын мэдэгдсэнээр, Вашингтон Сөүлийн талууд Пхеньяны цөмийн амбицийг дарахын тулд бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн юм. Талууд Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдвэрлэхэд Хятад болон ОХУ-тай хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудал дээр Сөүл, Вашингтоны эрх баригчид нэгдмэл байр суурьтай болохоо цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн Мүн Жэ Ин, Д.Трамп нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ. Энэ тал дээр хоёр орны эрх баригчид харилцан итгэлцэл дээр тулгуурласан хамтын ажиллагааг эрхэмлэж буйгаа илэрхийлсэн байна.

СӨҮЛЧҮҮД АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ЭСЭРГҮҮЦЭН УГТЛАА

АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын эхний өдөр Дональд Трампыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал Сөүл хотын төвд болж таван мянга гаруй хүн оролцжээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, Д.Трампын Засгийн газраас Солонгосын хойгийн талаар баримталж буй бодлогыг БНСУ-ын иргэд эсэргүүцсэн байна.

Д.Трампыг эсэргүүцэн жагсагчид “Бид энхтайвныг хүсч байна”, “Дайныг эсэргүүцэж байна”, “Трампын орон зай хэрэггүй” гэсэн уриа лоозон барьжээ.Тэд Дональд Трампын Засгийн газрын Умард Солонгосын цөмийн амбицийн эсрэг баримталж буй дайсагналцсан бодлогыг эсэргүүцсэн хэмээн “Рёнхап” агентлаг уламжиллаа. Вашингтон Пхеньяны талууд харилцан өдөөн хатгалцаж, Солонгосын хойгийн нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэн дайн тулааны ирмэгт аваачсанд Өмнөд Солонгосын иргэд Д.Трампыг буруутгаж байгаа юм. Дональд Трамп Өмнөд Солонгос дахь айлчлалаа өнөөдөр өндөрлөж, Хятадын зүг хөлгийн жолоо заллаа.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)