Т.Үүрийнтуяа: “Миний бүтээл-25”-ыг Д.Болд найруулна
- 2017-11-08
- Энтертайнмент
- 0

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од уран бүтээл туурвиж эхэлснийхээ 25 жилийн ойд зориулж “Миний бүтээл-25” тоглолтоо энэ сарын 11-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Энэхүү тоглолтынх нь талаар “DoRe sound production”- ы зохион байгуулагч Т.ҮҮРИЙНТУЯАТАЙ ярилцлаа.
-Хөгжмийн зохиолч Т.Сэр-Од танай продакшнтай хамтран “Миний бүтээл-25” тоглолтоо дуунд дуртай монголчууддаа зориулан хүргэх гэж байна. Энэ нь өмнөх тоглолтуудаас юугаараа онцлог байх бол?
-Бид хөгжмийн зохиолч Т.Сэр- Одтой хамтран “DoRe sound production”- ыг үүсгэн байгуулсан. Энэ тоглолтоо хийхийн өмнө энд эгшиглэх дуунуудыг сонсогч олны дунд санал асуулга явуулж сонголтоо хийлээ. Тухайлбал, үзэгч, сонсогчдоос хамгийн олон санал авсан дуу “Миний бүтээл-25” тоглолтод эгшиглэхээр боллоо. Үүгээрээ энэ тоглолт онцлогтой болж байна. Мөн дууг бид зүгээр нэг “Тоглолтод дуулуулах уу” гэж санал асуулга явуулаагүй. Тухайлбал, Ч.Батцэнгэлийн дуулснаар олны хүртээл болсон “Хүүдээ” дууны шүлэг болон аялгууг Т.Сэр-Од хөгжмийн зохиолч одоогоос 17 жилийн өмнө БНХАУ-ын Шанхай хотын хөгжмийн сургуульд суралцаж байхдаа бичсэн байдаг. Энэ дууг хожим дуучин С.Жавхлан дахин сэргээж дуулсан. Энэ мэтчилэн дуулагдах дууныхаа түүхийг үзэгч, сонсогчдодоо дахин дэлгэсэн хэрэг.
-Хөгжмийн зохиолч уран сандаа хэчнээн дуутай вэ. Яг ямар дуунууд нь тоглолтод эгшиглэх вэ?
-Т.Сэр-Од хөгжмийн зохиолч 25 жилийн хугацаанд 600 гаруй дуу бүтээсэн байдаг. Түүнээс тоглолтод шилдэг 25 дууг дуулна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалангийн “Алтан цомог”-т багтсан “Зөвхөн чамдаа” болон “Санах тусам” дуу үзэгчдийн сонорыг мялаана. Мөн “Хайрын тэнгэр диваажин”, “Монголоо санасан сэтгэл” зэрэг дууг манай уран бүтээлчид тайзнаа амилуулна. 25 шилдэг дууг дуучид дуулахаас гадна тоглолтын тасалбарыг 25 мянган төгрөгөөр борлуулж байгаа.
-“Монголын үнэртэй салхи” дууг нийтийн дуучид тоглолтод зориулж шинэ хувилбараар дуулсан байсан. Үүнийг шинэчлэх санааг хэн гаргав?
-Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар энэхүү дууны үгийг тэрлэж, гавьяат жүжигчин С.Жавхлан дуулсан байдаг. Харин “Миний бүтээл-25” тоглолтод зориулж нийтийн дуучид хамтран дуулсан нь олон хүний сэтгэлд нийцэж байна. Энэ дууг нийтээр дуулах санааг хөгжмийн зохиолч Т.Сэр-Од өөрөө гаргасан. Ер нь энэхүү тоглолтыг нийтийн шилдэг дуучдын цугларалт гэж ойлгож болно.
-Тоглолтын тайз заслын шийдэл ямар байх вэ?
-Бид “B sound production”-тай хамтран ажиллаж байна. Тиймээс тоглолтыг Төрийн соёрхолт Д.Болд найруулж байгаа. Тэрбээр тайз засал, хөгжмийн дуугаралт гээд бүх зүйлийг шинэлэг шийдэлтэй болгохоо илэрхийлсэн. Мөн гавьяат жүжигчин, дуучин Д.Энхзул, У.Далантай, Ц.Төвшинтөгс, Б.Уянга нарын дуучдын ард бүжигчид бүжиглэнэ.
Б.ДААРИЙМАА

Сэтгэгдэл (0)