Д.Трамп бээжинд айлчилж байна
- 2017-11-09
- Дэлхий
- 0

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ- ын нийслэл Бээжин хотод хийх гурван өдрийн төрийн айлчлалаа өчигдөр эхлүүллээ. Д.Трамп АНУ-ын төрийн тэргүүн болсноосоо хойш Хятад улсад анх удаагаа айлчилж буй нь энэ юм. Тэрбээр Хятадын Коммунист намын XIX Их хурлаас хойш Хятад улсад айлчилж буй гадаад орны анхны төрийн тэргүүн болж байна. Цагаан ордны тэргүүн айлчлалынхаа хүрээнд Хятад улсын дарга Си Жиньпин болон бусад дээд албан тушаалтантай хэлэлцээр хийх юм. Хятад улсын Гадаад хэргийн дэд сайдын хэлснээр, Си Жиньпин болон Д.Трамп нар хоёр талын болоод олон улсын өргөн цар хүрээг хамарсан асуудлыг авч хэлэлцэх ажээ. Тэд 2017 он гарснаас хойш гурав дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Дональд Трампын энэхүү айлчлал нь хоёр улсын харилцааг тогтворжуулах эхлэлийг тавьж буйгаараа онцлог.
АНУ-аас Хятад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Терри Бранстад “Хятад улсын дарга Си Жиньпиний урилгаар Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 8-10-нд Бээжинд төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь хоёр орны түүхэнд ач холбогдолтой үйл явдал юм. Хоёр орны төрийн тэргүүн цаашдын хөгжил, харилцан сонирхож байгаа чухал асуудлаар санал солилцож, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ.
Мөн хоёр улсын тогтвортой хөгжлийн стратегийг боловсруулна. Си Жиньпин дарга, Ерөнхийлөгч Дональд Трамп нар хувийн болон албаны сайхан харилцаатай. Энэ нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой юм. Ерөнхийлөгч Дональд Трампын айлчлалын бүрэлдэхүүнд АНУ-ын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчид багтсан. Хоёр орны төрийн тэргүүн аж үйлдвэр, эрчим хүч зэрэг олон салбарын хамтын ажиллагааны гэрээ байгуулна” хэмээн сэтгүүлчдэд мэдээлжээ. Харин Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь Ин “Хятад АНУ-ын дипломат харилцааны шинэ эрин үе эхэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын айлчлалд манай улс ач холбогдол өгч байгаа. Бүс нутгийн аюулгүй байдал ээдрээтэй, Умард Солонгосын цөмийн хөтөлбөр эрчээ авсан үед Хятад, АНУ-ын төрийн тэргүүн Бээжинд уулзаж байна. Хоёр улсын удирдагчид Хамбургийн уулзалтаар тохиролцсон стратегийн түншлэлээ хөгжүүлэх арга замыг хэлэлцэнэ. Эрчим хүч, худалдаа зэрэг олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг шинэ төвшинд хөгжүүлнэ.
Улмаар Ази Номхон далайн бүс нутагт хоёр улс хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг нийтлэг зорилгоо болгосон. Мөн бүс нутгийн болон дэлхийн терроризмтай тэмцэх ажилд идэвхтэй оролцоно” хэмээн мэдэгдлээ. Өмнөд Хятадын тэнгист ноёрхлоо тогтоох гэсэн Хятад, АНУ-ын оролдлого хоёр улсын харилцаанд сэв суулгаад байсан юм. Тухайлбал, тус тэнгист АНУ-ын усан флот өнгөрсөн долоодугаар сард цэргийн сургуулилт хийснийг Бээжингийн эрх баригчид буруушаасан билээ. Мөн АНУ-ын энэ үйлдлийг улс төр болон цэргийн өдөөн хатгалга гэж үзэн байлдааны усан онгоцыг илгээж байсан юм. Хоёр улсын хооронд үүссэн энэ мэт улс төрийн зөрчлийг Д.Трампын айлчлалаар эцэслэхийг талууд эрмэлзэж байна. Барууны зарим ажиглагч АНУ-ын төрийн тэргүүний айлчлалын зорилго нь Бээжинг Пхеньяны эсрэг хатуу байр, суурь баримтлахыг шаардахад чиглэсэн гэж үзэж байна.
Х.ЭРДЭНЭЗАЯА

Сэтгэгдэл (0)