Б.Галаарид: Зохиолч гэдгээр л Ч.Лодойдамбыг харах нь өрөөсгөл хандлага юм
- 2017-11-11
- Үнэн
- 0

Монголын уран зохиолын нэрт төлөөлөгч, төр, нийгмийн зүтгэлтэн Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын комиссын нарийн бичгийн дарга, “Чадраабалын Лодойдамба” сангийн тэргүүн, МУСГЗ Б.ГАЛААРИДТАЙ ярилцлаа.
Энэ жил нэрт зохиолч Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Засгийн газраас тогтоол гарган тэмдэглэж буйн учир вэ?
-Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Засгийн газрын 36 дугаар тогтоол 2017 оны нэгдүгээр сард гарсан. Ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссыг УИХ, Засгийн газрын зарим гишүүд, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, БСШУСЯ, ШУА, Говь- Алтай аймгийн нутгийн зөвлөл, “Чадраабалын Лодойдамба” сан зэрэг олон талын төлөөлөлтэйгээр томилсон. Ч.Лодойдамба бол Монголын төмөр замын анхны машинист, МУИС-ийн анхны багш нарын нэг, Улсын радио хорооны орлогч дарга, жинхэнэ дарга, Суртал ухуулгын хэлтсийн шинжлэх ухаан, урлаг, утга зохиолын тасгийн эрхлэгч, Урлагийн хэрэг эрхлэх хорооны нэгдүгээр орлогч дарга, Соёлын яамны орлогч сайд зэрэг албыг хашиж байсан, 24 настайгаасаа Монголынхоо төлөө зүтгэсэн төр нийгмийн зүтгэлтэн хүн учраас онцгойлон анхаарсан. 52-хон наслахдаа ихэнхдээ 2-3 хариуцлагатай албыг төрийн даалгавраар давхар хашиж, хажуугаар нь сор болсон бүтээлүүдээ туурвиж байсан гайхалтай намтартай, үнэхээрийн ховорхон төрөх сод хүн.
-Ойтой холбоотой гол гол ажлууд юу байна?
-Өнгөрсөн есдүгээр сард зохиолчийн төрсөн нутаг Говь-Алтай аймагт “Алтайн бахархал-2017” утга соёлын томоохон арга хэмжээ зохион байгуулсан. Эрийн гурван наадам хийж, зохиолчийн төрсөн бууринд хүндэтгэл үзүүлж, аймаг даяараа Ч.Лодойдамбаар амьсгалсан энэ арга хэмжээ амжилттай болоход нутгаас сонгогдсон төрийн түшээ, УИХ-ын байнгын хорооны дарга Ш.Раднаасэд онцгой үүрэг гүйцэтгэснийг хэлмээр байна. Ховд, Говь-Алтай аймгуудын номын сан Ч.Лодойдамбын уран бүтээлийг сурталчилж, номын баяр зохион байгууллаа. Судлаач А.Жамбал их зохиолчийн амьдралыг олон талаас нь судалсан “Чадраабалын Лодойдамба – Соён гэгээрүүлэлтийн нэрт зүтгэлтэн” нэртэй маш чухал судалгааны ном хэвлүүллээ. Номзүйч В.Түвшинтогтох, О.Долгорсүрэн нар “Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын номзүй”-г олон улсын жишгээр анх удаа бэлтгэж хэвлүүллээ. Монголын Зохиолчдын Эвлэл, мөн зохиолч сэтгүүлч Л.Сэлэнгэмөрөн, А.Моломжамц нар их зохиолчийн ойд зориулсан номууд хэвлэлтэд бэлтгээд байна. МЗЭ-ийн захиалгаар МҮОНТ- ийн уран бүтээлчдийн бүтээж буй баримтат кино өндөрлөх шатандаа явж байна.
-Олон улсын эрдэм шинжилгээний хурал болох гэж байгаа. Хэр өргөн бүрэлдэхүүнтэй хурал болох бол?
-БСШУСЯ, ШУА, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, “Чадраабалын Лодойдамба” сан хамтран “ХХ зууны Монголын уран зохиолын үнэт зүйл ба Ч.Лодойдамба” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 10-ны өдөр хийх гэж байна. Төр засаг, гадаадын дипломат байгууллагуудын төлөөллөөс гадна Монгол, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ-ын эрдэмтэн судлаачид оролцсон томоохон хурал болно.Ч.Лодойдамба гуайг зууны манлай “Тунгалаг Тамир” роман, мөн орчин цагийн анхны роман “Алтайд”-ыг бичсэн, төрийн хошой шагналт зохиолч гэдгээр нь ард түмэн сайн мэднэ. Харин Монголын урлаг соёлын бодлогыг олон жил тодорхойлолцож явсан төр нийгмийн зүтгэлтэн гэдгийг нь орхигдуулсаар ирлээ. Монголын дуурь, драм, кино, орчин үеийн эстрад урлагийн хөгжил, урлаг соёлын боловсон хүчин бэлтгэх төрийн бодлогод Ч.Лодойдамбын оруулсан хувь нэмэр, анхдагч хийгээд санаачлагчийн гавьяа зүтгэлийгнь зүй ёсоор үнэлэх цаг болсон. МАХН-ын Төв хороонд шинжлэх ухаан, урлаг соёл, утга зохиол хариуцсан албыг олон жил хашиж, Соёлын яамны нэгдүгээр орлогч сайдаар насан эцэслэтлээ ажиллахдаа санаж сэдсэн, хийж бүтээснийг нь тодлож дурсмаар байна. Олон улсын эрдэм шинжилгээний хурал Ч.Лодойдамбыг зөвхөн зохиолч гэж хардаг өрөөсгөл хандлагыг өөрчилж чадна гэсэн хүлээлтбол байгаа. Хурлын үеэр Ч.Лодойдамбын номуудын анхны хэвлэлтүүд, мөн зохиолчийн амьдрал үйл ажиллагаатай холбоотой ховор сонин гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргана.
-Нэрт зохиолчийг маань шүтэн бишрэгч уншигчдын зүгээс санал санаачлагууд хэр гарч байна вэ?
-Аливаа арга хэмжээ хэр далайцтай, үр дүнтэй болох нь санхүүжилтээс ихээхэн хамаардаг. Монголын урлаг соёл, шинжлэх ухааны салбарын гол бодлогыг олон жил зангидалцаж байсан төр нийгмийн зүтгэлтнийх нь хувьд Монголын төр Ч.Лодойдамба гуайн 100 жилийн ойг ихэд анхаарч байна. Нэрт зохиолчийн ойг тэмдэглэх бэлтгэл ажилд УИХ- ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх- Амгалан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, яруу найрагч Х.Чилаажав, зохиолч М.Эрдэнэбат зэрэг хүмүүсийн зүтгэл их байсанд талархаж байна. Мөн Д.Ганбаатар тэргүүтэй Нутгийн зөвлөлийнхөн, Д.Ариунболд, Ч.Амарбаатар нарын Говь-Алтайн гаралтай бизнесменүүдийн дэмжлэгээр олон ажил бүтэж байна. Түүнээс гадна Ч.Лодойдамба бол нийт монголчуудын хайр хүндэтгэлийг татсан зохиолч учраас ойтой холбоотой тодорхой зүйл бүтээх санаачлагууд бол гарч байгаа. Зөвхөн Монголд ч биш, хилийн чинадад ч ийм ажил өрнөж байгаад баяртай байна. Жишээ нь, Дамбын Насан гэдэг өвөрмонгол залууЧ. Лодойдамба, түүний гэргий Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нарын хамтдаа сууж байгаа сайхан хайрын бэлгэдэл болсон хөшөө бүтээх санал гаргаж, “Тунгалаг Тамир” романыг шүтэн бишрэгч монгол туургатнуудын хандиваар их сайхан хөшөө бэлэн болсон. Нийслэлийн ИТХ уг хөшөөг байрлуулах газрыг шийдэж өгнө гэсэн. Говь-Алтай аймагт Ч.Лодойдамбын хөшөөг хандиваар босгох санаачлагыг “Шадар туслагч” ХХК- ийн захирал Ж.Дашдаваагаргаж, аймгийн удирдлагууд, нутгийн гаралтай бизнесменүүдийн дэмжлэгээр ажил нь ахицтай байгаа. Удахгүй нээлтээ хийх байх.
-Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойн үйл ажиллагаа хэзээ өндөрлөх вэ?
-Энэ оны төгсгөлөөр яруу найргийн их наадам “Болох цом- 2017”-г Ч.Лодойдамбын нэрэмжит болгон зохион байгуулна. Говь- Алтай аймаг ивээн тэтгэж, нутагтаа зохион байгуулахаар болсон. Үргэлжилсэн үгийн “Утгын чимэг” наадмыг ч бас нэрт зохиолчийн түүхт ойтой холбон тэмдэглэнэ. “Чадраабалын Лодойдамба” сан, үр хүүхдүүд нь 100 жилийн ойн хаалтын арга хэмжээг арванхоёрдугаар сард ёслол төгөлдөр хийхээр төлөвлөж байгаа.
У.Орхон

Сэтгэгдэл (0)