Д.Трамп тэрбум ам.долларын гэрээг үзэглэлээ

 Бээжин хотноо төрийн айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Хятад улсын дарга Си Жиньпин Ардын их хурлын ордонд өчигдөр хүлээн авч уулзлаа. Ёслолын арга хэмжээ хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлж, их буугаар 21 удаа буудсанаар эхэлжээ. Цагаан ордны тэргүүн Дональд Трампт Хятадын Ардын чөлөөлөх армийн хүндэт харуулууд хүндэтгэл үзүүлсэн байна. Ардын их хурлын ордонд болсон Хятад, АНУ-ын удирдагчдын уулзалтын талаар “Синьхуа” агентлаг мэдээлсэн юм. Уулзалтын үеэр Си Жиньпин “Энэ жил Хятад, АНУ-ын хооронд “Шанхайн албан мэдэгдэл”-ийг тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд Хятад Америкийн эдийн засаг, худалдааны харилцаа хөгжин бэхжиж байна. Хоёр орны ард түмэн олон салбарт хамтран ажиллаж эхэллээ. Манай хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж эхэлснийг онцлон тэмдэглэе” хэмээв. Хятад улс хөгжсөн орнуудын жагсаалтад асар богино хугацаанд дэвшин орсон бөгөөд АНУ-ын эдийн засгийн гол өрсөлдөгч юм. Бээжингийн эрх баригчид АНУ-тай эрчим хүч болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортоо тэлж худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлого баримталж байгаа билээ.

Энэ тухайгаа Си Жиньпин хоёр улсын бизнес эрхлэгчдийн хуралдаан дээр мэдэгдсэн юм. Хуралдаанд хоёр талын эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, зам тээврийн салбарын компаниуд оролцсон ба Д.Трамп, Си Жиньпин нар есөн тэрбум ам.долларын гэрээ байгуулсан байна. Хэлэлцээрт багтсан 20 орчим компанийн дунд АНУ-ын химийн аж үйлдвэрийн салбарт тэргүүлэгч "Dow Dupont", технологи, аж үйлдвэрийн "Honeywell International", эрчим хүчний "General Electric", агаарын тээврийн "Bell Helicopter" компани багтжээ. Түүнчлэн АНУ БНХАУ-тай 250 тэрбум ам.доллараар хэмжигдэх бизнесийн гэрээ хэлэлцээр хийж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна. АНУ-ын БНХАУ-тай хийх худалдааны алдагдлыг бууруулах асуудал Дональд Трамп, Си Жиньпиний хэлэлцэх гол асуудлуудын нэг байна гэж ажиглагчид онцоллоо. АНУ-ын гадаад худалдааны нийт алдагдал жилийн дүнгээр 370 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа бөгөөд үүний дотор БНХАУ-тай хийх худалдаа хамгийн их алдагдалтай байгаа ажээ. АНУ-ын Худалдааны сайд Уилбур Росс “Ерөнхийлөгч Дональд Трамп, Си Жиньпин нарын хэлэлцэх асуудлуудын төвд БНХАУ-тай хийх худалдааны тэнцвэрийн асуудал багтсан. Талууд хоёр улсын бизнесийн салбарт шударга, харилцан ашигтай харилцааг хөгжүүлэхийг зорьсоор ирсэн. Харин өнөөдөр хийсэн хэлэлцээрүүд хоёр тал үр дүнтэй худалдааны харилцааг хөгжүүлэхэд чухал шийдвэр боллоо” хэмээн онцолсон байна.

Харин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Ян “БНХАУ, АНУ-ын харилцаанд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа чухал тэнцвэрийг бий болгож ирсэн. Эдийн засгийн энэ хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхийн тулд БНХАУ, АНУ-ын бизнес эрхлэгчдийн хичээл зүтгэл, оролцоо чухал нөлөөтэй юм” гэж мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНСУ-д хийсэн айлчлалынхаа үеэр хийсэн мэдэгдэлдээ “БНАСАУ-ын асуудлаар хариуцлагатай бүх орнуудын оролцоо чухал” гээд ОХУ болон БНХАУ-ын нэрийг цохон дурдсан юм. Дональд Трампын мэдэгдлийн дараа БНХАУ-ын Засгийн газар БНАСАУ-ын асуудлаар мэдэгдэл хийсэн байна. Энэхүү мэдэгдэлд “БНХАУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолуудыг тууштай баримталж ирсэн. Харин БНАСАУ-тай дипломат харилцаагаа хэвийн үргэлжлүүлнэ” гэдгээ мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д хийж буй анхны айлчлалаараа БНХАУ-д БНАСАУ-ын асуудлаар шахалт үзүүлж магадгүй байгаа юм. Түүний Азийн таван улсад хийж байгаа айлчлалаас БНХАУ-д хийж буй айлчлал хамгийн чухал ач холбогдолтойд тооцогдож байгаа юм.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)