COSMIC Ариунаа
- 2017-11-12
- Энтертайнмент
- 0

Төмөрийн Ариунаа урлагийн алтан тайзнаа эргэн иржээ. Эргэн ирэхдээ тэсрэлт хийн “Утасны чинь дугаар” хит дуугаа өвөрмөц клип, шинэ найруулгатайгаар үнэнч фэнүүддээ өргөн барьсан нь шуугиан тариад байна. 2009 оноос хойш бие даасан тоглолтоо хийгээгүй. 2006 оноос хойш шинэ цомог гаргаагүй тэрбээр тун удахгүй цоо шинэ цомгоор фэнүүдтэйгээ уулзах гэж байна.
Шинэ цомгийнх нь эхний дуу үзэгч, сонсогчдын хүртээл бол оод долоохон хонож байгаа ч телевизийн хөгжмийн сувгуудын шилдэг дууны жагсаалтад дөрөвдүгээрт бичигджээ. Энэ бол “Cosmic Ariunaa: The Remixes” цомогт нь багтсан “Утасны чинь дугаар” юм. 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны үеийн залуусыг байлдан дагуулж байсан энэ дуугаа тэрбээр шинэ найруулгатайгаар дуулж, өвөрмөц содон шийдэлтэй клип бүтээжээ. Клипийнх нь өгүүлэмж, зохиомж, гаргаж тавьсан санаа, хөндсөн сэдэв нь тун шинэлэг. Монголд анхдагч урсгал, чиглэлийг энэ клипээрээ тавьсан гэдгээ Т.Ариунаа гавьяат онцолж байна. “Cosmic Ariunaa: The Remixes” цомог бол Т.Ариунаагийн дөнгөж эхлэл. Тэр дахин дахин тэсэрнэ. Шинэ уран бүтээлээр үзэгчид, с онсогчид, фэнүүддээ бэлэг барина. Энэ талаар Монгол Улсын гавьяат жүжигчин Т.АРИУНААТАЙ ярилцлаа.
-Та удтал нам гүм байлаа. Яагаад тэр вэ. Эсвэл урлагийн энэ шуугиант амьдралаас түр ч болов холдож амсхийхийг хүсэв үү?
- Энэ хугацаанд би зүгээр суусангүй. Ар гэрийн амьдралын хувьд хүнд хэцүүг туулж, сорилт бэрхшээлтэй дөрөв таван жил нүүр туллаа. Хүний л туулдаг жаргал зовлон шүү дээ. Тэр бүхнийг даван туулж чадлаа. Нөгөө талаар Ариунаа гэдэг хүн өөрийгөө хайх эрэл хайгуулд гарсан. Энэ асуултын хариултыг би уран бүтээлдээ шингээсэн. Цаг наргүй, чөлөө завгүй уран бүтээлдээ шамддаг байсан тэр үе рүүгээ эргэн очсондоо баяртай байна. Бодоод байхад олонд хүрсэн миний уран бүтээлүүд өнгөрсөнд нэлээд байна. Тиймээс эхлээд 1990-ээд онд залуусын сэтгэл зүрхэнд хүрч, хит болж байсан дуунуудаа шинэчлэн дуулж, цомог гаргахыг зорилоо. Энэ ч үүднээсээ “Cosmic Ariunaa: The Remixes” цомгоо бэлэн болголоо. Ингээд зогсохгүй “Тэнгэр шиг бай” цомгоо үргэлжлүүлэн гаргана. Энэ цомогтоо урьдчилсан байдлаар ийм нэр өгчихсөн ч О.Дашбалбар найрагчийн хүү Д.Гангабаатартай ярьж оюуны өмчийн зөвшөөрөл авах бодолтой байна.
-Хуучны хит дуунуудаа энэ цомогтоо багтаажээ. Яагаад “Cosmic Ariunaa: The Remixes” гэж нэрлэв. Клип тун өвөрмөц болсон ч зарим нэгэн ойлгосонгүй гэж байна. Ер нь клипийн зургаа хаана авахуулсан юм бэ?
-Космик гэдэг огторгуй, сансар гэсэн үг. Энэ цомогтоо би хуучин дуунуудаа шинэчилж, хөгжмийн найруулгыг нь өөрчлөн дуулсан. Тиймээс цоо шинэ дуу гэж болно. Нэг үгээр, “Космик” төслөө хэрэгжүүлж эхэлсэн нь энэ. Харин дараагийнх “Тэнгэр шиг бай” төсөл юм. “Cosmic Ariunaa: The Remixes” цомгийг 18- 35 насныханд зориулсан. Учир нь, 1990-ээд онд дуулж байсан миний дуунуудыг одоогийн 20-иод насныхан мэдэхгүй. Хүү маань хүртэл “Таны ийм дуу байсан юм уу” гэж байна. Клипэндээ би космик үзэл санааг гаргахыг хичээсэн. Байгаль, эх дэлхийгээ хайрлаж, шүтэж амьдаръя гэсэн санааг тусгасан. Хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн шүү дээ. Байгаль дэлхийтэйгээ харгис хэрцгий харьцаж байгаа нь миний санааг зовоож байгаа сэдэв. Үүнийгээ уран бүтээлдээ тусгахдаа космик үзэл санаанд тулгуурлан Монголын анхны апоколист чиглэлийн клипийг хийлээ. 1981 онд монгол хүн анх сансарт ниссэн. Тэгвэл 2181 онд монголчууд оюун ухаанаараа сансарт зорчиж яагаад болохгүй гэж. Клипийн өгүүлэмж ийм юм. Анзаарсан бол клип “Үргэлжлэл бий...” гээд дуусч байгаа. Хоёрдугаар анги нь “Космик” нэртэй дуу гарна. Одоо ойлгогдохгүй байгаа ч хоёрдугаар хэсэгт үүний үргэлжлэл, тайллыг гаргана. Дэлхий даяар бүх шинжлэх ухаанд космикийг ярьж байна. Дэлхийн том гүрнүүд судалж, хар нүхний тухай асар их зүйл бичиж байна. Түүнийг л уран сайхнаар өгүүлсэн юм. Монгол хүмүүс 2181 онд тэрхүү сансрын хар нүхийг нээж байгаа тухай, тэр нь Монголын эртний хаадын бичээстэй холбоотой гэх мэтээр шинжлэх ухааны уран зөгнөлт өгүүлэмж бүхий Монголын анхны апоколист клип юм. Бид Равжаа хутагтын Хамарын хийд, Шамбалын оронд очиж зураг авалтаа хийсэн. Ноён хутагтын үе дамжсан тахилч, соёлын гавьяат зүтгэлтэн З.Алтангэрэл ах бидэнд зураг авах маш гоё газар зааж өгсөн. Улаан, шар шороотой газрын яг зааг, маш сонин өвөрмөц тогтоцтой газарт бид зургаа авсан. Говийн элсэн шуургатай шөнө хүртэл зураг авахуулсан. Энэ бүхэнд хагас жилийн хугацаа зарцуулсан гээд бодоход маш олон хүний цаг, хөдөлмөр шингэсэн бүтээл болсон байгаа биз.

-“Cosmic Ariunaa: The Remixes” цомогт хуучны хит болсон ямар дуунууд багтсан бэ. Харин “Тэнгэр шиг бай” цомогтоо шинэ уран бүтээлүүдээсээ оруулна гэж байсан. Бэлэн болсноос нь дурдвал?
-“Эргээд чамдаа ирнэ”, “Хайрыг минь чи сонс”, “Анхны хайр”, “Жинжиймаа”, “Хуучраагүй жинс”, “Үггүй мордсон чи минь”, “Утасны дугаар”, “Баяртай гэж хэлж чадахгүй” зэрэг 1990- ээд оны хит дуунууд багтсан. Одооны залуус “Эргээд чамдаа ирнэ”, “Утасны чинь дугаар” дууг мэдэхгүй. Тиймээс яг шинэ дуу шиг хүлээж авна. Тиймээс би залуу хэмнэлээрээ буцан ирж байгаа. “Тэнгэр шиг бай” цомогт шинэ дуунуудаа оруулна. Тухайлбал, Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар гуайн “Тэнгэр шиг бай” шүлэгт урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр аялгуу хийсэн. Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуайн “Тусгаар тогтнол” шүлэгт Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав ах аялгуу зохиосон. Энэ хоёр үнэхээр сайхан дуу болсон. Мөн “Монгол бүүвэйн дуу” оруулна. Бүүвэйн дуу сонсолгүй өссөн хүүхдүүд хатуу сэтгэлтэй болж байна. Ижий нь хүүхдээ бүүвэйлж домнодог монгол заншил байхгүй боллоо. Үүнд эмзэглэж явдаг тул бүүвэйн дуу дуулсан. “Тэнгэр шиг бай” цомгийн маань онцлог гэвэл дуу бүхнийхээ түүхийг давхар бичиж ном болгон хавсаргана. Түүхийг нь уншаад дуугаа сонсоно гэсэн үг. Бүүвэйн дууг л гэхэд яагаад бүү ай гэж дуулдаг байсан юм гээд л. Бас энэ цомогтоо “Үлэмжийн чанар” шиг дуу дуулж оруулна.
-Өвөрмөц шинэлэг уран бүтээлийг хийхэд гар нийлж ажиллах баг хамгийн чухал. Та хамтран ажиллаж байгаа баг хамт олноо танилцуулаач?
-“Хаган” студитай хамтран ажиллаж байна. Тэд өмнө нь Gee, Rokit Bay нартай хамтарч кино хийж байсан, найруулагч нь АНУ-д төгссөн мундаг залуу бий. Хамтарч байгаа уран бүтээлчид маань дандаа залуус учраас үнэхээр өөрөөр сэтгэж, бүтээж чадаж байна. Бид багийн системээр ажилладаг. Үгүй бол ганцаарчилсан тоглолтоор амжилтад хүрэхгүй. Хоёр цомгийн маань төсөл, цаашид хийх ажлууд ч бүгд багийн ажил.
-Та НҮБ-ын элч дуучин. Сүүлийн үед хүчирхийлэл газар авч тэр дундаа бяцхан охид маань өртөх боллоо. Энэ бүхэнд таны дуу хоолой хэрэгтэй байна л даа?
-Бид хүчирхийлэл гэж юу вэ гэдгийг эхлээд судалчихаад ярих ёстой. НҮБ-ын Хүүхдийн сангийнхантай хүчирхийллийн эсрэг нөлөөллийн ямар ажил хийх талаар зөвлөлдсөн. НҮБ- ын Хүүхдийн сан хүчирхийллийн талаарх бүх судалгааг гаргачихсан байдаг юм билээ. Би тэр бүхэнтэй нь танилцана. Түүний дараа энэ чиглэлээр хийх ажил их байна.
-Цомгийнхоо нээлтийг хэзээ хийхээр төлөвлөсөн вэ. Фэнүүд чинь тэсэн ядан хүлээж суугаа байх. Хугацаагаа товлосон уу?
-Тун удахгүй. Одоо би “Тэнгэр шиг бай” цомгийнхоо ажил руу орох гэж байна. Он гарангуут хоёр цомгийнхоо нээлтийг хийнэ. Хоёрдугаар сард “Cosmic Ariunaa: After party” зохион байгуулна. Мөн ирэх оны есдүгээр сард ч юм уу “Хагас зуун жил-Төмөрийн Ариунаа” тоглолтоо хийнэ гээд төлөвлөчихсөн сууна.
У.ОРХОН

Сэтгэгдэл (0)