"Мобайл түрийвч"-ийг нэвтрүүлэх боломж ба анхаарах асуудлууд

Оршил: Яагаад мобайл түрийвчийг судлах ёстой вэ?

Финтекийн банк санхүүгийн салбарт үүсгэсэн хэлбэрийн өрсөлдөөн нь онолын хувьд Apple корпорацийн гар утасны салбарт хийсэн хувьсгалтай ижил үзэгдэл бөгөөд уламжлалт арилжааны банкуудын хувьд өрсөлдөөний шинэ нөхцөлд баримтлах бодлого зарчмаа тодорхойлох нь чухал байгаа юм. Компьютерийн технологийн компани болох Аppleурьд хожид байгаагүй инновацилаг шийдэл нэвтрүүлснээр тухайн үедээ зах зээлд давамгайлж байсан Nokia брэндийг шахаж гаргасан юм. Харин Финтек (Fintech: “financial technology”буюу “санхүүгийн технологи”) гэж тодорхойлоод буй технологи, үүрэн телефон зэрэг санхүүгийн бус бизнес эрхлэгч нар санхүүгийн үйлчилгээг шинэ технологи ашиглан, инновацилаг байдлаар үзүүлж уламжлалт банкуудын үйлчилгээтэй бүх л чиглэлд өрсөлдөж эхлээд байна. Энэхүү нийтлэлд банкны төлбөр тооцооны үйлчилгээний чиглэлд финтекүүдийн санал болгож буй “мобайл түрийвч” инновацилаг шийдэлд дотоодын зах зээл бэлэн эсэх, монголын банк санхүүгийн байгууллагуудын хувьд шилдэг туршлага болж чадах эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөхийг зорилоо. Олон улсын туршлагаас үзэхэд финтекийн шийдэл бүр амжилтад хүрдэггүй бөгөөд үүнд тухайн зах зээлийн хэрэглэгчийн зан төлөвийн онцлог, бүтээгдэхүүн үйлчилгээний ялгарал голчлон нөлөөлж байна. Монголын зах зээл төлбөрийн хэрэгслийн хувьд холимог хэлбэртэй тул “мобайл түрийвч” шийдлийг нэмэлт үнэ цэнүүдийн хамт нэвтрүүлснээр арилжааны банкуудад өрсөлдөөний төдийгүй, үр ашигт байдлын давуу талуудыг бий болгохоор байна.

Олон улсын нөхцөл байдал

Сүүлийн 5 жилд санхүүгийн үйлчилгээнд шинээр тоглогчдын тоо, тэдний нөлөөлөл мэдэгдэхүйц нэмэгдэж, зарим судлаачдын үзэж буйгаар уламжлалт банк санхүүгийн байгууллагын зах зээлд заналхийлж эхэллээ. Финтекүүд банкны бизнесийг бүхэлд нь булааж, банкийг орлож чадахгүй байж магадгүй ч ашигт ажиллагаанд нөлөөлөх нь дамжиггүй болоод байна. Финтекүүдийн санал болгоод буй мобайл түрийвчний үйлчилгээ, цар хүрээ нь хоорондоо ялгаатай ч банкуудын үзүүлдэг санхүүгийн гүйлгээнээс гадна нэмэлтээр үнэ цэнэ бий болгохуйц санхүүгийн бус үйлчилгээ санал болгож гүйлгээ хийгдэх процессийг хялбар хурдан болгож байгаа нь гол өрсөлдөх давуу тал болж байна. Судлаачдын үзэж буйгаар мобайль түрийвчний зах бөгөөд глобаль хэмжээнд авч үзвэл, энэ нь тийм ч хувьсгал гаргахаар өндөр тоо биш зээл дэлхийн хэмжээнд 2017-2021 оныг хүртэл жилд 35.5%-тай өсөлт үзүүлэх юм. Харин улс орон, зах зээлээс шалтгаалсан ялгаатай шинжүүд илэрч байна. Хятадын аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас мэдээлж буйгаар гар утас хэрэглэгчдийн 65% нь утсаа түрийвч болгон ашигладаг. Энэ нь дэлхийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт. Өнгөрсөн онд мобайл төлбөр тооцооны дүн 5,5 триллион ам.доллар хүрсэн нь америкийн зах зээлээс даруй 50 дахин өндөр дүн бөгөөд 5 жилийн өмнө гэхэд л энэ дүн “0” байсан юм. Хятадын финтекүүд мобайл түрийвчийг зөвхөн төлбөр тооцоонд чиглүүлэхгүйгээр харилцагчид бий болгох үнэ цэнэд анхаарлаа хандуулж, нэмэлт онцлог үйлчилгээ боломжууд санал болгож буй нь иргэдийн амьдралтай нягт холбогдсон өдөр тутмын хэрэглээг бий болгож байна. Өдгөө дижитал төлбөр тооцоо нь Хятадын бэлэн бус гүйлгээний гуравны хоёр хувийг эзэлж байгаа нь хэрэглээний хувьд дебит, кредит карт хол хоцорсон гэсэн үг юм. Харин “мобайл түрийвч”-ийн загалмайлсан эцэг гэж нэрлэж болох АНУ-д хамгийн өндөр хэрэглээтэй мобайл түрийвчийг Apple Pay тэргүүлж байгаа бөгөөд боломжит зах зээлийн дөнгөж 5,5% нь тогтмол ашигладаг гэжээ. Хэрэглэгчийн тоо дорвитой өсөлтгүй, ашиглалт муу байгаагийн шалтгаан нь аль хэдийн эзлэгдсэн зах зээлд өрсөлдөж буйтай холбон судлаачид тайлбарлаж байна. АНУ-ын зах зээл кредит болон дебит картын хэрэглээ, нэвтрэлтийн хувь хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд хэрэглэгчид одоо ашиглаж буй төлбөрийн хэрэгсэлдээ сэтгэл хангалуун байдаг гэсэн судалгааны дүн гарсан байна. Түүнчлэн АНУ-ын зах зээл дэх “түрийвч”-үүд нь үйлдэл хялбарчлах чиглэлд хөгжүүлэгдсэн бөгөөд нэмэлт үнэ цэнэ бий болгосон байдлаар Хятадын туршлагаас дутмаг байгаа юм.

Дотоодын зах зээл, хэрэглэгчийн судалгаа

Монголын арилжааны банкуудын дижитал сувгаар үзүүлдэг бүтээгдэхүүн үйлчилгээнд ялгарал маш бага бөгөөд цөөн тооны финтек компаниуд байгаагаас Хятадын жишээтэй ижил төстэй мобайл түрийвч гаргасан байгууллага алга байна. Монголын зах зээлийн хувьд ухаалаг гар утас, 3G дата багц, интернэт сүлжээнд холбогдох дэд бүтцийн хувьд хангалттай өндөр бөгөөд интернэт банк, мобайл банкны идэвхтэй хэрэглэгчийн тоо ЭЗИ хүн амын 70% бүрдүүлж байгааг зах зээл бэлэн гэж үзэж болохоор байна. Идэвхтэй карт ашиглалт 60% орчим байгаагаас үзэхэд бэлэн мөнгөний хэрэглээ багагүй өндөр байгаа дүр зураг байна. Эмпирик судалгаанаас бэлэн мөнгөний хэрэглээ жижиг дунд бизнес эрхлэгчид, хувиараа бизнес эрхлэгчдийн хүрээнд хамгийн өндөр ашиглагдаж байсан бөгөөд судалгаанд оролцогсдын 55% нь төлбөрийн картыг түлхүү ашигладаг гэж хариулсан. Мобайл түрүүвчнээс хэрэглэгч төлбөр тооцоог гүйцэтгэх үндсэн үүргээ одоогийнхоос хялбар, хөнгөн гүйцэтгэхэд дуртай ашиглана гэж хариулсан.

Дүгнэлт

Өрсөлдөөний талбар, давуу талаа зөв бүрдүүлж чадвал монголын зах зээлд мобайл түрийвчийн өрсөлдөх орон зай бий. Олон улсын туршлагаас үзэхэд, нэмэлт үнэ цэнийг бий болгохгүй бол АНУ-тай төстэй байдалд хүрэх аюултай ба монголын нөхцөл байдал бэлэн мөнгө, карт холимог хэлбэртэй байгаа тул монгол хэрэглэгчийн өдөр тутмын амьдралд тулгамдаж буй асуудал, үүсдэг хэрэгцээг нарийвчлан судалж, зөв оновчтой боломжийг олж нэвтрүүлэх нь ялгарал, давуу талыг бий болгож, өргөн хэрэглээнд нэвтрүүлж чадна. Өөрөөр хэлбэл, төлбөр тооцооны аппликэйшны хувьд зайлшгүй нэмэлт үнэ цэнэ бий болгож өрсөлдөх ёстой бөгөөд чухам ямар боломжийг нэвтрүүлэх чиглэлд нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай гэж үзэж байна. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчид, хувиараа бизнес эрхлэгчид ажиллуулж байгаа худалдаа үйлчилгээний цэгийг мобайл түрийвчийг дэмждэг болгож чадвал асар том бэлэн мөнгө ашигладаг сегментийг зорилтот бүлэгтээ нэмж авах боломж байна. Инновацийн онолын загварын дагуу бизнесийн байгууллага нь өрсөлдөөний шинэ нөхцөл байдал, шинэ тоглогч нарын эсрэг тэсч үлдэх, зах зээлээ тэлэх арга зам нь “тасралтгүй инновацилаг” байх явдал тул уламжлалт банкууд энэхүү “мобайл түрийвч”-ийн давуу талуудаас суралцаж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ тусгах нь зүйтэй юм.

Ц.АЛИМАА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)