К.Собчак: Сонгуулийн тухай Оросуудын ойлголтыг өөрчилж чадна

 ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарласан КСЕНИЯ СОБЧАКИЙН ВВС агентлагт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

Тэрбээр Оросын олигархиудын охидын жагсаалтыг тэргүүлдэг бөгөөд улсынхаа дуулиант оддын нэг юм.

-Кремлийн тэргүүний төлөөх сонгуульд өрсөлдөхөө зарласан тань гэнэтийн явдал болсон. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэрээ хэдэн сард гаргасан юм бэ?

-Би өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлаж, маргааш нь кампанит ажилдаа ханцуй шамлаж ороогүй. Дотнын найзууд, кампанит ажлыг санхүүжүүлэгчидтэйгээ өнгөрсөн долоодугаар сард тохиролцсон. Би Орост тогтсон сонгуулийн кампанит ажлын хоцрогдсон тогтолцоог халахыг хичээж байна. Найз нөхөд, бизнесийн хамтрагч, санхүүжүүлэгчидтэйгээ энэ тухай ярилцаж, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын жишгээр ажиллахаар болсон. Бид улс орондоо ардчилсан сонгуулийг бодитоор явуулахыг хүсч байна. Сонирхуулахад, ивээн тэтгэгчид их хэмжээний мөнгө миний дансанд шилжүүлсэн өдөр буюу өнгөрсөн есдүгээр сарын 1-нд “Ведомости” сайтад “Ксения Собчак Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” гэсэн мэдээг нийтэлсэн байсан. Энэ нийтлэлээс хойш юу болсныг та бүхэн мэдэж байгаа шүү дээ.

-Та нэгэн ярилцлагадаа Алексей Навальныйд хамтран ажиллах санал хүргүүлэх тухай дурдсан. Навальный өнгөрсөн долоодугаар сард хийсэн мэдэгдэлдээ “Ксения Собчак шиг Ерөнхийлөгч болохыг мөрөөдсөн хүмүүс...” гэж онцолж байсан. Тэгэхээр А.Навальный таны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших төлөвлөгөөг мэдэж байжээ?

-Би өнгөрсөн есдүгээр сард өгсөн ярилцлагадаа Алексей Навальныйн талаар ярьсан. Энэ үл ойлголцол миний ажил, мэргэжлээс үүдэлтэй. А.Навальныйтай хийсэн ярилцлага тухайн үедээ шуугиан тарьсан шүү дээ. Ярилцлагын дараа тэрбээр хүчтэй шүүмжлэлд өртсөн. Би тэр үед улс төрийн карьераа ихэсгэх талаар бодоогүй, зүгээр л сэтгүүлчийн ажлаа хийсэн юм. Магадгүй Алексей Анатольевичид шүүмжлэл дагуулсан нь таалагдаагүй байх. Тиймээс ярилцлагын дараа тэгж хэлсэн болов уу.

-А.Навальныйн талаарх шуугианыг намжаах гэж К.Собчак сонгуульд өрсөлдөж байна гэж зарим хүн үзэж байна. Та үнэхээр Оросын улс төрд гал унтраах гэж орж ирсэн үү?

-Үгүй. В.Путинийг эсэргүүцэгчид Орос улсад хангалттай бий. Тэд эсэргүүцлээ ямар нэгэн байдлаар илэрхийлэхэд бэлэн ч шоронд орохыг хүсэхгүй байгаа. Ард түмэн яагаад хуулийн дагуу эсэргүүцлээ илэрхийлж болдоггүй юм бэ. Олон хүн надад А.Навальныйг өмгөөлж дуугарахыг санал болгосон. Гудамжинд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, баатар болж болно. Гэхдээ би хүмүүст зорилгодоо хүрэх өөр арга зам байдгийг харуулах гэсэн юм.

-Улс төрийн бааз суурь, намын оролцоогүйгээр төрийн дээд албан тушаалд хүрсэн жишээнээс дурдаач. Таны улс төрийн модель хэн бэ?

-Би Ерөнхийлөгчийн сонгуульд ялах боломжгүй гэдгээ мэдэж байна. Гэхдээ сонгуулийн тухай ойлголт, үйл явцыг өөрчилж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Би Чилийн дарангуйлагч Пиночетийн жишээг эш татах дуртай. Тэрбээр улс орноо хяналтдаа бүрэн атгаж байсан ч нэг л өдөр эрх мэдлээ алдсан. Энэ сонгууль ард түмний В.Путинд итгэх найдварын шалгуур болоосой гэж би хүсч байна. Надад саналаа өгөх хүмүүс Ксения Собчак гэх эмэгтэйг бус Владимир Путиний системийн эсрэг саналаа өгч буйгаа ойлгох хэрэгтэй. Би ганцаараа шинэчлэл хийж чадахгүй ч хүний олноор энэ тогтолцоог өөрчлөх болно.

-Таныг Ерөнхийлөгч В.Путинтэй үе үе уулздаг гэж сонссон юм байна?

-Би Ерөнхийлөгч В.Путинтэй уулздаггүй. Владимир Путин аавтай минь хамтран ажилладаг байсан. Тиймээс аавынхаа кино зураг авалтад зориулж Ерөнхийлөгчтэй Кремльд нэг удаа уулзсан юм.

-Та В.Путинийг бус харин түүний байгуулсан системд шүүмжлэлтэй ханддаг. Та Крымийг ОХУ-д нэгтгэснийг хууль бус үйлдэл гэж зарласан. Украинтай холбоотой улс төрийн маргаан Ерөнхийлөгч В.Путинээс эхлэлтэй биш гэж үү?

-Энэ бол В.Путиний хувийн асуудал байсан. Би В.Путинийг шүүмжилж чадахгүй гэж хэлээгүй. Би В.Путиний хувийн амьдралын талаар ярих дургүй. “Путин хулгайч”, “Путин ботокс тариулсан” гэсэн явган ярианд би дургүй. Крымд тохиолдсон явдал бол Владимир Путиний бодлогын үр дүн юм. В.Путин бол улстөрч болохоос хүн биш.

-Танай гэр бүлийг Петр хааны ордон шиг байранд амьдардаг гэж сонссон юм байна?

-Манайд анх удаа зочилсон хүмүүс "Алдартай улс төрчийн охин ийм даруухан амьдардаг гэж үү" гэж гайхдаг. Аав минь Санкт- Петербург хотын дарга байхад манайх хоёр өрөө орон сууцад амьдардаг байсан. Шар хэвлэлүүдэд миний талаар “Эцгийнхээ олон саяын өв хөрөнгөөр тоглодог” гэж бичсэнийг уншаад инээд хүрдэг. Хэдийгээр аавын минь эд хөрөнгө хуулийн дагуу надад шилжсэн ч би бусдын адил ажил хийж орлогоороо амьдрахыг чухалчилдаг.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • - (103.20.152.50)

    2017-11-24

    ТОЛГОЙ ХООСОН ЭНЭ ХҮҮХЭН ПУТИНТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ ХЭРЭГГҮЙ БАЙХ