Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 97.8 тэрбумыг зарцуулна

Монгол Улсад жижиг, дунд ангилалд багтах 60 гаруй мянган бизнесийн байгууллага үйл ажиллагаа эрхэлж, ДНБ-ий 20 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 70 хувийг ажлаар хангадаг гэх статистик байна. Тэднийг улам баталгаатай ашиг орлоготой болгож, уул уурхайгаас хэт хамааралтай манай эдийн засгийг солонгоруулахад тэдний үүрэг оролцоо маш их. Гэвч үүнд саад бэрхшээл болж буй гол асуудал нь санхүүгийн хүртээмж гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрдөг болсон. Тиймээс Монголын банкны холбооноос санаачлан ЕСБХБ / Европын сэргээн босголт, хөгжлийн банк/-ны жижиг, дунд бизнес /ЖДБ/ийн зөвлөх үйлчилгээний хөтөлбөртэй хамтран “ЖДБ-ийн санхүүгийн хүртээмж-2017” форум, арга хэмжээг зохион байгууллаа.

Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Орхон тус форумыг нээж хэлсэн үгэндээ, арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд банк, ББСБ-ууд болон ЖДБ эрхлэгч, сургалт судалгааны байгууллагын төлөөллийг оролцуулсан дугуй ширээний уулзалт ярилцлагыг удаа дараа хийж, тухайн үед хэлэлцэж ярилцсан саналыг нэгтгэж, тулгамдсан асуудлаа дахин ярих бус тэдгээрийн гарц шийдлийг эрэлхийлж, цаашид авах арга хэмжээгээ тодорхойлохоор цугласныг онцолж байлаа. Уг арга хэмжээнд салбар бүрийн 250 орчим төлөөлөл оролцож, санал бодлоо хуваалцсан юм.

Тэдний нэг “Денимон” компанийн гүйцэтгэх захирал Б.Тунгалаг, ЖДБ-ийг эрхлэхэд хөрөнгө оруулалт, санхүүжилт хүний бие судсаар эргэлдэх цусны адил чухал шаардлагатайг онцлоод үйлдвэрлэлээ бас л хөнгөлөлттэй зээлээр эхэлж байснаа өгүүлж байлаа. Тус компанийг манай хэрэглэгчид “Урбан жинс” брэндийн бүтээгдэхүүнээр нь мэддэг болсон.

2008 оноос хойш барилга, барилга угсралтын чиглэлээр бизнес эрхэлж буй “Монкапурами” компанийн захирал Д.Ариунзул ярихдаа, эхний жилүүдэд зээл авахад барьцаа хөрөнгө, түүний үнэлгээ, тухайн салбарт ажилласан туршлага гээд хүндрэлтэй шалгуур үзүүлэлттэй тулгардаг байсан. Одоо харьцангуй гайгүй, хууль эрх зүйн орчин ч боловсронгуй болж байна. Татварын хувь хэмжээний тухайд уян хатан болгож, ялангуяа гарааний бизнес, улс оронд чухал шаардлагатай, стратегийн үйл ажил эрхэлж байгаа компаниудад хөнгөлөлт эдлүүлэхэд ч болохгүй гэх газаргүй мэт санагддагаа хэлж байлаа.

Тус форумыг санаачлан зохион байгуулж буй Монголын банкны холбооныхон ЖДБ-ийн талаар хэд хэдэн судалгаа явуулж, эмхэлж нэгтгэсэн байна. “Манай арилжааны банкууд мэдээж сайн, тасралтгүй үйл ажиллагаа эрхэлдэг, найдвартай эргэн төлөлттэй харилцагчтай байхыг хүснэ. Түүний гол цөм нь манай ЖДБ эрхлэгчид байдаг. Тиймээс бид энэ салбарын санхүүгийн хүртээмжийн талаар илүү анхаарал хандуулж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч байна” гэж МБХ-ны ерөнхийлөгч О.Орхон онцолсон юм. Тэдний идэвхтэй оролцоотойгоор Батлан даалтын сангийн тухай хуулийг боловсруулан УИХ- аар батлуулсан нь үүний тод жишээ болно. Энэ хуулийн дагуу саяхан Төрийн батлан даалтын санг байгуулсан юм. Улмаар Азийн хөгжлийн сангаас тус санг санхүүжүүлэхээр боллоо. Энэ нь банк, санхүүгийн салбарт гарсан амжилт, олон хүний хүртээл болох сайн бүтээгдэхүүн гэж мэргэжлийн хүмүүс үнэлж байна.

ХХААХҮЯ-ны газрын дарга М.Дондогдоржийн мэдээлснээр ЖДҮ-ийн тухай хуулийг 2007 онд батлан гаргаснаас хойш нийгэм, эдийн засгийн олон өөрчлөлт болсонтой уялдуулан өөрчлөн шинэчлэхээр болсон аж. Үүнд, ЖДҮ-ийн ангиллыг тодорхой болгох, бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлахад онцгойлон анхаарч, хуулийн төсөлд тусгасан байна. Уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг ирэх сарын 6-ны өдөр Төрийн ордонд хийхээр товлосон тухай мэдээллээ.

Мөн Аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийг энэ оны хоёрдугаар сард баталсантай уялдуулан дөрвөн салбарт 1.4 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлээд байгаа аж. Цаашдаа салбар нэгжийн тоог нэмэгдүүлэх судалгаа хийж байгаа бөгөөд ирэх оны төсөвт ЖДҮ-ийг дэмжих зорилгоор 97.8 тэрбум төгрөгийг суулгасан байна.

Монголбанкнаас ЖДҮ-ийн талаар улирал тутам судалгаа явуулж, дүн шинжилгээ хийснээр тухайн салбарт баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлдог тухай Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Л.Гангэрэл танилцуулсан. Түүний ярьснаар бол хөгжиж буй улс орнууд ЖДҮ-ийг дэмжих санг Төвбанкныхаа дэргэд байгуулж хөнгөлөлттэй зээл олгох, арилжааны банкуудад зээлийн багцынхаа тодорхой хувийг ЖДҮ-д зарцуулсан байх шаардлага тавих гэх зэрэг олон арга хэлбэрийг ашигладаг юм байна. Харин Монголбанкны тухайд зээлийн хүүг аль болох багасгах, тийм үүсгэл санаачлагыг дэмжихэд анхаарч байгаа аж. Тухайлбал, Голомт банкнаас гаргасан зээлийн хүүг бууруулах санал, тооцооллыг дэмжиж, ажлын хэсэгт нь орж ажиллаж байна. Цаашдаа нийтэд нь хавтгайруулахгүйгээр ЖДҮ- ийн зарим салбар дахь зээлийн эрсдэлийн зэргийг багасгах, Зээлийн мэдээллийн санг байгуулж, хувийн хэвшил дангаараа юм уу Монголбанктай хамтран авч явах боломжийг бүрдүүлэх нь оновчтой байж болохыг Л.Гангэрэл дарга онцолж байсан юм. Ер нь Индонез болон Европын зарим оронд ийм жишиг байдаг. Үүнтэй холбогдуулан Сангийн яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Н.Мандуулаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед салбарын яамнаас санхүүгийн зах зээл, даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, өргөжүүлэх талаар ямар ажил хийж байна вэ?

-Засгийн газрын тэргүүлэх салбар нь жижиг, дунд үйлдвэрлэл гэж үзэж байна. Тиймээс хоёр том төсөл хэрэгжүүлэхээр болсон. Юуны өмнө Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Батлан даалтын санд хөрөнгө төвлөрүүлж, арилжааны банкаар дамжуулан зээлийн шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг эхлээд явж байна. Хас, Төрийн болон Худалдаа хөгжлийн банк үүнд оролцож байгаа. Цаашдаа банкны тоо нэмэгдэх байх гэж найдаж байна. Үүнээс гадна Дэлхийн банктай хамтран экспортын бүтээгдэхүүнийг дэмжих төслийг хэрэгжүүлж, ЖДҮ- үүдэд бага хэмжээний буцалтгүй тусламж үзүүлж эхэлсэн. Улмаар давхар даатгалын санхүүжилтийг хэрэгжүүлэх зорилготой байгаа юм.

-Дээрх төсөл хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, шинэ ажлын байр бий болгоход хэрхэн анхаарах юм бол?

-Ерөнхийдөө төсөл хөтөлбөрийн хямд эх үүсвэр гэхээсээ илүү зээл, санхүүжилт авахад тулгарч буй асуудлыг нэгдсэн байдлаар шийдээд явах бодлого барина. Үүнд барьцаа хөрөнгийг Зээлийн батлан даалтын сангаас зохицуулж, зах зээлд гаргах бүтээгдэхүүний даатгал зэргийг нэг цонхны үйлчилгээнд хамруулах зорилготой ажиллаж, урьдчилсан байдлаар боловсруулчихаад байна гэлээ. Энэ талаар Зээлийн батлан даалтын сан /ЗБДС/-гийн Батлан даалт зохицуулах газрын захирал Д.Батзогсохоос сонирхоход, “Өнгөрсөн хугацаанд бид багагүй ажлыг амжуулсан. Үүний нэг нь Азийн хөгжлийн банкнаас 60 сая ам.долларыг таван жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл хэлбэрээр оруулж ирсэн. Үүнийг 18 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд зээлийг хурдан татаж аваад үр дүнтэй ашиглаж чадвал цааш сунгах боломжтой” гээд нэг жилийн дотор 4-5 бүтээгдэхүүнийг зах зээлд боловсруулж гаргах шаардлага байгааг тодотгосон юм. “ЖДБ-ийн санхүүжилтийн хүртээмж-2017” форумыг хамтран зохион байгуулагч Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Бүсийн сүлжээ, ЖДҮ-ийн санхүүжилт, хөгжлийн газрын захирал Надиа Петкова, тус банкны ахлах хуульч Аммар Ал-Салэ болон Олон улсын факторингийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Питер Мулрой нарын мэргэжилтнүүд оролцож, ЖДҮ-ийн санхүүжилт, хөгжлийн таатай орчныг бүрдүүлэх, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх талаар санал бодлоо солилцлоо. Форумын үр дүнд ЖДБ-ийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлсон ажлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтэд нь дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулахаар болов. Тэд энэ чиглэлээр хийсэн ажлаа дараагийн хэлэлцүүлэг, арга хэмжээнд мэдээлж цаашдын чиглэлээ тодорхойлох замаар ажиллах юм.

 

Д.Мөнхжаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)