Төгрөгийн ханш юанийн эсрэг чангарав
- 2017-11-29
- Эдийн засаг
- 0

Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 49 мөнгөөр суларч, 2444.6 нэгжид хүрлээ. Хэдий тийм ч төгрөгийн ханшийн өөрчлөлтийн дундаж энэ сар гарснаас хойш 0.03 хувьтай байна. Харин юаньтай харьцах төгрөгийн ханш чангарч, 370.44 нэгж, рубльтэй харьцах төгрөгийн ханш 42 нэгжид хүрч, суларчээ. Монголбанк санхүүгийн зах зээлд эрсдэл үүсгэлгүйгээр ханшийг тогтвортой төвшинд барих бодлого баримталж байгаа аж. “Fitch” агентлагийн харьяа “BMI Research” ирэх онд ам.доллартай харьцах төгрөгийн дундаж ханш 2480-д хүрнэ гэж таамаглажээ. Үүнээс өмнө ам.доллартой харьцах төгрөгийн дундаж ханш 2375 нэгжтэй тэнцэнэ гэж үзэж байсан ч ийнхүү төлөвөө сулруулсан байна. Өөрөөр хэлбэл, инфляцын дарамт нэмэгдсэнээр төгрөгийн ханш сулрах магадлалтай гэж дүгнэж байгаа боловч цаашдаа ханш огцом унахгүй гэж үзсэн байна. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсны дараа төгрөгийн ханш 2404.49 ам.доллартай тэнцэж байсан бол даваа гарагийн хаалтын ханшаар 2444.60 нэгжид хүрчээ. Хөтөлбөрт хамрагдсаны дараа чангарч байсан төгрөгийн ханш одоо харьцангуй тогтвортой төвшинд хэлбэлзэж байгааг эдийн засагчид онцолж байна.
Б.МӨНХ

Сэтгэгдэл (0)