Индонезийн идэвхжсэн галт уулнаас болж 400 нислэгийг цуцалжээ
- 2017-11-29
- Дэлхий
- 0

Индонезийн Бали арлын Агунг галт уул идэвхжиж буйтай холбоотойгоор 100 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Тус галт уул нь Самини, Саминпи зэрэг жуулчдын сонирхдог газраас 70 км зайд оршдог аж. Энэ талаар Индонезийн гамшгийн үр дагаврыг арилгах үндэсний агентлагийн төлөөлөгч Сатопо Пурво Нюрого мэдэгдлээ. “BBC” агентлагийн мэдээлснээр аюулын бүс 10 км-ээр нэмэгдсэн байна. Энд 22 орчим сууринд 90-100 мянган хүн аж төрж байна. Одоогийн байдлаар 40 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа гэнэ. Түүнчлэн арлын нисэх онгоцны буудлыг хааж, 400 гаруй нислэгийг цуцалжээ. Индонезийн албан тушаалтнууд Бали дахь олон улсын нисэх онгоцны буудлыг хоёр дахь өдөр нь хааж байна. Учир нь, хэт өндөрт дэгдэж буй галт уулын үнс, нурам утаа нь нислэг үйлдэхэд саад учруулж болзошгүй гэж албаныхан үзэж буй аж. Галт уулын үнс нурамнаас оршин суугчдыг хамгаалахын тулд нүүрний маскыг тарааж байгаа юм. Агунг галт уул нь 1963 онд маш хүчтэй дэлбэрч байсан бөгөөд тухайн үед 1.000 гаруй хүн амиа алдаж байжээ.
Г.Нямсүрэн

Сэтгэгдэл (0)