Мохаммед: Исламын шашинтнуудын нэр хүндийг сэргээнэ

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман хэт даврагчидтай тэмцэх зорилгоор исламын шашинт улс орнуудыг нэгтгэсэн эвсэл байгуулж, тэргүүнээр нь ажиллахаа зарлалаа. Хунтайж Мохаммед бин Салман Эр-Рияд хотод исламын шашинт 40 орчим улс орны Батлан хамгаалахын сайд нарыг хамруулсан уулзалтыг зохион байгуулсан байна. Уулзалтын үеэр хэт даврагчидтай тэмцэх эвсэл байгуулах тухай тохиролцоонд хүрчээ. Хунтайж Мохаммед Египетэд 300 гаруй хүний аминд хүрсэн террорист халдлага үйлдсэнийг зэмлэн буруушаагаад “Терроризм болон хэт давруу үзэл нь исламын шашинт улс орнуудын нэр хүндийг унагаж буй хамгийн том асуудал болоод байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх эвсэл байгуулах хэрэгтэй” гэжээ. Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед нь улс орондоо авлигатай тэмцэх томоохон кампанит ажил өрнүүлж, нөлөө бүхий 200 гаруй хүн, тэдний дотор 11 хунтайжийг баривчлан саатуулаад байгаа билээ. Энэ мөрдөн шалгах ажиллагаа нь баривчлагдсан хүмүүстэй холбоотой компаниудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэж тус улсын прокурорууд мэдэгдсэн хэдий ч “Энэ хэргийн улмаас гадаадын хөрөнгө оруулагчид Саудын Арабаас зайгаа барьж болзошгүй” гэж шинжээчид үзэж байна.

 

ГАЗРЫН ТОСНООС ХАМААРАЛТАЙ ЭДИЙН ЗАСГАА ШИНЭЧИЛНЭ

Дэлхийн зах зээлд газрын тосны ханшийг нэмэгдүүлэхийн тулд нефть олборлолтыг танах хугацааг сунгасан нь Саудын Арабт эергээр нөлөөлсөн билээ. Саудын Арабын ирээдүйн хааны өрнүүлж буй авлигатай тэмцэх арга хэмжээтэй холбоотойгоор нэг баррель нь 50 орчим ам.долларын ханштай байсан “Брент” маркийн газрын тосны үнэ 62 ам.доллар болж эрс өссөн. Улсынхаа Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөлийн тэргүүн, нөлөө бүхий хунтайж газрын тосноос хамааралтай Саудын Арабын эдийн засгийг шинэчлэх концепцио хэрэгжүүлэх болсон. Мохаммед бин Салманы “Үзэгдэл-2030” хэмээх энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь тус улсыг 2020 он хүртэл газрын тосноос хараат бус орших боломж олгох юм. Олон улсын валютын сангаас “Үзэгдэл-2030” төслийг цаашид үр дүнд хүрэх бодлого хэмээсэн ч хэрэгжүүлэхэд хүнд байх болно гэж мэдэгдсэн байна.

 

ОЛОН УЛСАД БАЙР СУУРИА БЭХЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Залуу хунтайж олны танил болмогцоо “Саудын Арабын Трамп” хэмээн алдаршсан. Дотооддоо байр сууриа хэдийнэ бэхжүүлээд буй тэрбээр одоо исламын шашинт улсуудын дунд нэр нөлөөгөө нэмэгдүүлэхийг эрмэлзэж эхэллээ гэж ажиглагчид үзэж байна. Хунтайж Мохаммед өнгөрсөн сард Саудын Араб, түүний өрсөлдөгч Ираны хооронд ямар нэгэн яриа хэлэлцээр болох эсэхийг няцаасан. Энэ хоёр улс Сири, Йемений зөрчилдөөн дээр эсрэг тэсрэг байр суурь баримталдаг билээ. Хунтайж улс төрийн нөлөөгөө 2015 онд эхэлсэн. Улс төрийн өсөлтөд хэт тэмүүлдэггүй хаант улсын хувьд хунтайж Мохаммед ховор үзэгдэл болсон юм. Тэгвэл Мохаммед бин Салман нь Ерөнхий сайдын орлогчоор томилогдож, Батлан хамгаалахын сайдаар давхар ажиллаж байна. Ийнхүү өдгөө 29 настай Мохаммед улсынхаа Батлан хамгаалахын хамгийн залуу сайд болжээ. Энэ үйл явдлаас ердөө хоёрхон сарын дараа Саудын Араб улс эвслээ бүрдүүлж, Йеменд цэргийн кампанит ажлаа эхлүүлсэн байна. Одоогийн байдлаар эвслийнхэн Йемений цөлөгдсөн Ерөнхийлөгч Абд-Рабба Мансура Хадиг хуситуудын босогчдын хяналтан дор нийслэл Санад авч ирэх зорилгоо биелүүлээгүй байгаа аж.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)