"Хадгаламжийн хүүд хязгаар тогтоох нь илүү оновчтой"

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төвбанкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн санаачлан өргөн барьсан байна. Хуулийн төслийг Төвбанкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлж, хамтын удирдлагын зарчмыг нэвтрүүлэх, Төвбанкны үйл ажиллагаанд төдийлөн хамаарахгүй төсвийн шинжтэй аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй байх зохицуулалтыг тусгах зорилгоор боловсруулжээ. Хуулийн төслийг баталснаар Монголбанкны бие даасан, хараат бус байдал сайжирч, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх оновчтой зохицуулалт бий болж, эдийн засгийн макро төвшинд үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжинэ гэж хууль санаачлагчид үзжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Зээлийн хүүд дээд хэмжээ тогтоох тухай ярьж эхэллээ. Үүний оронд хадгаламжийн хүүгийн дээд хэмжээг тогтоох хэрэгтэй. Ингэснээр банкууд мөнгө татахын тулд хадгаламжийн хүүгээр өрсөлдөхгүй болох юм биш үү. Инфляц зургаан хувь байна. Хадгаламжийн хүүгийн дээд хязгаар нь жилийн 6.1 хувиас хэтэрч болохгүй гэж зааж өгвөл эдийн засагт ямар эерэг, сөрөг үр дагавар гарах вэ” гэж асуулаа. Үүнд Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Зээлийн хүүтэй уялдуулж инфляц ярьж байгаа. Хадгаламжид төлж байгаа хүү дунджаар 13 хувь. Инфляц зургаан хувь байна гэдэг нь банкинд мөнгө хадгалуулсан хүн бодитойгоор долоон хувийн хүү авч чадаж байна. Хадгаламжийн хүүд дээд хязгаар тогтоох нь зээлийн хүүд дээд хязгаар тогтоосноос илүү үр дүнтэй. Тэгэхдээ инфляцтай уялдах ёстой. Инфляц тогтворжиж чадаагүй үед хадгаламжийн хүүг нэг оронтой тоонд авчирч хязгаар тогтоох нь эрсдэлтэй.

Жишээ нь, хадгаламжийн хүүг зургаан хувь гээд тогтоолоо гэж бодъё. Гэтэл инфляц долоон хувь болбол хадгаламжийн үнэ цэнэ алдагдана. Инфляц тогтвортой урт, дунд хугацаанд хадгалагдаж чадвал хадгаламжийн хүүд дээд хязгаар тогтоож болно.

Хадгаламжийн хүүд дээд хязгаар тогтоох нь зээлийн хүүд дээд хязгаар тогтоосноос илүү үр дүнтэй. Тэгэхдээ инфляцтай уялдах ёстой. Инфляц тогтворжиж чадаагүй үед хадгаламжийн хүүг нэг оронтой тоонд авчирч хязгаар тогтоох нь эрсдэлтэй.

Хадгаламжийн хүүд дээд хязгаар тогтоох нь онолын хувьд оновчтой. Өнөөдрийн байдлаар 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байна. Тэд мөнгө татахын тулд харилцагчдаа өрсөлдөж хүү амладаг” гэсэн хариулт өглөө. Харин хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлсэн. Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Мөнгө хомсдолтой байгаагаас арилжааны банкууд хадгаламжийг өрсөлдөж цуглуулж байна. Ингэхээр хадгаламжийн хүү өндөр байгаа юм. Хадгаламжийн жилийн хүү 13-15 хувьтай байхад та нар арилжааны зээлийн хүүг бууруулах тухай ярих нь их хэцүү.

Монголбанкны бодлогын хүүг буулгах асуудлыг ярихгүй бол болохгүй. Мөн гадаадаас оруулж ирж байгаа бага хүүтэй зээлүүдэд татвар тавьдгаа болиулах хэрэгтэй. Ингэвэл хүү буурна. УИХ-ын дад дарга Л.Энх-Амгалан “Энэ оны долоодугаар сарын байдлаар банкны нийт актив 27 их наяд төгрөгт хүрчээ. Гэтэл банкууд 2013 оноос хойш Засгийн газрын үнэт цаас авах сонирхолтой болсон байна. Банкны нийт актив болох 27 их наядын 20 хувь нь Засгийн газрын болон Монголбанкны үнэт цаас болсон байна. Нийт дүнгээрээ 5.4 их наяд төгрөг гэсэн үг. Уг нь энэ 5.4 их наяд зээл болсон байх ёстой юм. Мөн хугацаа хэтэрсэн зээл өндөр боллоо. Чанаргүй зээл нэг их наяд, хугацаа хэтэрсэн зээл 900 тэрбум төгрөгт хүрлээ. Үүнд Монголбанк Төвбанкны үүргийг гүйцэтгэх ёстой” гэлээ. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас энэ сард өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж санал хэлэх гишүүн байсангүй. Тиймээс уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Батнасан санал хэлэв. Тэрбээр “ОХУ-аас саяхан нэг боодол тэжээл 1900 төгрөгөөр авч байсан бол одоо 6000 төгрөгийн үнэтэй болжээ. Салбарын яамны ажлын хурдаас болж үнэ нэмэгдсэн. Уг асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй” гэсэн юм. Ийнхүү хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив.

М.ЭНХЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)