Ашигт малтмал, газрын тосны газар Сургалтын орчинтой боллоо

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар дэргэдээ Сургалтын танхимтай болж нээлтээ хийлээ. Энэхүү Сургалтын танхимыг Канад Улсын Засгийн газраас манай улсад хэрэгжүүлж буй “Мерит” төслийн хөрөнгөөр байгуулжээ. Ийнхүү танхимын нээлтийн ажиллагаанд Канад улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэвид Спрул алба хаагчдын хамт, манай улсын Уул уурхайн яамны төлөөлөл, Ашигт малтмал, газрын тосны газрын алба хаагчид оролцлоо. Тус газрынхан Сургалтын танхимтай болсноор уул уурхай ашигт малтмалын чиглэлд дэлхийн хэмжээний мэдээллээс хоцрохгүй байхын зэрэгцээ эрдэс баялагийн чиглэлд онлайн сургалт явуулах, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх олон талын боломжийг бүрдүүлжээ. Ингээд Ашигт малтмал газрын тосны газрын Захиргаа удирдлагын газрын дарга Б.Дашпүрэв, Канад улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэвид Спрул нараас доорхи зүйлсийг тодрууллаа.

 

Б.Дашпүрэв:Бид л санаачилгатай байвал төсөл урт хугацаанд хэрэгжих боломжтой

 

 

Ашигт малтмал, газрын тосны газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Дашпүрэвтэй ярилцлаа.

-Ашигт малтмал, газрын тосны газар дээр “Мерит” төсөл хэрэгжиж, уг төслийн хүрээнд Сургалтын танхим тохижуулжээ. Энэхүү танхимынхаа ач холбогдлын талаар ярихгүй юу?

-Канад улсын “Мерит” төслөөс хүний нөөцийг чадавхижуулах, хариуцлагын тогтолцоог сайжруулах тал дээр олон ажил хийж байна. Энэ төслийн хүрээнд уул уурхайн салбарт ажиллагсадын чадавхийг дээшлүүлэх, мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор Канад улсаас арваад зөвлөх ирээд ажиллаж байгаа юм. Манай байгууллага нь чадвартай боловсон хүчнийг бэлтгэхэд гол анхаарлаа хандуулан дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ сургалтын талаар олон газартай хамтын ажиллагаатай байдаг. Гэхдээ бидэнд орчин үеийн техник технологиор тоноглогдсон сургалтын танхим байдаггүй, ямар нэг сургалт судалгааны ажил явуулахад өөр байгууллагын танхимыг түрээслэдэг хүндрэл байлаа. Өөрт байдаг энэ бэрхшээлийг арилгах замаар төслийн багт санал тавьсаны дагуу энэ Сургалтын танхимыг нээж байна.

-Нээлтийн ажиллагааны үеэр мэргэжилтнүүдээ гадаадад сургадаг байсан бол одоо эндээ сургах боломжтой болж байна гэсэн. Тэгэхээр зөвхөн сургалтын нэг танхим бус өргөн агуулгатай зүйл гэж ойлгож болох уу?

-Бид урьд өмнө мэргэжлийн боловсон хүчнээ богино зайны сургалтад сургахаар гадагшаа явуулдаг, эсвэл гаднаас өөрсдийн зардлаар мэргэжилтэн урьж авчирдаг байлаа. Харин одоо бол бид гадаадад сургана гэхээсээ илүүтэй энэ бүрдүүлсэн орчиндоо онлайнаар сургалт явуулах боломжтой боллоо. Цаг, зардал хэмнэсэн сайхан үйл болж байна.  Сая Канад улсын Элчин сайдын өөрийнх нь хэлсэн үгэнд хүртэл энэ тухай дурдаж байна лээ.

-“Мерит” төсөл нь хэр урт хугацаанд хэрэгжих төсөл вэ?

-Энэ төсөл нь хоёр жилийн хугацаанд хэрэгжихдээ Төрийн болон Төрийн бус байгууллагын олон ажилтан алба хаагчид, мөнхүү орон нутгийн иргэдтай хамтарч ажилласан байна. “Мерит” төсөл нь Монгол Улс өөрсдөө санаачилгатай байгаад үйл ажиллагаанд нь өөрсдийн саналаа бодитоор оруулаад хамтраад ажиллах юм бол олон жил үргэлжилнэ гэсэн бодолтой байна. Тодотгож хэлбэл, бид л санаачилгатай байвал төсөл урт хугацаанд хэрэгжих боломжтой.

 

Дэвид Спрул:Цаашид ч Монголын эрдэс баялагийн салбарт туслалцаа үзүүлсээр байх болно

 

 

Канад улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэвид Спрулаас доорхи зүйлийг тодруулав.

 

-Канад улсын төслөөр Сургалтын танхим бий болж, Элчин сайд таныг өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд бүгд талархалтай байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе?

-Маш их баярлалаа, та бүхэнд өдрийн мэнд хүргээд ажлын их амжилт хүсэн ерөөе.

-Тэгэхээр сургалтын танхимын ач холбогдол, цаашид хэрхэн хөгжүүлэх тал дээр ямар бодолтой байна вэ?

-Канад улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор олон талын төсөл хэрэгжүүлж, бүтээлч ажил зохион байгуулдаг. Тэр тусмаа уул уурхай болон ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагааг илүү  сайжруулахад дэмжлэг үзүүлж байгаа. Канад улс бол эрдэс баялагийн салбарт тодорхой хэмжээний туршлагатай учраас үүнийгээ хуваалцаад эрдэс баялагийн салбарыг хөгжүүлэх, хариуцлагыг илүү өндөр болгоход техник арга зүйн дэмжлэг үзүүлж байгаа юм. Тиймээс Монгол Улсын уул уурхайн салбарт ажиллаж байгаа боловсон хүчнийг бэлтгэх, тэднийг сургах тал дээр туслалцаа үзүүлж байгаагийн нэг хэлбэр нь энэ сургалтын орчинг бүрдүүлэх байлаа.

-Сургалтын цаашдын үйл ажиллагааны талаар ямар бодолтой байна вэ?

-Тухайн сургалтад хамрагдсан мэргэжилтэн нь эрдэс баялагийн салбарт ажиллах хүмүүст сургаж, цаашдаа өвлүүлж үлдээхэд анхаардаг. Канад улсаас Монгол Улсад ээлтэй уул уурхайг бий болгоход, зөв зохистой ашиглахад туслалцаа үзүүлж байна, цаашид ч үзүүлсээр байх болно. Манай энэ төсөл цаашид хоёр талын ойлголцол дээр тулгуурлаад удаан хугацаанд хэрэгжих боломжтой юм. Бидний хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөн хүрээнд идэвхтэй хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаа. Тиймээс цаашид ч Монголын эрдэс баялагийн салбарт туслалцаа үзүүлсээр байх болно.

 



А.Цогтоо

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)