Г.Янсанжав: Төв банкны үндсэн зорилтыг өөрчлөх нь маш буруу
- 2017-12-06
- Эдийн засаг
- 0

Төвбанкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан Монголын Улсын гавьяат эдийн засагч Г.ЯНСАНЖАВТАЙ ярилцлаа.
-Төвбанкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг УИХ- аар хэлэлцэж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Хоёр зүйлд би шүүмжлэлтэй хандаж байна. Нэгдүгээрт, Төвбанкны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд Монголбанкны үндсэн зорилтыг тодорхой тусгасан байдаг. Тодруулбал, тухайн зүйлд “Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэж заасан. Гэтэл хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж буй төслөөр төгрөг гэдгийг нь хасч, Төвбанкны үндсэн зорилт бол инфляц байхаар тусгасан нь маш буруу. Хоёрдугаарт, Төвбанк төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бөгөөд энэ нь Төвбанкны Ерөнхийлөгч болох хүнийхээ нэрийг тодруулж УИХ-д өргөн барихаар хуульд тусгасан байна билээ. Ийм заалт оруулж буй нь үнэхээр сэтгэлд багтахгүй юм. Эдийн засаг хүндэрсэн, ёс зүй баримталдаггүй удирдлагуудтай байхад хуульд ийм заалт оруулбал дампуурчихсан байгаа Төвбанкыг бид бүрмөсөн алдлаа гэсэн үг.
-Төвбанкны зорилтыг өөрчилснөөр манай улсад ямар нөхцөл байдал үүсэх вэ?
-Төгрөгийн ханшийг бус инфляцыг тогтвортой байлгах зорилт дэвшүүлж ажиллах нь манай улсын нөхцөл байдалд ерөөсөө тохирохгүй. Хэрэв ийм байдлаар өөрчлөлт оруулбал инфляцыг барьж буй нэрэн дор төгрөг, ам.долларын ханш алдагдах нь. Цаашид ийм нөхцөл байдал үүсвэл Төвбанк, түүний хууль байх хэрэг алга. Төгрөгийн тогтвортой байдлыг хангана гэсэн Төвбанкны үндсэн зорилтыг хэн ч өөрчлөх эрхгүй. Учир нь Төвбанк эмиссийн төв буюу төгрөгийг хэвлүүлж гүйлгээнд гаргадаг байгууллага. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг гаргаж тодорхойлох нь дэлхийн жишиг. Гэхдээ Монгол Улсад эдийн засгийн нөхцөл бүрдээгүй, Төвбанк их алдагдалтай, бас их өртэй байгаа. 2012 онд нэг ам.доллар 1350 төгрөгтэй тэнцэж байсан бол одоо 2450 төгрөгт хүрсэн. Жишээлбэл, нэг иргэн 2012 онд 100 сая төгрөгийн хадгаламжтай байсан гэж бодвол 74074 ам.доллар, үүнийг одоогийн ханшаар тооцвол 40816 ам.доллар болж ам.долларын ханшийг өсгөж, төгрөгийн ханшийг унагаж байна. Ханшийн зөрүүнээс үүдэн 33258 /74074-40816/ ам.долларыг ханшийн зөрүү болох 1100 /2450-1350/ төгрөгөөр үржүүлэхээр 36583800 төгрөг алга болсон гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, ханшийн зөрүүг хүү нь нөхөж чадахгүй байна. Хэдэн төгрөгийн хадгаламжтай байсан жирийн иргэн ийм байдлаар хохирч байхад хадгаламж, зээлийн хүүг бууруулах бус харин нэг ам.доллартай тэнцэх төгрөгийг 2000 төгрөгөөс доош оруулах шаардлагатай. Харилцан уялдаатай эдийн засгийн үзүүлэлт болох төгрөгийн ханшийг унагасан нөхцөлд зээлийн хүүг нэмж зохицуулдаг мөнгөний онол үйлчилдэг. Гэтэл ийм нөхцөлд хүүг бууруулснаар төгрөгийг улам цаас болгохоор хуульчлахыг төр засгийн эрх баригчид завдаж байх шиг. Энэ нь ард иргэдэд халтай, төр, засагт ээлтэй болох нь мэдээж. Тэрбумаар тоологдох хадгаламжтай хүмүүст энэ асуудал огт хамааралгүй.
-Төвбанк төлөөлөн удирдах зөвлөлтэй байх нь ирээдүйд ашигтай гэсэн тайлбарыг холбогдох хүмүүс өгч байсан?
-Ямар ч хэрэггүй. УИХ нь шийддэг зарчмаараа явсан нь дээр. Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнолоо бүрэн хамгаалж, Төвбанк алдагдалгүй, өргүй болсон цагт одоо хийх гэж буй өөрчлөлтийг ярилцаж болох талтай. Төвбанк хуулийг зөрчдөг тухайлбал, аж ахуйн нэгжүүдэд зээл олгох эрхгүй атал олгосоор байх шиг. Төвбанкны хуулиар төгрөгийн тогтвортой байдлыг хангахаар заасан байхад нэг ам.доллар өнөөдрийн байдлаар 2450 төгрөгтэй харьцах болж, төгрөгийн ханшийг унагаж хуулиа зөрчсөөр байна. Цаашид Төвбанк хуулиа дээдэлж, ёс зүйтэй ажиллах цаг болсон гэж үзэж байна.
-Хэрэв Төвбанкны тухай хуулийн үндсэн зорилтыг өөрчилсөн байдлаар хуулийн төслийг баталбал иргэдэд ямар нөлөөтэй вэ. Ямар эрсдэл гарах бол?
-Төгрөгийн хадгаламжтай хүмүүс яаралтай буцаан авч болзошгүй. Ер нь төгрөгөөр цалинждаг бүх хүний цалинг ам.доллараар тооцоход маш бага цалинтай болж харагдаж байгаагаас багш, эмч нар цалингаа нэмүүлэх яриа гаргаж буйг буруутгах үндэслэлгүй. Цаашид бүх хүн энэ талаар ярих болно гэдгийг бодолцох нь зүйтэйг зөвлөж байна. Төвбанк хязгааргүй эрхээ ашиглан Арилжааны банк, иргэн хоёрын хооронд байгуулсан гэрээнд хөндлөнгөөс нөлөөлж болзошгүй болох нь. Тиймээс эрхийг нь хуулиар мөн тодорхой хэмжээнд хязгаарлах ёстой. Төвбанк гадаадаас олон тэрбум ам.долларын зээл авдаг. Түүнийгээ юунд зарцуулдаг нь тодорхой бус байдаг. Монгол Улс парламентын засаглалтай учраас Төвбанкныхаа бүх асуудлыг УИХ-аар оруулж шийддэг одоогийн зарчмыг хуучнаар нь хадгалсаар байя гэж үзэж байна. Цаашид энэ жишгээ баримталж явах нь зүйтэй.
-Олон улсын жишгийг дагаж Төвбанк зорилтыг өөрчилсөн юм биш үү?
-Европын орнуудын хувьд XVI зууны үеэс банк үүссэн байдаг. Банкууд бартаатай урт замыг туулсан, олон зуун жилийн түүхтэй. Гэтэл манай улсын хувьд банк хэзээ байгуулсан гэдгийг бодолцох хэрэгтэй. Мөн манай улсын эдийн засаг тогтворжоогүй. Сүүлийн үед Монгол Улсын эдийн засаг дампуурч байгаа, эсэх талаар мэргэжлийн хүмүүс их ярьдаг боллоо. Энэ нь Төвбанкны бодлого алдагдаж, үйл ажиллагаа нь муудсантай холбоотой. Төвбанкны алдагдал гурван их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Саяхан Төвбанкны нэгэн эрхэм есөн тэрбум ам.долларын өртэй гэсэн мэдээлэл хийсэн. Түүний хэлснээр манай улсын Төвбанк өрөнд баригдсан юм билээ. Өрөө төлж, алдагдлаа нөхөж чадахгүй байгаа нь Төвбанк дампуурснаас ялгаагүй. Тиймээс юуны түрүүнд Төвбанк үйл ажиллагаагаа жигдрүүлж, үндсэн зорилтоо хадгалах хэрэгтэй. Мөн хуулиа хэрэгжүүлэх шаардлагатай байна.
-Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох эсэхийг хөндөж, энэ талаар талууд ярилцаж байна. Эдийн засагчийн хувьд та үүнд ямар бодолтой байна вэ?
-Олон сувгаар олгож буй зээлийг Төвбанк хумиж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, Төвбанк мөнгөний бодлогоо бүрэн барьж чадахгүй байна гэсэн үг. Зээлийн хүүг эхлээд ярих биш Арилжааны банкны зээлийн эх үүсвэрийг ямар хөрөнгө бүрдүүлж байна вэ. Гол эх үүсвэрийн 70,80-аад хувийг иргэдийн хадгаламж бүрдүүлдэг. Зээлийн хүүг бууруулахаар төгрөгийн ханш улам унаж, гадаад валютынх өсөх магадлалтай. Төвбанкны удирдлагуудыг 2016 онд шинээр томилох тэр үед нэг ам.доллар 2000 орчим төгрөгтэй тэнцэж байсан байх. Тиймээс валютын ханшийг байсан тэр хэмжээнд нь буулгах хэрэгтэй. Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох биш төгрөг болон ам.долларын ханшийн хоорондын харьцааны дээд хэмжээг УИХ-аас тогтоож болох талтай. Тэгэхгүй бол энэ байдлаараа цаашид үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг Төвбанк цаас болгох төлөвтэй байна.
С.ЮМСҮРЭН

Сэтгэгдэл (0)