Сергей Лавров: Трампын баримталж буй бодлого Обамагийнхаас ялгаа алга
- 2017-12-09
- Дэлхий
- 0

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн сард Газар дундын тэнгисийн төв хэсэгт орших Мальт улсад зохион байгуулсан “Газар дундын тэнгисийн орнуудын хэлэлцээ 2017”- д оролцсон бөгөөд энэ үеэр Италийн “Libero” сонинд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэе.
-Энэ удаагийн форумд юуны талаар хэлэлцсэн бэ?
-Итали улсын Гадаад хэргийн яам болон тус улсын Олон улсын улс төр судлалын институтээс хамтран зохион байгуулж буй “Газар дундын тэнгисийн орнуудын хэлэлцээ 2017”-д гурав дахь удаагаа оролцох гэж байгаадаа таатай байна. Зохион байгуулагчдын идэвх зүтгэлийн ачаар Газар дундын бүс нутгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, богино хугацаанд шинэлэг санаа зөвлөгөөг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна. Өмнөх уулзалтуудаар Газар дундын тэнгис, Ойрхи Дорнод, Хойд Африкт тулгарч буй хямрал, мөргөлдөөнийг шийдвэрлэх, олон улсын терроризмтай тэмцэх талаар ярилцсан. Хэлэлцүүлэг үр дүнтэй өргөн хүрээг хамарсан. Өнөөдөр дэлхий дахин олон сорилттой тулгарч байна. Тухайлбал, террорист аюул заналхийлэл, улс төрийн болон нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдлыг дурдаж болно. ОХУ Газар дундын тэнгисийн орнуудтай хамтран тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм.
-Саяхан Итали дахь ОХУ-ын Элчин сайд Сергей Разовтай саяхан ярилцсан юм. Элчин сайд Европын холбооны ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ Итали тэргүүтэй олон оронд сөргөөр нөлөөлж байгаа хэмээсэн. Таны бодлоор Брюссель хэзээ хориг арга хэмжээгээ зогсоох вэ?
-Үнэндээ Европын холбооны ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ холбооны орнууд болон Кремлийн хамтын ажиллагаанд саад учруулж байна. Вашингтоны заавраар Брюсселийн удирдлагууд үндэсний продюсеруудын эсрэг бослого баримталж буй нь тодорхой. Хориг арга хэмжээ зөвхөн ОХУ-д бус Европын холбооны орнуудад ч сөргөөр нөлөөлж, эдгээр орон манай улс дахь зах зээлээ алдаж байгаа юм. АНУ-ын хувьд хохирох юм байхгүй. Харин хориг арга хэмжээ хэзээ эцэс болохыг бид мэдэхгүй. Энэ бол Брюсселийн шийдэх асуудал.
-ОХУ-ын агаарын хүчний тусламжгүйгээр “Исламын улс” бүлэглэлийг ялах боломж байгаа юу?
-Чиний асуултаас барууныхан “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэж, ОХУ тэдэнд тусалж байна гэж ойлгохоор байна. Бодит байдал дээр нөхцөл байдал эсрэгээрээ. АНУ “Исламын улс” бүлэглэлийн тэмцлийг тэргүүлж байгаа. Гэхдээ тус улс эвслээ НҮБ- ын Аюулгүй зөвлөлийн шийдвэрээр байгуулаагүй. Түүнчлэн Сирийн Засгийн газартай хамтран ажиллахгүй байгаа нь олон улсын эрх зүйн зөрчил юм. “Исламын улс” бүлэглэл Сирийн газар нутгийн 70 орчим хувийг эзэмшилдээ аваад байсан. ОХУ-ын Сирид ажиллагаа явуулсан хоёр жилийн хугацаанд 900 гаруй террорист сургалтын бааз, 1500 гаруй байлдааны тоног төхөөрөмж, 660 гаруй байлдааны нуувч, 1000 гаруй сууринг, нийт газар нутгийн 95 орчим хувийг “Исламын улс” бүлэглэлийн хяналтаас чөлөөлөөд байна. 2015 онд Ерөнхийлөгч В.Путин НҮБ- ын Аюулгүйн зөвлөлөөр тэргүүлүүлсэн эвсэл байгуулах санал тавьсан ч бүтэлтэй зүйл болохгүй байсаар өнөөг хүрсэн. Өнгөрсөн сарын 11-нд Вьетнамд болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Сирид цэргийн үйл ажиллагаа явуулж буй орнуудын төрийн тэргүүнүүд хамтарсан мэдэгдэл хийсэн. Энэ үеэр Сири улс “Исламын улс” бүлэглэлийг ялсан гэсэн нэгдсэн дүнд хүрсэн.
-ОХУ өнөөг хүртэл АНУ-тай харилцах харилцаагаа сайжруулна гэдэгт итгэсээр байгаа юу?
-Хоёр орны харилцаа төвөгтэй хэвээр байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа Оросыг “үзэн ядагчид” одоо хүртэл Кремлийг элдэв хууль бус хэрэгт гүтгэж, хутгасаар байна. Одоогийнх шиг ийм хүйтэн харилцаа ямар үр дүнд хүргэхийг үнэндээ хэлж мэдэхгүй. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Дональд Трамп ОХУ-тай харилцаагаа хэвийн болгож, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг хүсч байна гэж олон удаа мэдэгдсэн. Энэ тухайгаа Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярих үедээ болон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ч илэрхийлж байсан. Бодит байдал дээр Трамп хэлснээ огтхон ч хэрэгжүүлээгүй. Ерөнхийдөө Ерөнхийлөгч Трампын бүрдүүлсэн баг инерцийн шинжтэй байгаа юм. Түүнчлэн олон улсын хэмжээнд ОХУ-ын эсрэг найрсаг бус олон үйлдэл гаргасан. Тухайлбал, ОХУ-ын хил орчим дахь НАТО-гийн суурь баазуудыг бэхжүүлж, манай улсын гадаад бодлогыг үгүйсгэсэн. АНУ-ын Сан Франциско дахь Оросын Ерөнхий консулын газрын үйл ажиллагааг зогсоож, дипломатчдын эд хөрөнгийг хурааж авсан. Мөн сүүлийн үед АНУ-д Оросыг “үзэн ядах” үзэл идэвхжиж байна. Иймээс бид АНУ-аас эерэг үр дүн хүлээхээ нэгэнт больсон. Бид АНУ-ын хууль тогтоомж, үнэт зүйлсийг хүндэлсээр ирсэн. Харин АНУ эсрэгээрээ байсаар байна. Гэхдээ дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод буй терроризм, мансууруулах бодисын наймаа, ДОХ-ын тархалт, зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг хамтран ажиллана гэж найдаж байна. Ерөнхийлөгч В.Путин ОХУ, АНУ-тай хамтран ажиллахад ямагт нээлттэй байж, харилцаагаа сайжруулахад бэлэн гэдгээ олон удаа илэрхийлж байсан. Дональд Трамп Ерөнхийлөгч болсноор хоёр улсын харилцаанд ямар ч дэвшил гарсангүй. Барак Обамагийн засаг захиргааны үеийнхтэй адил байна. Трампын баримталж буй бодлого Обамагийнхаас ялгарах юм алга.
-Украины нөхцөл байдлыг хэрхэн тодорхойлох вэ. Крым цаашид ч Оросын нэг хэсэг байх уу?
-Украины зүүн өмнөд нутгийн нөхцөл байдал төвөгтэй хэвээр байна. Өнгөрсөн наймдугаар сард Нормандын дөрвөлийг шийдвэрээр гал зогсоох дэглэм хэрэгжүүлж эхэлсэн одоо ч буун дуу гарсаар байна. Гэхдээ үүнд гайхаад юм байхгүй. Украины Ерөнхийлөгч Петр Прошенко Донбассын энгийн иргэдийн эсрэг Минскийн хэлэлцээрийг зөрчин байлдааны хэрэгсэл ашиглахаа мэдэгдсэн. Украин хэзээ ч Нормандын дөрвөлийн шийдвэрийг дагаж байгаагүй. Харин крымчүүд бол өөрсдөө сонголтоо хийсэн. Тэд энхтайван, хөгжил цэцэглэлтийг сонгосон. Өөрөөр хэлбэл, крымчүүдийг хэн ч хүчлээгүй. Тиймээс тэд л бодлоо өөрчлөхгүй бол ОХУ-ын нэг хэсэг хэвээр байх болно.
-ОХУ олон туйлт (multipolar) дэлхийг байгуулахыг хичээж байна. Геополитикийн үзэл баримтлал нь юу вэ?
-Нэгдүгээрт, бид юу ч байгуулаагүй гэдгийг онцолмоор байна. Мэдээж хэн нэгний эрх ашигт нийцүүлэн дэлхийн дэг журмыг тогтооно гэдэг бүтэшгүй. Сүүлийн үед дэлхийн улс орнууд зөвхөн өөрийн эрх ашигт нийцсэн дүрэм журам тогтоохыг ихэд хичээдэг болж байна. Дэлхий баруун төвтэй бодлого хэрэгжүүлбэл дэлхий дахинд тулгамдаж буй асуудал үгүй болж, энхтайван цогцолж, цэцэглэн хөгжинө гэсэн ойлголт байхгүй. Олон улсад хамгийн ихээр тулгамдаж буй асуудал бол терроризм болоод байна. Өнөөдөр бид илүү шударга, илүү ардчилсан, олон талт, дэлхийн дэг журмыг бий болгох хэрэгтэй. Ази, Номхон далайн бүс нутаг, Латин Америк, Африкийн эдийн засаг, улс төрд “төвийн эрх мэдэл” -ийг бий болгох, бэхжүүлэхтэй холбоотой бие даасан гадаад бодлогыг хэрэгжүүлэхийг эрмэлзэж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь эргээд маш хортой. Үүнийг шийдвэрлэхийн тулд НҮБ-ын дүрмийн хүрээнд боловсруулсан олон улсын үндсэн зарчмууд, үүний дотор улс орнуудын тэгш эрх тэгш байдал, дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, маргааныг тайван замаар шийдвэрлэх зэрэг олон улсын амьдралын үндсэн зарчмуудыг эргэн харах хэрэгтэй байна.
Х.ЭРДЭНЭЗАЯА

Сэтгэгдэл (0)