Эрх чөлөөний хөшөө байдаг нь Нью-Йоркод халдлага гарахад нөлөөлсөн гэв

Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн “Times Square”-ийн метроны терминалд өнгөрсөн даваа гарагийн үдээс хойш нэгэн этгээд гар хийцийн тэсрэх бөмбөг дэлбэлж, халдлага үйлджээ. Халдлагын улмаас сэжигтэн этгээд болон гурван хүн хөнгөн бэртсэн байна. Албаныхны мэдээлснээр сэжигтэн 27 настай, Бангладешийн цагаач Агавай Өлки гэгч ажээ. Түүнийг “Исламын улс” бүлэглэлээс сэдэл авч энэ халдлагыг үйлдсэн гэж таамаглаж байна. Хэдий тийм боловч дээрх бүлэглэлтэй шууд холбоотой гэх нотлох баримт олдоогүй, хэргийг ганцаараа зохион байгуулсан байх магадлал өндөр байгаа аж. Манхэттен дүүрэг дэх автобусны гол терминал жилд 65 сая зорчигчид үйлчилдэг дэлхийн хөл хөдөлгөөн ихтэй газрын нэг юм. Сэжигтэн Бангладешаас ирсэн цагаач бөгөөд цахилгааны нэгэн компанид ажилладаг байсан гэнэ. Тэрбээр 2011 онд АНУ-д цагаачлалын визээр очсон аж. Бангладешийн Засгийн газрын мэдээлснээр сэжигтэн өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй гэнэ. “Times Square”-ийн доор байрлах метроны буудалд сүүлийн 20 жилд ийм халдлага гараагүй юм. Нью-Йорк хотноо өнгөрсөн сард “World Trade Center”- ийн ойролцоо ачааны автомашинтай халдлага болсон бөгөөд үүнтэй холбогдуулж, террористууд Нью-Йорк хотыг “бай”-гаа болгох болсныг ажиглагчид онцолжээ. Нью-Йорк хотын захирагч Эндрю Куомо “Энэ бол нью-йоркчуудын энхтайван байдлыг алдагдуулах гэсэн хүмүүсийн хийж буй оролдлого. Манай хотод Эрх чөлөөний хөшөө байдаг нь халдлагын золиос болоход нөлөөлсөн байж болох юм” гэжээ.

ЭНЭ ОНД ГАРСАН ТОМООХОН ТЕРРОРИСТ ХАЛДЛАГУУД

АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН 24-Египетийн Синайн хойгийн Бир-эль-Абед хотын нэгэн сүмд зэвсэгт этгээдүүд тэсрэх бөмбөг дэлбэлж, гал нээсний улмаас 305 хүн амь үрэгдэж, 130 гаруй хүн шархадсан. Энэ нь орчин цагийн Египетийн түүхэнд нэг халдлагын үеэр хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол болж байгаа юм. Халдлагыг ислам шашны суфи урсгалыг шүтэгчдийг “буруу номтнууд” гэж үздэг босогчдын аль нэгэн бүлэглэл үйлдсэн байж магадгүй гэж Египетийн холбогдох албаныхан үзэж байгаа.

НЭГДҮГЭЭР САРЫН 30 -Канад Улсын Квебек хотын ислам шашинтнуудын сүмд халдлага гарч, зургаан хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан. Халдлагыг Александр Биссоннетт гэгч Канад оюутан үйлдсэнийг нь тогтоосон. ГУРАВДУГААР САРЫН 22 -Их Британийн нийслэл Лондон хотын төв Уэстминстерт террорист халдлага болсны улмаас таван хүн амь үрэгдэж, 40 гаруй хүн шархадсан. Уэстминстерийн гүүрэн дээгүүр явж байсан явган зорчигчдыг “Hyundai i40” маркийн саарал өнгийн автомашинтай нэгэн этгээд дайрч, машинаасаа бууж, Лондон хотын төвд орших парламентын ордны гадна үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн офицерыг хутгалан хөнөөсөн билээ. Гэмт этгээдийг цагдаа нар хэргийн газарт буудаж устгасан.

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 3 -Санкт-Петербург хотын метронд дэлбэрэлт болж, 14 хүн амиа алдан, 51 хүн гэмтэж бэртсэн. Дэлбэрэлт орон нутгийн цагаар 14.40 цагт болсон бөгөөд “Сенная площадь” буудлаас “Технологический институт” хүрэх замд явж байсан цувааны нэг вагонд дэлбэрэлт болсон. Хууль хяналтын байгууллагынхан тэсрэх бөмбөгийг цүнхэнд хийн вагонд үлдээсэн гэж таамагласан юм. Дэлбэрэлт болсны дараа “Площадь Восстания” буудлаас өөр нэг тэсрэх бөмбөгийг илрүүлж, аюулгүй болгожээ. Халдлагыг Акбаржон Джалилов гэгч 22 настай Кыргиз гаралтай залуу үйлдсэн нь тогтоогдсон.

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7 -Шведийн нийслэл Стокгольм хотод ачааны автомашин явган хүний гарцаар гарч байсан хүмүүсийг дайрсан хэрэг гарсан. Шведийн Ерөнхий сайд дээрх хэргийг террорист халдлага хэмээн зарласан. Уг хэргийн улмаас таван хүн амиа алдаж, найман хүн бэртэж гэмтсэн. Халдлагыг үйлдсэн ачааны машин нь “Spendrups” компанийн эзэмшилд байдаг бөгөөд ачааны машиныг ресторанд ачаа хүргэх замд нь хулгайлсан байна. Хулгайлагдсан ачааны машины жолооч гэмт этгээдийг зогсоох гэж байгаад өөрөө шархаджээ. Халдлагыг 39 настай, Узбекистанаас ирсэн цагаач үйлдсэн нь тогтоогджээ.

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 9 -Египетийн христүүдийн мөргөл үйлддэг хоёр сүмд дэлбэрэлт болж, 40 гаруй хүн амиа алдсан. Энэ хэргийн улмаас Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси улсдаа гурван сарын онц байдал тогтоосон билээ. Эхний дэлбэрэлт Танта хотын Ариун Гергийн сүмд болсон бөгөөд энд 27 хүн амиа алдсан бол Александри хотын Ариун Маркийн сүмд болсон дэлбэрэлтэд 16 хүн өртөн амиа алдсан. Уг хэргийг “Исламын улс” үйлдсэн гэдгээ албан ёсоор зарласан.

ТАВДУГААР САРЫН 22 -Манчестер хотын “Манчестер Арена” цэнгэлдэхэд Америкийн дуучин Ариана Грандегийн тоглолтын үеэр дэлбэрэлт болсон. Салман Абеди гэгч амиа золиосолж, биедээ бэхэлсэн тэсрэх бөмбөгийг ажиллагаанд оруулсан. 22 хүн, тэр дундаа 12 хүүхэд амиа алдаж, 59 хүн шархадсан. Гэмт этгээд Абеди нь Манчестер хотын өмнөд дүүрэгт амьдардаг байсан бөгөөд Их Британид төрж, өссөн. Эцэг, эх нь Ливиэс цагаачлан ирсэн хүмүүс байжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд найман настай охин болон өсвөр насны хүүхдүүд байсан. Энэ халдлагын хариуцлагыг мөн л “Исламын улс” бүлэглэл хүлээсэн.

ЗУРГААДУГААР САРЫН 3 -Лондоны гүүрэн дээр автомашинаар хүмүүсийг дайрч, дараа нь машинаас хутга барьсан эрэгтэй бууж хүмүүс рүү халдсан. Гурван хүн амиа алдаж, 48 хүн бэртсэн. Цагдаа нар халдлага үйлдсэн этгээдийг хэргийн газарт устгасан. Үүний зэрэгцээ Лондон хотын Боро дүүргийн зах болон Воксхолл дүүрэгт давхар халдлага гарсан. Нэг шөнийн дотор гарсан цуврал халдлагын улмаас цагдаагийнхан Лондон хотын метроны дөрвөн буудлыг хааж, харуул хамгаалалтыг чангатгасан байна. Цуврал халдлагын улмаас зургаан хүн амиа алдаж, 60 гаруй хүн хүнд бэртсэн юм.

ЗУРГАДУГААР САРЫН 19 -Лондон хотод машинаар исламын сүмээс гарч явсан хүмүүсийг дайрч, нэг хүн нас барж, найман хүн бэртсэн. Фургоны жолоочийг гудамжаар явж байсан иргэд барьж аван цагдаа нарт хүлээлгэж өгсөн. Халдлага үйлдсэн этгээд 47 настай Даррен Осборн гэгч байв.

ЕСДҮГЭЭР САРЫН 15 -Лондон хотын баруун дүүрэгт байрлах “Парсонс-грин” метроны буудалд гар хийцийн тэсрэх бөмбөг дэлбэлж, халдлага үйлдсэн. Азаар дэлбэрэлтийн улмаас хүний амь эрсдээгүй, 29 хүн бэртэж, эмнэлэгт хүргэгджээ. Халдлагын хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл хүлээгээд байгаа. Лондон хотод он гарсаар тав дахь удаагаа террорист халдлага гараад байгаа юм.

ЕСДҮГЭЭР САРЫН 17 -АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт ачааны машинтэй этгээд явган зорчигчдыг дайрснаар найман хүн нас барж, 11 хүн хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Хэргийг 29 настай узбек гаралтай Саифулло Сайпов гэгч залуу үйлдсэн нь тогтоогдсон. Нью-Йорк хотын дарга Билл де Бласио уг хэргийг “Терроризм” хэмээн дүгнэсэн юм.

АРАВДУГААР САРЫН 3 -Лас Вегаст болсон кантри дуучин Жэйсон Алдеаны тоглолтын үеэр нэгэн буутай этгээд хөгжмийн наадмыг үзэж байсан хүмүүс рүү гал нээсний улмаас 59 хүн амиа алдаж, 530 орчим хүн шархадсан билээ. Уг халдлага болох үед тухайн газарт 20 мянга орчим хүн байсан аж. 64 настай Стефен Пэддок гэгч хэргийг үйлдсэн бөгөөд “Mandalay Bay” зочид буудлын 32 давхраас хүмүүс рүү автомат буугаар буудсан байна. Цагдаа нар зочид буудал руу дайран орж, зэвсэгт этгээдийг хөнөөсөн бөгөөд түүнийг хэргийг ганцаараа үйлдсэн гэж үзэж байгаа юм.

Э.БИЛГҮҮН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)