Япон улс боловсролын салбартаа 18 тэрбум ам.доллар төсөвлөжээ

Япон улсын Засгийн газар улсын төсвөө хэлэлцэж, боловсролын салбарт хоёр их наяд иен буюу ойролцоогоор 18 тэрбум ам.долларыг төсөвлөжээ. Мөн төсөвт ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад шаардагдах төсвийг ч хамт суулгасан байна. Гэхдээ одоо эдгээр өндөр дүнтэй төсвийг парламет ирэх өдрүүдэд болох чуулганаараа хэлэлцэж, батлах ёстой юм. Төсөлд тусгаснаар 800 орчим тэрбум иен буюу долоон тэрбум орчим ам.долларыг сургуулийн өмнөх боловсролд зарцуулах шинэ хөтөлбөр боловсруулсан байна. Шинэ хөтөлбөрт тусгаснаар 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар 0-2 насны хүүхэдтэй бага орлоготой өрхөд зориулсан асрамжийн тэтгэмж олгох болон 3-5 насны хүүхдэд зориулсан өдөр тутмын асрамжийн үйлчилгээнд уг мөнгийг зарцуулах ажээ. Харин 2020 оны санхүүгийн жилээс эхлэн бага орлоготой иргэдийн хүүхдийн их дээд боловсролын тэтгэлэгт хөтөлбөр, цаашлаад сургалтын төлбөрөөс хөнгөлөх гэх мэт зардалд долоон тэрбум ам.доллар төсөвлөжээ. Түүнчлэн 100 тэрбум иенийг асрах төвийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Япон улсын төсвийг бүрдүүлэхийн тулд тус улсын Засгийн газар 2019 оны аравдугаар сараас борлуулалтын татварын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ерөнхий сайд Шинзо Абэгийн Засгийн газар бага орлоготой өрхүүдэд зориулсан боловсрол, тусламжийн зардлыг нэмэгдүүлж байгаа нь өнгөрсөн сард болсон сонгуулийн үр дүн гэж ард иргэд нь үзэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)