Нисдэг тэрэгний цонх сургуулийн биеийн тамирын талбайд унажээ

Японы Окинава мужийн Гинован хотын бага сургуулийн биеийн тамирын талбайд АНУ- ын цэргийн “CH-53” нисдэг тэрэгний цонх салж унасны улмаас нэгэн сурагч хөнгөн бэртэл авсан талаар “Эйн-Эйч-Кей” телевиз мэдээлжээ. Уг сургууль нь Америкийн цэргийн “Фүтэмма” баазын залгаа оршдог ажээ. Энэ үеэр тус талбайд биеийн тамирын хичээл орж байсан бөгөөд тэнд 30 хүүхэд байжээ. Өнгөрсөн долоо хоногт энэ дүүрэгт хүүхдийн цэцэрлэгийн дээвэр дээр цилиндр хэлбэрийн бас нэгэн зүйл унасан юм. Уг биетийг “CH-53” онгоцны хэсэг байж магадгүй гэж үзэж буйгаа Японы Батлан хамгаалах яам мэдэгдсэн хэдий ч Америкийн тал уг мэдээллийг няцаасан юм. “Иймэрхүү хэргүүд Окинава мужийн оршин суугчдын аюулгүй байдалд эрсдэл учруулж байна. Ийм хэргийг хэрхэвч зүгээр өнгөрөөж болохгүй” гэж Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга мэдэгдсэн байна. Хэргийн учрыг олж илрүүлтэл цэргийн тээврийн “CH- 53” онгоцуудаар нислэг үйлдэхгүй байхыг Японы Батлан хамгаалах яам Америкийн цэргийн хүчнийхнээс шаарджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)