Орон сууцны үнэ өсөхгүй
- 2017-12-15
- Эдийн засаг
- 0

Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийнхан арваннэгдүгээр сарын орон сууцны үнийн индексийн судалгааны үр дүнг танилцууллаа. Судалгаанд дурдсанаар орон сууцны үнийн ерөнхий индекс 1.1 болж суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 1.1 хувиар өсчээ. Энэ нь өмнөх сараас 0.16, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.24 хувиар өссөн дүн юм. Үнийн индексийн үзүүлэлтийг шинэ болон хуучин орон сууцаар ангилж үзвэл, шинийнх нь 1.16 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.26 хувиар өссөн байна. Харин хуучин орон сууцных 0.92 болж суурь үеэс 8.55 хувиар буурсан дүнтэй гарчээ. Өнгөрсөн сард зах зээлд нийлүүлсэн шинэ орон сууцны үнэ нэмэгдсэн орон сууцны үнийн индекс өсөхөд нөлөөлжээ. Хоёр жил гаруй үргэлжилсэн орон сууцны үнийн бууралт саарч, одоогоор орон сууцны үнийн индексийг анх тооцож эхэлсэн үеийн төвшинд хүрчээ. Шинэ орон сууцны дундаж үнэ ам метр нь 2201000 төгрөг болж өмнөх сараас 1.06, өнгөрсөн оны мөн үеэс 6.77 хувиар өссөн байна. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага байна. Харин хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ 1.223.000 төгрөг болж өмнөх сараас 0.89, өнгөрсөн оны мөн үеэс 4.17 хувиар буурчээ. Чингэлтэй дүүрэгт хуучин байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага байна. Баянгол дүүргийн I хороо, Алтай хотхонд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард орон сууцны ам метрийн дундаж үнэ 1634171 төгрөг байсан бол энэ онд 1623781 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар буурчээ.
“Тэнхлэг зууч” компанийн гүйцэтгэх захирал Д.Должинсүрэнгээс цөөн зүйлийг тодрууллаа.
-Цаашдаа орон сууцны үнийн хэлбэлзэл ямар байх бол?
-Төрийн ямар нэгэн бодлого, банкны эх үүсвэрийн хөшүүрэггүйгээр цэвэр зах зээлийн нөхцөлийг авч үзвэл орон сууцны үнэд ямар ч өөрчлөлт орохгүй. Өмнөх жилүүдтэй харьцуулахад нийлүүлэлтийн асар их илүүдэлтэй болчихсон, нөгөө талаасаа иргэдийн худалдан авах чадамж нэлээд буурсан. Нийлүүлэлт илүүтэй, эрэлт сул байгаа учир орон сууцны үнэ өсөхгүй. Цаашдаа энэ чигээрээ явах юм бол буурах хандлага ажиглагдана. Харин ипотекийн журмыг өөрчлөхөөр болсон нь орон сууцны үнэд нөлөөлж магадгүй. Мөн ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрийн дараагийн шатыг хэрэгжүүлээд манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм бол иргэдийн худалдан авах чадвар өснө.
-Ипотекийн зээлийн журмыг өөрчлөхдөө урьдчилгааг бууруулна гэж байсан. Энэ нь зөв шийдэл мөн үү?
-Ипотекийн зээлийн журмыг одоогоор хэрхэн өөрчлөх нь тодорхойгүй байна. Улсын төсөвт ипотекийн зээлд 120 тэрбум хүрэхгүй төгрөг төсөвлөсөн. Ипотекийн зээлийн журмыг одоогийнх шигээ найман хувиараа явуулах, урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт рүү оруулах гэсэн хувилбарыг ажлын хэсгийнхэн сонгож байна. Миний бодлоор аль ч хувилбараар нь явсан иргэдээ төдийлөн дэмжсэн зүйл гэж харахгүй байна. Учир нь, 120 тэрбум хүрэхгүй төгрөг дотроо л эргэлдэж байгаа учраас ингэж хэлж байгаа юм. Харин түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон нь одоо үүсчихээд байгаа чадавхгүй хэрэгцээнүүд /эрэлт бий болж чадахгүй байгаа/-ийг тодорхой хэмжээнд намдаах болов уу гэж харж байна. Тиймээс энэ хөтөлбөрийг онцгойлон дэмжих хэрэгтэй.
Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл (0)