Хойдууд дахин цөмийн туршилт хийж магадгүй гэв
- 2017-12-16
- Дэлхий
- 2

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон БНАСАУ-тай ямар нэг болзолгүйгээр хэзээ ч яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн мягмар гаригт АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болсон нэгэн хуралд үг хэлэхдээ “Бид боломжтой үед нь ямар ч нөхцөл болзолгүйгээр Пхеньянтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэсэн байна. Өмнө нь Тиллерсон цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахаас нь нааш Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийхгүй гэж байсан билээ. Харин БНАСАУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Жа Сон Нам “Хэрвээ тавьсан нөхцөлүүдийг хүлээн авбал манай улс АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж мэдэгджээ. Тэрбээр өмнө нь “АНУ дайсагнасан бодлогоо өөрчилж, манай улсыг “цөмийн зэвсэгтэй улс” гэж хүлээн зөвшөөрвөл яриа хэлэлцээ хийх тухай бодож болох юм” хэмээж байсан юм. Гэхдээ АНУ-ын энэ саналыг Пхеньян хүлээж авна гэдэгт ажиглагчид эргэлзэж байна. Учир нь, Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун саяхан “Манай улс энэ дэлхийн хамгийн хүчирхэг цөмийн зэвсэгтэй гүрэн болох болно” гэсэн билээ. Пхеньян цөмийн болон пуужингийн туршилт удаа дараалан хийсэнтэй холбоотойгоор АНУ болон Хойд Солонгосын харилцаа сүүлийн үед эрс хурцдаж, хоёр орны төрийн тэргүүн нар нэг нэгийгээ “пуужинтай залуу”, “хөгшин зөнөг”- өөр нь дуудалцсан билээ. Ким Жөн Ун Хойд Солонгосыг хамгийн хүчирхэг цөмийн болон зэвсэгтэй улс болгохоо нэгэнт мэдэгдээд буй. Тэрбээр “Хвасон-15” тив алгасагч пуужинг Төв намын болон ард түмний түүхэн ялалт гэж нэрлэсэн. Түүний хэлснээр тус улсын батлан хамгаалах салбарын хөгжил бие даан хүссэн зэвсгээ үйлдвэрлэх чадалтай болсон. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр Хойд Солонгос пуужингийн туршилт хийснээр Солонгосын хойг дахь асуудал дахин хурцдаж эхэлсэн юм. Пхеньяны эх баригчдын мэдэгдснээр “Хвасон-15” нэртэй шинэ төрлийн пуужин нь 53 минутын дотор 4475 км өндөрт хөөрсөн бөгөөд 950 км замыг туулсан билээ. Түүнчлэн тэдний мэдэгдснээр “Хвасон-15” пуужингийн толгойг цөмийн зэвсгээр солих боломжтой бөгөөд АНУ ямар ч цэгт асуудалгүй хүрэх аж. Тэгвэл тус улс дахин цөмийн туршилтад бэлтгэж байж болзошгүй гэж “Korea Times” мэдээлжээ. Өнгөрсөн есдүгээр сарын 3-нд хийсэн зургаа дахь удаагийн цөмийн туршилтын хор нөлөө, үр дагавар бүрэн гүйцэт арилаагүй байхад дахин туршилтад бэлтгэж байгаа сэжиг бүхий үйлдэл, үйл ажиллагаа Пунгери дэх цөмийн туршилтын баазын орчмоос ажиглагдсан байна. Хиймэл дагуулаас авсан дүрсийн дагуу Фрэнк Фабиан, Жозеф Бермудез Жуниор болон Жэк Лью нарын шинжээч хамтарсан дүгнэлт гаргажээ. Энэ удаад цөмийн туршилт явуулдаг газар доорх байгууламжийн баруун хаалганы ойролцоо сэжиг бүхий зүйл илэрсэн байна. Олон тооны машин, техник хэрэгсэл, хүмүүс холхиж, уурхайн гүний тэргээр хөрс, шороо зөөж байгаа нь газар доорх байгууламжийн баруун хаалгыг цэвэрлэж, ээлжит цөмийн туршилтдаа бэлтгэж буй дохио байж мэднэ гэж шинжээчид тайлбарлажээ.
Б.Саруул

Сэтгэгдэл (2)
зочин (59.153.115.55)
Хойдууд шулууджээ
kiuj (41.85.161.136)
БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээлд хамгийн бага үнээр тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com