Ким Жон Ун:Цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлнэ

 НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд өнгөрсөн баасан гарагт 2397 дугаар тогтоолыг баталж, Умард Солонгост үзүүлэх шахалтаа чангатгахаар боллоо. Энэ удаагийн тогтоолыг батлахыг Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн улс бүгд дэмжсэний дотор Умард Солонгосын худалдааны гол түншүүд болох Хятад, ОХУ багтжээ. Пхеньяны эрх баригчид Олон улсын хамтын нийгэмлэгийн тогтоолыг үл хайхран баллистик пуужин дахин туршсаны хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээгээ ийнхүү чангатгасан байна. Тогтоолд, Умард Солонгосын Засгийн газрын компаниудын боловсруулсан газрын тосны импортыг хоёр саяас 500 мянган баррель болгон бууруулж, түүхий нефтийн импортыг жилд дөрвөн сая баррелиас илүүгүй байлгахаар тусгажээ. Мөн Ардчилсан Солонгосын хилийн чинад дахь ажиллах хүчийг товлосон хугацаанд нь эргүүлэн татах заалт багтсан байна. Улмаар Умардын эрх баригчдыг санхүүгийн зорилгоор ажиллах хүч экспортлохыг нь хязгаарлах юм. Түүнчлэн АНУ-ын санаачилгаар боловсруулсан Аюулгүйн зөвлөлийн тогтоолд заасны дагуу Умард Солонгост түлш шатахуун нийлүүлэхэд хатуу хязгаарлалт тогтоож, худалдааны хоригийг улам чангатгахаар шийдвэрлэсэн байна. Умард Солонгосын хүнсний бүтээгдэхүүн, техник, хүнд даацын автомашин,тоног төхөөрөмж, электрон төхөөрөмж, модон материалын экспорт, аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн импортод хориг тавих тухай тусгажээ. АНУ-ын холбогдох албадын мэдээлж буйгаар, Умард Солонгос 2016 онд 4.5 сая баррель газрын тосны бүтээгдэхүүн импортолж байсан бол дээрх тогтоолыг хэрэгжүүлснээр энэ хэмжээ 90 хувиар буурах юм. Тогтоолд дурдсаныг үзвэл, Умард Солонгосоос ажиллах хүч авах талаар байгуулсан гэрээ хэлэлцээрээ нэн даруй цуцалж, тус улсын ажилчдыг нутагт нь яаралтай буцаах шаардлагыг Аюулгүйн зөвлөлөөс НҮБ-ын гишүүн бүх улс оронд тавьжээ. Уг шаардлагыг биелүүлэхэд 24 сарын хугацаа өгсөн байна. Умард Солонгосын эрх баригчид голдуу барилгын мэргэжилтэй ажилчдаа гадаад орнуудад экспортолдог бөгөөд үүний зорилго нь тус улсад орж ирэх гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх явдал юм. Харин залуу удирдагч Ким Жон Уныг цөмийн зэвсгийн бодлогоо үргэлжлүүлэхэд ямар нэгэн хориг арга хэмжээ нөлөөлөхгүй бололтой гэж NHK агентлаг өчигдөр мэдээлжээ.

Ингэхдээ Умард Солонгосын Төв телевизийн мэдээг эш татсан байна. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Хөдөлмөрийн намын Төв хорооны хорооны хуралдааны дараа "АНУ-аар толгойлуулсан манай дайсны хүчнүүд бидэнд дарамт, шахалт үзүүлэх нэрийн дор хориг арга хэмжээ авлаа. Манай улс дайсныхаа өдөөн хатгалгыг сөрөн зогсох болно. Үнэндээ тэдний бодлого улс орныхоо эсрэг хүчирхийллийг бий болгодог. Манай ард түмэн эхэлснээ дуусгаж, стратегиа үргэлжлүүлэхийг хүсч байна" хэмээснийг эх сурвалж уламжилжээ. БНАСАУ-ын Гадаад хэргийн яам, Пхеньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой шинэ хориг арга хэмжээний тогтоолыг эсэргүүцсэн байна. Уг мэдэгдэлд, НҮБ-ын шинэ тогтоол Солонгосын хойгийн нөхцөл байдлыг тогтворгүй болгосон түрэмгий үйлдэл боллоо хэмээн тодотгожээ. АНУ тэргүүтэй Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд зургаан талт хэлэлцээрийг яаралтай сэргээж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилтоо хэрэгжүүлэхийг санал болгов. Тухайлбал, Хятад улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ү Хайтао “Хориг тавьснаар Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн хэрэгжилтийг зогсоож чадахгүй. Цогц арга хэмжээ хэрэгжүүлж асуудлыг зохицуулна. Иймд талууд өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, асуудлыг энх тайвнаар зохицуулж, зургаан талт хэлэлцээрийг эхлүүлэх шаардлагатай” хэмээв. Энэ удаагийн хориг арга хэмжээ нь 2006 оноос хойш БНАСАУ-ын цөмийн туршилттай холбоотой Аюулгүйн зөвлөлийн баталсан 10 дахь тогтоол юм.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.9.44.85)

    2017-12-25

    нэгэнт цөмын зэвсэгтэй болсон улсыг хүлээн зөвшөөрч энхтайван замаар асуудлыг аажим бууруулах намжаах байдард оруулах хэрэгтэй