“Тембин” хар салхи Филиппинийг дайрчээ
- 2017-12-25
- Дэлхий
- 0

Филиппиний нутгийн өмнөд хэсгийг дайран өнгөрсөн халуун орны хүчтэй хар салхины улмаас 180 гаруй хүн амиа алдаж, олон арван хүн сураггүй болсон байна. "Тембин" хар салхи болсны дараа Минданао арлын хэд хэдэн дүүрэгт үер буужээ. Цагт 80 километрийн хурдтай ширүүн салхи Минданао арлыг дайран өнгөрөөд Палаван арлын өмнөд хэсэгт хүрч, улмаар баруун зүгийг чиглэсэн байна. Филиппиний Тубод, Пиагапо хот гамшигт хамгийн ихээр өртөж байшин барилга нурж сүйджээ. Тубод хотын цагдаагийн газрын төлөөлөгчийн ярьснаар, тус хотод 19 хүн амиа алджээ. Филиппинд халуун орны хүчтэй салхи байнга болдог боловч энэ гамшигт Минданао арал өртөж байсан тохиолдол харьцангуй цөөн юм. “Тембин” хар шуургыг филиппинчүүд Винта гэж нэрлэдэг бөгөөд уг шуурганы өмнөхөн тус арлын хэд хэдэн дүүрэгт онц байдал зарласан байна. Филиппиний төв нутгийг халуун орны "Кай-Так" хар салхи өнгөрсөн долоо хоногт дайран өнгөрсний улмаас олон арван хүн амиа алджээ. Түүнээс гадна 2013 онд "Хайан" гэдэг хар салхи тус бүс нутгийг дайран өнгөрөхдөө таван мянга гаруй хүний аминд хүрсэн бөгөөд гамшгийн хор уршгийг өнөөг хүртэл арилгаж чадаагүй байна.

Сэтгэгдэл (0)