Цагаан сарын үеэр алтны ханш өснө
- 2017-12-26
- Эдийн засаг
- 0

Алтны ханш энэ он гарснаас хойш ес гаруй хувиар өсч, 1266 ам.долларт хүрээд байна. Бусад металлтай харьцуулахад ханш нь сул байгаа ч ашигтай хөрөнгө оруулалтын хэлбэрт тооцогдсон хэвээр байна гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид үзэж байна. Тус банкны эдийн засагчид “Улирлын чанартайгаар буюу нэгдүгээр сард алтны эрэлт өсөх хөдөлгөөн ажиглагддаг тул ирэх оны эхний улиралд ханш нь өснө” гэж таамаглаж байна. Цагаан сарын баяраар үнэт эдлэлийн худалдан авалт өсдөгтэй холбоотойгоор бусад үнэт металлуудын ханш ч өснө гэж тус салбарынхан таамаглажээ. Тийм учраас хөрөнгийн зах зээлийн тоглогчдод энэ сардаа багтаан алт, мөнгөний салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцааг худалдан авч, ирэх оны эхний улиралд арилжихыг зөвлөж байгаа юм. Харин “Scotiabank”-ны судалгааг харвал ирэх онд алтны тэргүүлэх ордуудын гарц төдийлөн нэмэгдэхгүй гэж тооцсон байна. Томоохон уул уурхайн компаниуд хайгуулын ажилд анхаарал хандуулж, уурхайн анхан шатны бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ гэж үзжээ. Тиймээс нийлүүлэлт төдийлөн өсөхгүй тул зах зээлийн хуулиар таваарын ханш өсөх магадлал өндөр гэж дүгнэжээ. Тус банкны таамгаар ирэх онд нэг унци алтны ханш 1300 ам.доллар хүрэх төлөвтэй байна. “Royal bank of canada” ч мөн алтны ханш 1300 ам.доллар давна гэх тооцоог танилцуулжээ. Өөрөөр хэлбэл, алтны ханш өнөөгийн ханшаас 40 орчим ам.доллараар өснө гэсэн үг юм.
Б.Эрдэнэ

Сэтгэгдэл (0)