Л.Бямбасүрэн: Амбулаторийн үзлэгийн 15 хувийг томуу, томуу төст өвчин эзэлбэл сургууль, цэцэрлэгийг түр хугацаанд хаана
- 2017-12-26
- Үнэн
- 0

Томуу, томуу төст өвчин болон халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтлийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яам, холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.БЯМБАСҮРЭНТЭЙ ярилцлаа.
-Томуу, томуу төст өвчний тархалт эрс нэмэгдэж, дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч байгаа талаар мэдээлэл гарч байна. Өнөөдөр бодит нөхцөл байдал ямар байна вэ?
-Тархвар судлалын 50 дахь долоо хоногийн мэдээгээр улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 6.2 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногийн мөн үеэс 1.3 хувиар их, сүүлийн гурван жилийн дунджаас 1.6 хувиар бага үзүүлэлт. Томуу, томуу төст өвчин нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийнхоос өссөн үзүүлэлт юм.
-Ор хүрэлцэхгүйн улмаас хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөнийг коридорт хүлээн авах тохиолдол цөөнгүй гарч байгаа гэсэн. Ер нь жил бүр л ийм үзэгдэл гарч байх юм. Энэ асуудлыг салбар яамны зүгээс хэрхэн зохицуулж байна вэ?
-Өнөөдөр /өчигдөр/-ийн байдлаар нийслэлийн хэмжээнд 869 оронд 1481 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ нь орны ачаалал 79 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Гэхдээ дүүргийн эмнэлгүүдийн хувьд насанд хүрэгчдийн орыг хүүхдийн тусламж үйлчилгээнд шилжүүлэн ажиллаж байгаа. Тухайлбал, одоогоор насанд хүрэгчдийн 279 орыг шилжүүлсэн. Мөн нөөц өрөөнд 300 гаруй орыг байрлуулж бэлтгэсэн. Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байгаа учраас энэ мэт арга хэмжээг авч байгаа юм. Орны ачаалал хэдий нэмэгдсэн ч хүүхдийг өнгөрсөн жилүүдийнх шиг эмнэлгийн шалан дээр хэвтүүлэхгүй байх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Гэхдээ ямар ч аргагүй тохиолдолд коридорт 1-2 хоног хэвтүүлэх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй.
... Өнөөдөр /өчигдөр/- ийн байдлаар нийслэлийн хэмжээнд 869 оронд 1481 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ нь орны ачаалал 79 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Гэхдээ дүүргийн эмнэлгүүдийн хувьд насанд хүрэгчдийн орыг хүүхдийн тусламж үйлчилгээнд шилжүүлэн ажиллаж байгаа. Тухайлбал, одоогоор насанд хүрэгчдийн 279 орыг шилжүүлсэн. Мөн нөөц өрөөнд 300 гаруй орыг байрлуулж бэлтгэсэн. Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байгаа учраас энэ мэт арга хэмжээг авч байгаа юм....
-Өнөөдөр /өчигдөр/- ийн байдлаар хэчнээн хүүхэд эмнэлгийн коридорт хэвтэн эмчлүүлж байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд 36 хүүхэд коридорт эмчлүүлж байна. Эдгээр хүүхэд урьд шөнө ирж хэвтсэн. Тиймээс эмчилгээ хийж дууссан хүүхдүүдийг гаргаж, ариутгал хийсний дараа өрөөнд шилжүүлнэ. Орны ачаалал нэмэгдэхээр хүний нөөц тулгамдсан асуудал болдог. Иймд дүүргийн эмнэлэг бүрт 2-6 резидент эмч, Анагаахын шинжлэх ухааны төгсөх ангийн оюутныг нэмж ажиллуулж байна. Мөн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 22.00 цаг хүртэл, бямба гарагт 10.00- 16.00 цагийн хооронд үзлэг, үйлчилгээ үзүүлж байгаа юм.
-Ерөнхий боловсролын сургуулийн улирлын амралтыг сунгах талаар холбогдох байгууллагууд хэлэлцэж байна. Зайлшгүй сунгах нөхцөл байдал үүсэв үү. Ажлын хэсгээс ямар дүгнэлт гаргасан бэ?
-Нийслэлийн хэмжээнд зарим цэцэрлэг, сургуулийг сонгон ирцийн байдалд нь тандалт хийхэд цэцэрлэгийн хүүхдүүдийн ирц 75 хувь, сургуулийн хүүхдүүдийн ирц 95 хувьтай гарсан. Мөн өвчлөөд байгаа хүүхдүүдийн дунд тандалт хийхэд цэцэрлэгтээ ирээгүй хүүхдүүдийн 70 гаруй хувь нь томуу, томуу төст өвчин туссан байна. Сургуульдаа ирээгүй хүүхдүүдийн 30 гаруй хувь нь мөн өвчнөөр өвчилсөн байна. Энэ жилийн хувьд томуу, томуу төст өвчин 5-6 вирусийн давхар эргэлтэд явж байгаа. Ийм тохиолдолд хүүхдүүд нэг вирусээр өвдөөд эдгэрэх явцдаа дахин өөр вирусийн халдвар авч хүндрэх магадлал өндөр байдаг. Тиймээс хүүхдийн томуу, томуу төст өвчин хүндрээгүй тохиолдолд аль болох гэртээ эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхийг эцэг, эхчүүдэд зөвлөж байна. Эмнэлэгт хүүхдээ асарсан эцэг, эхчүүдэд ажлаас чөлөөлсөн лист олгодог боловч гэрийн нөхцөлд асарсан тохиолдолд олгодоггүй. Иймд энэ асуудлаар холбогдох байгууллагатай ярилцаж байна. Мөн хүүхэд нь томуу, томуу төст өвчнөөр өвдсөн эцэг, эхчүүдэд ажлынх нь газраас цалинтай чөлөө олгохыг уриалж байна. Ийм байдлаар томуу, томуу төст өвчнийг эрүүл мэнд болон эдийн засгийн хохирол багатай даван туулах хэрэгтэй. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг ирэх сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-нийг хүртэл сунгах урьдчилсан төлөвлөлт хийгээд ажиллаж байна.
-Ер нь томуу, томуу төст өвчний дэгдэлт цаашид нэмэгдвэл ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаалын дагуу хэрэв, амбулаторийн үзлэгийн 15 хувийг томуу, томуу төст өвчин эзэлбэл сургууль, цэцэрлэгийг түр хугацаанд хаах, нийтийг хамарсан үзвэр үйлчилгээ зэргийг түр хязгаарлах арга хэмжээг авна. Мөн амбулаторийн үзлэгийн 10-аас дээш хувийг томуу, томуу төст өвчин эзэлсэн тохиолдолд өрхийн эмнэлгийн эмч нар гэрт нь очиж үйлчилгээ үзүүлэх шат дараалсан арга хэмжээ авдаг. Тиймээс энэ хэмжээнд хүргэхгүй байх талд анхаарч, төлөвлөгөө гарган ажиллаж байна.
-Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийг насны ангиллаар авч үзвэл, хэдээс хэд орчим насныхан илүү өртөмтгий байна вэ?
-Нийт өвчлөгсдийн 87.7 хувийг 15, 57.7 хувийг дөрөв хүртэлх насны хүүхэд эзэлж байна гэсэн дүн мэдээ бий.
-Зорилтот бүлгийнхнийг дархлаажуулах ажлын талаар мэдээлэл өгнө үү. Өнгөрсөн жил хатгалгааны эсрэг вакцин хийсэн. Энэ жил хэчнээн хүн/тун вакцин оруулж ирсэн бэ?
-Өнгөрсөн жил 45-55 мянган хүн/тун вакцин импортолж авсан. Харин энэ жил 220 мянган хүн/ тун вакцин оруулж ирэн өнгөрсөн аравдугаар сарын 16-наас томуугийн дархлаажуулалтын вакцин хийж эхэлсэн. Ингэхдээ агаарын бохирдол ихтэй бүсэд байрлах сургууль, цэцэрлэгийн 40 мянга гаруй хүүхдэд томуугийн вакцин хийсэн. Ажлын өдрүүдэд 09.00-15.00 цагийн хооронд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетэд очиж томуугийн эсрэг тарилгыг хийлгэх боломжтой. Өнгөрсөн онд Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 48 мянган хүүхдийг уушгины хатгалгааны эсрэг вакцинд хамруулсан. Энэ онд Баянзүрх, ирэх жил бусад дүүргийг хамруулахаар төлөвлөсөн. Уушгины хатгалгааны эсрэг дархлаажуулалтыг 2020 онд улсын хэмжээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг базааж байна. Мөн амьсгалын замын өвчлөл түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тав хүртэлх насны 393 мянга гаруй хүүхэд, 73 мянга гаруй хөхүүл эхийг А аминдэмээр хангах ажлыг зохион байгуулсан. Өвөлжилт хүндрэх магадлалтай 13 аймгийн 110 сумын эх, хүүхдэд арван төрлийн аминдэм, таван төрлийн эрдэс бодис бүхий биобэлдмэлийг хүргүүлж байгаа.
С.Юмсүрэн

Сэтгэгдэл (0)