С.Лавров: АНУ, Пхеньяны эрх баригчид өдөөн хатгалгаа зогсоо
- 2017-12-28
- Дэлхий
- 2

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров АНУ, БНАСАУ-ын талыг өдөөн хатгалгаа зогсоож, ямар ч болзолгүйгээр хэлэлцээр хийхийг уриаллаа. С.Лавров “АНУ, БНАСАУ харилцан өдөөн хатгасан үйлдлээ зогсоож, болзолгүйгээр хэлэлцээр хийж олон улсын хэмжээнд үүссэн сөргөлдөөнөө зогсоох шаардлагатай байна. Хэлэлцээрийг АНУ, Умард Солонгосын хооронд буюу бусад орныг оролцуулсан олон талт хэлбэрээр зохион байгуулбал манай улс дэмжинэ. Солонгосын хойгийн зургаан талт яриа хэлэлцээрт оролцогч талууд өндөр хариуцлага хүлээн алсыг харж, бүс нутагт сөргөлцөх байдал үүсгэх алхам хийхээс зайлсхийх ёстой” хэмээн мэдэгджээ.
РИА Новости агентлагийн уламжилснаар, Оросын Гадаад харилцааны сайд Солонгосын хойгийн асуудлыг яриа хэлэлцээний үндсэн дээр шийдвэрлэхийн тулд Пхеньянтай харилцаагаа таслах бус хөгжүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэжээ. Умард Солонгос төдийгүй АНУ болон түүний холбоотнууд хямралыг өдөөн хатгах аливаа алхмаас зайлсхийж, яриа хэлэлцээр хийж эхэлнэ гэдэгт бид бат итгэж байна. Орос улс яриа хэлэлцээ хийхэд бүх талаар тусалж дэмжихийг хүсчээ. Сергей Лавровын уриалгын хариуд Вашингтоны тал Умард Солонгосын асуудлаар хэлэлцээр хийх тухай мэдээлэл өгч, ирэх онд цэргийн сургуулилт хийх төлөвлөгөөгөө мэдэгдсэн юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Умард Солонгосын эрх баригчид НҮБ-ын тогтоолыг баримтлах зайлшгүй шаардлагатай. ОХУ, АНУ-ын харилцаа сайжрахад Умард Солонгос, Украины асуудал үүнд саад учруулж байна” хэмээсэн бол С.Лавров Америкийн талд хандан “Умард Солонгос руу чиглэсэн түрэмгий үг хэллэгээс зайлсхийж, тус улсын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг зөвхөн дипломат арга замаар шийдвэрлэх хэрэгтэй. Иракт үй олноор хөнөөх ямар ч зэвсэг үлдээгүй учир АНУ цохилт өгсөн юм.
Харин БНАСАУ-д цөмийн зэвсэг бий хэмээн сэжиглэж биш харин яг баттай мэдэж байгаа тохиолдолд Вашингтоны эрх баригчид үйлдлээ хянах хэрэгтэй. Хэрвээ байдал хурцадвал Өмнөд Солонгос, Умард Солонгос, Японд төдийгүй хүн төрөлхтөн гамшиг амсах болно” хэмээв. Мөн Украины асуудалтай холбоотойгоор ОХУ болон АНУ багагүй санал зөрөлдөөнтэй байгааг С.Лавров дурдсан байна. Солонгосын хойгт үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын улмаас эдүгээ бүс нутгийг пуужингийн болон цөмийн зэвсгийн асуудлыг шийдвэрлэхэд “Их долоо”- гийн хүч дутаж буйг зарим орны төр, засгийн тэргүүн онцоллоо.
Тухайлбал, Солонгосын хойгийн хямралыг намжаах зорилгоор олон улсын улс төрийн тавцан дахь гол тоглогч болох ОХУ-ыг “Их найм”-д орохыг Герман тэргүүтэй орнууд ятгах болжээ. ХБНГУ-ын ерөнхийлөгч В.Штайнмайер “ОХУ-ыг яаралтай буцааж авчрах хэрэгтэй. Учир нь, олон улсын чанартай томоохон бэрхшээлийг ОХУ- ын оролцоогүйгээр шийдэх ямар ч боломжгүй. Умард Солонгос, Сири, Украины зэрэг дэлхийн хэмжээний хямралыг Москвагийн оролцоогүйгээр шийдэж чадахгүй байна” хэмээн онцлон тэмдэглэжээ. Харин Гадаад харилцааны сайд С.Лавров ОХУ “Их найм”-д орох сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн юм.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (2)
хүн (202.21.106.170)
Энэ АНУ энд тэнд худлаа сүржигнэхээ болимоор юм даа. муу буурай орнуудад дээрэлхүү гэж жигтэйхэн . хил дээр нь дайрна шүү гээд л хээрийн сургууль хийгээд байхаар чинь хойдууд улсаа хамгаална гэж хариулах нь зүйн хэрэг ш дээ. өөрсдөө НҮБ-н ойрх дорнодын бодлогод нь зөвшөөрөөгүй тогтоол гаргахаар хориг тавьж төлдөг татвараа багасгаж дураараа загнаж байж хойдуудыг НҮБ-н тогтоол зөрчлөө гэж заналхийлээд байх юм. муу нь муудаа дээрэлхүү гэж.
монгол (202.21.117.34)
Трамп гэж алиа салбадай сонгууль болохоос өмнө Хойд Солонгосыг оролдохгүй тайван орхино, харин ч удирдагчтай нь найз болох ухааны юм чалчаад байсан яг сонгогдоод маргааш нь бүх ярьж байсан юм нь 360 градус эргэдэг байна ш дээ.Оростой харилцаагаа сайжруулна гэж байсан бас л эсрэгээр нь юм болж байна.Ингэж сайхан худлаа донгосж байж олон хүний санал авсан байх шүү. Ноён урваач нохой шарваач гэж үнэн үг бий дээ.