В.Путин: ОХУ-ын Засгийн газар зорилтынхоо хүрээнд сайн ажилласан

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрынхаа гишүүдтэй уулзаж, жилийн ажлаа тайлагнасан байна. “ОХУ-ын Засгийн газар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авсан” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч онцлоод “2017 он ОХУ-ын хувьд хүндхэн жил байлаа. Учир нь, дэлхийн эдийн засагт учирсан сорилтуудыг даван туулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зэрэг хүндхэн үүрэг даалгавар бидэнд ногдсон. ОХУ-ын Засгийн газар зорилтынхоо хүрээнд сайн ажилласан гэж би хувьдаа үзэж байна. Та бүхэн ногдсон үүргээ хариуцлагатай биелүүлсэнд баярлалаа. Төсвийн зээлийн өр төлбөрийг хугацаа алдалгүй шийдвэрлэсний үр дүнд бүс нутгийн төсөвт 400 гаруй тэрбум рубль хуримтлуулжээ. Тиймээс 2018 оны төдийгүй ирэх хоёр жилийн төсөв батлахад айх зүйлгүй боллоо. Би хүн ам зүйн бодлогыг ирэх онд чухалчилж байна.

Түүнчлэн ирэх жил бид татварын хөнгөлөлтийг илүү эрх тэгш хуваарилахын тулд бүс нутгийг дэмжих буюу зарцуулалтын эрх мэдлийг дахин хуваарилах хэрэгтэй. Би муж, Бүгд найрамдах улсын төсвөөс хэт хамааралтай бүс нутгийг чөлөөлж, тэдний төсөвт орлогын байнгын эх үүсвэр олох, илүү их эрх мэдлийг холбооны эрх баригчдын хяналтад байлгахыг хүсч байна. Гэр бүлийн хөгжлийг дэмжих зорилгоор анхны хүүхдээ өлгийдөн авсан залуу эцэг эхийг дэмжих, гурван хүүхэдтэй гэр бүлийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах хуулийг богино хугацаанд батлуулсанд баярлалаа. Думын хоёр танхимын гишүүд бол ард түмний сонгосон төлөөлөгч юм.

Тиймээс иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, гэр бүлийг дэмжсэн бодлого шийдвэр батлахыг чухалчлаарай” хэмээсэн байна. Уулзалтын үеэр Оросын Засгийн газар бусад орны парламенттай хамтран ажиллахад бэлэн гэдгээ Кремлийн тэргүүн мэдэгдээд “Би аль нэг улсын Засгийн газартай харилцаагаа хязгаарлах бодолгүй байна. Харин ч нээлттэй харилцахыг чухалчилна” гэв. В.Путин 18 жилийн турш улс орноо удирдаж байгаа бөгөөд ирэх онд улиран сонгогдох өндөр магадлалтай байгаа юм. Учир нь, ОХУ-ын Сонгуулийн төв комисс сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг албан ёсоор хориглоод байгаа аж. Тэрбээр авлигын эсрэг идэвхтэй тэмцэгч, Владимир Путинийг шүүмжлэгч юм. Үүнээс гадна ОХУ-ын Сонгуулийн төв комисс телевизийн нэвтрүүлэгч Ксения Собчакийг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэлээ. Улмаар Ксения Собчак кампанит ажлаа эхлүүлж, сонгогчдоос гарын үсэг цуглуулах боломжтой болоод байна. Собчак ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлснийг сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн саналаас хуваах зорилготой гэж зарим ажиглагч харж байгаа юм. Учир нь, Владимир Путинийг шүүмжилдэг бусад нэр дэвшигчийн хувьд иргэдээс төдийлөн өндөр санал авч чадахгүй байж болзошгүй байна.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)