Байгууллагын нүүр царайг хэн төлөөлдөг вэ?
- 2018-01-03
- Үнэн
- 0

Энэ дугаарт өмнөх нийтлэлийн үргэлжлэл болох үйлчлүүлэгчдийг дээдлэх байгууллагын ёс зүйн талаар Япон орны жишээг танилцуулах болно. Юун түрүүн нэг асуулт асууя. Японд очиход таныг хамгийн түрүүнд Нарита олон улсын нисэх онгоцны буудал угтан авдаг. Тэгвэл энэ байгууллагын захирал ямар хүн байдаг вэ мэдэх үү?

Харамсалтай нь хэн ч үүнийг мэдэхгүй шүү дээ. Хэрэв энэ онгоцны буудлаар үйлчлүүлж байсан бол ариун цэврийн өрөө нь ямар цэвэрхэн, дэлгүүрүүд ямар олон төрөлтэй, үйлчилгээний соёл ямар гайхалтай байсан нь сэтгэлд тань хоногшин үлдсэн байх. Таньд сайхан сэтгэгдэл төрсөн бол “дахин нэг үйлчлүүлэхсэн” гэж бодох нь мэдээж. Үгүй бол “дахин үйлчлүүлмээргүй байна” гэж бодогдоно биз дээ.
Нарита олон улсын нисэх онгоцны буудлыг хариуцдаг компаний захирлын байр сууринаас компанийн байгууллагын амжилтыг байнга дээшлүүлэхгүй бол албан тушаалаасаа огцрох эрсдэлтэй. Харин ашигтай ажиллахын тулд олон үйлчлүүлэгч татах хэрэгтэй. Гэвч олон тооны ариун цэврийн өрөө, дэлгүүр, лавлах хэсгийн үйлчилгээ зэргийг 1 хүн ганцаараа хянах аргагүй. Онгоцны буудлын ариун цэврийн өрөөний цэвэрлэгч, дэлгүүрийн ажилтан, мэдээллийн ажилчид гээд олон тооны ажилчид үйлчилгээ үзүүлдэг.

Тэд зорчигчдод найрсаг, түргэн шуурхай үйлчилж сайхан сэтгэгдэл үлдээх нь маш чухал. Нэг ёсондоо тэд “байгууллагын төлөөлөл” буюу нүүр царай болдог. Хэрэв зорчигчид үйлчилгээнд сэтгэл дундуур нутаг буцсан бол, очоод эргэн тойрондоо сөрөг мэдээлэл тараавал юү болох вэ. Захирал хичнээн их хичээсэн ч нэгэнт үүссэн таагүй сэтгэгдлийг өөрчилж чадахгүй. Эцсийн дүнд ажлын гүйцэтгэл буурвал хариуцлагыг захирал үүрнэ. Үйлчилгээний ажилтнаас шалтгаалсан байсан ч хамаагүй.
Ийм болохоор зорчигчтой шууд харьцдаг ажилтанууд "Байгууллагын нүүр царай"-г төлөөлдөг байна. Харамсалтай нь хариуцлага үүрдэг захирал энэхүү байгууллагын нүүр царайг шууд төлөөлөхгүй. Гэхдээ "Байгууллагын нүүр царай" болсон ажилтан бардам ихэмсэг, ёс зүйгүй байдлаар үйлчлүүлэгчтэй харьцвал үүний хариуцлагыг захирал үүрэх болно. Ийм учраас Японд үйлчлүүлэгчтэй нүүр тулан шууд харьцдаг "Байгууллагын нүүр царай" болж буй ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулж, үйлчлүүлэгчээ дээдэлсэн байгууллагыг бүрдүүлдэг.
Одоо энэхүү нийтлэлийг уншиж суугаа хэн нэгэн байгууллагын нүүр царай болсон ажилтнууд иргэдтэй ёс зүйгүй харьцан чирэгдэл учруулж байж болзошгүй. Тэгвэл “байгууллагын удирдлага болох та” хариуцна. Иймд одооноос эхлэн “үйлчлүүлэгч хаан” гэсэн хандлагыг бүх шатанд бодитоор хэрэгжүүлэх шаардлагатай болов уу.
ЖАЙКА төслийн ахлах зөвлөх Ямашита Мамору


Сэтгэгдэл (0)