Д.Энхцэцэг: Гадаад паспортын сунгалтыг зогсоосон
- 2018-01-04
- Үнэн
- 0

Гадаад паспорт сунгахыг өчигдрөөс зогсоосон. Энэ талаар Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс тодрууллаа.
- Яагаад гадаад паспортын хугацааг сунгахаа зогсоох болов?
-Манай улс Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын гишүүн орон юм. Тус байгууллагаас гишүүн орнууддаа хандаж 2004 онд тунхаг бичиг гаргасан. Өөрөөр хэлбэл, 2010 оноос өмнө машинаар унших боломжгүй аяллын бичиг баримтыг хэрэглээнээс гаргах тухай тунхаг юм. Ингээд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 289 дүгээр тогтоолоор “Агаарын тээврийг хялбаршуулах” үндэсний хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөрт машинд уншигддаггүй аяллын бичиг баримтыг 2015 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс хэрэглээнээс гаргахаар заасан байдаг. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 94, 95 дугаар тогтоолоор аяллын бичиг баримт болох гадаад паспортын сунгах үйл ажиллагааг зогсоохоор болсон. Энэхүү тогтоолын дагуу манай байгууллага 2018 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс гадаад паспортын сунгах үйл ажиллагааг зогсоохоор шийдсэн.
-Паспортын хугацаа нь дуусаагүй иргэд хэрхэх вэ?
-Өнөөдрөөс өмнө сунгалтаа хийлгэсэн хүчинтэй паспорттой хүмүүсийн хувьд ямар нэгэн саад тотгор байхгүй. Харин энэ оны нэгдүгээр сарын 2-ноос хойш хугацаа нь дууссан паспорттай иргэдийн хувьд сунгалт хийлгэхгүй шинээр авна гэсэн үг.
-Гадаад паспортын хугацаа нь дууссан иргэдийн хувьд шинээр авахад төлбөрийн хувьд өөрчлөлт бий юү?
-Үнийн хувьд ямар ч өөрчлөлт ороогүй.
Г.Сүрэн

Сэтгэгдэл (0)