Г.Гонгоржав: Монголын нутагт унасан солирын чулууны дээж надад бий

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Гонгоржав гуай чулуу цуглуулдаг. 20 гаруйхан насандаа чулуу сонирхон судалсан тэрбээр оны өмнөхөн бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ гаргасан юм. Энэ нь ч учиртай. Тэрбээр мэндэлсэн өдрөөрөө бүтээлч ажил хийхийг эрмэлздэг. Тиймээс ч хоёр оны заагт “Чулууны хээ-2” үзэсгэлэнгээ гаргажээ. Г.Гонгоржав гуайг химич, эрдэс судлаач, сэтгүүлч гэдгийг уншигчид андахгүй. Энэ удаад түүнтэй сонирхон цуглуулдаг чулуу, эрдэс судлалын сэдвээр ярилцлаа. 

 

-Та шинэ оноо олон сайхан бүтээлтэй угтаж, “Чулууны хээ-2” үзэсгэлэнгээ гаргасан. Бүтээлээрээ олон нийтэд ямар зүйл хэлэхийг хүссэн бэ?

-Чулууны сэдэвтэй зургаа дахь үзэсгэлэн “Чулууны хээ-2” болж байна. Өнгөрсөн жил “Чулууны хээ-1” үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь чулууг мэргэжлийн үүднээс бус гоо зүй, уран сайхны талаас харуулахыг зорилоо. Хэлний эрдэмтдэд шийдээгүй нэг асуудал байдаг нь бичиг үсгийн гарал үүсэл юм. Үүнд хариу өгч чадахгүй өдийг хүргэсэн. Чингис хааны хасбуу тамга чулуу хагарахад гарсан байдаг. Элдэв судар ном чулуу хагарснаар олны нүдэнд ил болж, бошгыг үзүүлсэн гэх чулуун судар бий. Үүнээс үүдэн чулуунд нууцлаг зүйл байна гэж бодсоны үндсэн дээр энэ ажлаа эхлүүлсэн. Ингэж эхлүүлсэн сонирхол өнөөдрийн чулууны цуглуулгатай болох нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ сонирхол цар хүрээгээ тэлсээр зөвхөн бичиг үсгийн сэдэвтэй үзэсгэлэн гаргах хэмжээний цуглуулгатай болгожээ. Энэ удаагийн үзэсгэлэнд монгол бичгийн найман янзын зурлагыг чулуундд хэрхэн буйг харууллаа. Эдгээр зурлага оролцсон монгол бичигтэй чулууг олон түмнийхээ мэлмийд хүргэсэндээ баяртай байна. Бичиг үсгийн цуглуулга уйгаржин бичгээр хязгаарлагдаагүй. Эрэл хайгуулын явцад кирилл буюу цагаан толгойн 35 үсэгтэй байгааг ч харуулсан. Мөн 1-10 хүртэлх тооны дүрслэлтэй чулууг оллоо. Мөн эртний бичигтэй чулууг хайн олж, дээжээс нь үзэсгэлэндээ тавьсан.

-Судлаачийн хамгийн дотнын анд юу байдаг вэ?

-Би алх, цүүц хоёртой л нөхөрлөдөг. Өдий насалсан хүн том чулууг өргөж дийлэхгүй. Ихэвчлэн жижиг чулууг олж, сонжино. Гэхдээ өвөрмөц чулуу олсон ч хагарах тохиолдол бий. Сонин хачин чулуу олохын тулд их зам туулна, аялна. Ингэж хөдөлмөрлөж цуглуулсан үзэсгэлэнгийн өөр нэг сонирхолтой зүйл нь 3D зурагтай чулуу юм.

-Тэдгээр содон чулуугаа хаанаас олсон бэ. Хамгийн онцлох бүтээлийг нь нэрлэхгүй юү?

-Цаг зав гаргаж хөдөлмөрлөж олдог учраасс бүтээлээс тэр нь гоё сайхан гэж хэлэхгүй. Ер нь агуулга, бэлгэдлийн хувьд уйгаржин бичигтэй бүтээлийг л нэрлэвэл асуултад тохирох болов уу. Мөн 3D зурагтай чулууг нэрлэмээр байна. Ер нь хүмүүсийн тоохгүй гишгэлээд өнгөрсөн элдэв чулуу сонин содон бүтээл болдог. Тиймээс уйгагүй хөдөлмөр, эрэл хайгуулын дүнд сайхан бүтээл төрдөг. Би өнгөрсөн зун 10 гаруй мянган километр явлаа. Олон газраар явахгүй бол миний ажил бүтэхгүй. Ингэж явахад надад хүүхдүүд болон Болдсайхан эмч тусалсан. Би түүнд монгол уламжлалт эмийн найрлагад ордог чулууг хэлж өгдөг. Тиймээс энэ хүмүүс аялалд гарахдаа намайг авч явдаг.

-Ер нь Монголын аль нутгаас хамгийн сонин содон чулуу олддог бол?

-Би говь руу явах дуртай. Говийн чулуу хангай газрынхыг бодоход газрын гадарга дээр ил байдаг. Энэ жил байсан чулуу дараа нь очиход элсэнд дарагдаад харагдахгүй болдог талтай. Эсрэгээрээ өмнө нь байгаагүй чулуу элсний нүүдэл, нар салхины нөлөөгөөр ил гардаг. Байнгын хөдөлгөөнд оршдог, нууцлаг энэ байдал нь говь руу аялах хүсэл төрүүлдэг. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Чулуун бүтээл урлахад төсөөлөлтэй байх нь чухал. Төсөөлж чадахгүй бол машин дүүрэн чулуу авчирлаа ч бүтээл болохгүй. Мөн авчирсан чулууг хагалах эсвэл зүсэхээ сайн бодох хэрэгтэй. Зарим чулуу их эмзэг байдаг. Өнгөлүүлэх гэхээр болдоггүй . Дундговь аймгийн Дэл уулаас уйгаржин бичигтэй чулуу олоод бичгийг нь арилгахгүйн тулд скотчер наагаад баларсан. Хуулахад бичгийг нь хуулсан тал бий шүү.

-Таны цуглуулгад гаднын улс орноос авчирсан чулуу бий юү?

-Цөөн бий. Тухайлбал, Америкийн Үхлийн хөндийгөөс авчирсан чулуу байгаа.

-Ер нь танд хэдэн төрлийн чулуу байна вэ?

-Монголчуудын чулуун өв соёл, шүтлэгтэй холбоотой зэргээр ялгаж болно. Мөн надад геологийн шинжлэх ухааны талаас нь цуглуулснаар хэлбэл 400 гаруй чулууг төрөлжүүлжээ. Нийтдээ төчнөөн чулуу байгаа гэж хэлэхэд хэцүү. Монголын уламжлалт анагаах ухаанд эрдсийн буюу чулуулгын гаралтай эм байдаг. Жишээлбэл, гиван байна. Говьд байдаг энэ чулуу найрлагадаа төмөр агуулдаг. Эр, эм, охин зэрэг олон янзын жонш бий. Эр жоншны найрлагад кальци, эм нь хүхэр хүчлийн кальцитай байдаг. Энэ маягаар цуглуулахад хими болон геологийн мэдлэгтэй байх ёстой.

-Хөдөө хээр явахдаа чулууны дээж авдаг уу?

-Авалгүй яахав. Хадны бичиг, хүн чулуунаас дээж авдаг. Үүний дүнд тэр чулууг хэр олон жил хадгалж болох, холоос авчирсан уу эсвэл тэр нутгийнх уу гэдгийг судалж мэдэх боломжтой. Энэ маягаар авсан 180 гаруй чулууны дээжээ Шинжлэх ухааны академийнханд өгсөн. Мөн Байгалийн түүхийн музейн 70 жилийн ойгоор 70 өөр чулуу бэлэглэж байв. Би чулуу судлаачаар ажиллаад 60 орчим жил болж байна.

-Солирын чулуу таны цуглуулгад бий юү?

-Би солирын талаар сонирхон судалдаг. Хэнтий аймгийн музейд байгаа солирыг тодорхойлж байсан. Говь нутгаас өөр нэг солирын чулуу олсон. Монголын газар нутагт унасан солирын чулууны дээж надад бий. Эдгээр дээжээс ямар төрлийн солир болохыг тодорхойлдог.

-Чулууг эмэгтэйчүүд гоёл чимэглэлд, эрчүүд хөөрөг урлуулахад өргөн хэрэглэдэг. Танд ийм зүйлд ашиглах чулуу байдаг уу?

-Чулуугаар хөөрөг хийхэд би дургүй. Учир нь, чулуун соёлыг харж илрүүлэхийн оронд эвдэж, ашиг хонжоо хайдаг. Үүнд маш их харамсдаг. Эмэгтэйчүүдийн гоёл чимэглэлийн зүйлсийг хийхэд чулууны үндсэн хэв шинжээр ашигладаг учир буруушаадаггүй. Эдгээр зүйлийг хийхдээ чулууг байгаагаар нь ашигладаг. Хүнд ээлтэй ач тусаа өгдөг чулуу гэж бий. Монголын уламжлалт ухаанаар чулууг амьтай гэдэг. Гурав, дөрвөн төрлийн болор чулууг нэрмэл усанд хийж наранд тавиад уувал эрүүл мэндэд тустай. Мөн хөл гар, уруул нь татахад гартаам чулуугаар үрэхэд тустай байдаг.

-Өвгөд чулууг байрнаас нь хөдөлгөхийг цээрлэдэг. Үүнийг та юу гэж ойлгодог вэ?

-Хүн аль нэг газраас чулуу аваад гэмтлээ гэж ярьдаг. Үүнийг би сэтгэлийнх гэж боддог. Дээхнэ ингэж ярьдаг байсан учир өөрт ямар нэгэн зүйл тохиолдохоор чулуутай холбон ойлгодог. Би олон газраас чулуу авсан. Одоо ч гэсэн цуглуулсаар явна.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)