Д.Трамп: Цагаан ордон бол шорон

Сэтгүүлч Майкл Уолффын бичсэн “Гал ба уур хилэн, Трамп Цагаан ордонд” ном энэ сарын 3-нд худалдаанд гарсан билээ. АНУ-ын төрийн тэргүүний хувийн амьдрал болон гэр бүлийн нууцаас дэлгэсэн энэхүү ном нээлтээ хийсэн өдрөөсөө Их Британи, АНУ, Оросын хэвлэлээр шуугиан тарих болсон юм. Номд Майкл Уолффын авсан 200 гаруй ярилцлага багтсаны дотроос Цагаан ордны Стратегийн албаны дарга асан Стив Беннон Дональд Трампын тухай таагүй баримт дурджээ. Стив Беннон “Ажил үүргээ шударга гүйцэтгэж байсан учраас Д.Трамп намайг халсан” гэжээ. Бенноны ярилцлагын талаар Цагаан ордны хуульч Чарльз Хардер тусгайлан мэдэгдэл хийж “Ерөнхийлөгчийн гэр бүлийг гүжирдсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргана” гэсэн байна. Энэхүү номыг цахим хувилбараар АНУ-д тараахыг Цагаан ордноос хоригложээ. Цагаан ордны Хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдэхдээ “Цагаан ордны технологийн системийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах нь Д.Трампын засаг захиргааны нэн тэргүүний зорилт. Тийм учраас ирэх долоо хоногоос эхлэн ажилтнуудад төдийгүй Цагаан ордонд хүрэлцэн ирсэн зочдод ч хувийн гар утас ашиглахыг зөвшөөрөхгүй” гэсэн байна. Ийм журам гаргаж байгаад дурамжхан буйгаа Цагаан ордны зарим ажилтан илэрхийлээд "Бид гэр бүл болон найз нөхөдтэйгөө холбогдоход хүндрэлтэй болж байна" гэжээ.

ИВАНКА ТРАМП ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ

Д.Трампын ууган охин Иванка АНУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч болохыг хүсдэг тухай “Гал ба уур хилэн, Трамп Цагаан ордонд” номд өгүүлжээ. "Хиллари Клинтонд анхны эмэгтэй ерөнхийлөгч гэх алдрыг хүртээхгүйн төлөө Трампын гэр бүл тэмцсэн. Учир нь, Иванка Трамп АНУ-ын төрийн тэргүүн болох нууц зорилготой. Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсныхоо дараа охин Иванка, хүргэн Жаред нартаа Цагаан ордны зүүн жигүүрийг захирах эрхийг бэлэглэсэн нь Иванкад Цагаан ордны ирээдүйн эзэн болох бэлтгэл юм” гэж Стив Беннон ярьжээ. АНУ-ын Зүүн эрэгт элитүүдийн хүрээлэлд өссөн Иванкаг барууны хэвлэлүүд “АНУ-ын тэргүүн охин” хэмээн хочлох болсон нь учиртай. Иванка аавынхаа засаглалыг улс төрийн карьерынхаа эхлэл болгожээ. Иванка ерөнхийлөгчийн оролцсон албан ёсны арга хэмжээ, айлчлалыг алгасдаггүй. Цагаан ордны ажилтнууд Иванка, Жаред нарын зорилгыг гадарладаг учраас тэднийг "Жарванка" гэж нэрлэдэг байна.

Д.ТРАМП ОРОСУУДТАЙ ХАРИЛЦАЖ БАЙСАН

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-тай харилцаатай байжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр хүү Дональд Трамп, хүргэн Жаред Кушнер нар “Трамп тауэр”-ын 25 давхарт Оросын хуульч Наталья Веселницкаятай уулзаж, ярилцсан байна. “Д.Трампын гэр бүл Оросын бүлэглэлүүдтэй сонгуулийн өмнө холбоо тогтоосон. Энэ хэрэг дээр АНУ- ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон эсэхийг мөрдөн шалгах ажлыг хариуцсан тусгай прокурор Роберт Мюлер ажилласан” хэмээн Стив Беннон ярилцлагадаа дурджээ.

ЦАГААН ОРДОН БОЛ ШОРОН

Уолфф "Цагаан ордон Дональд Трампад таагүй, бүр аймшигтай газар мэт санагдсан" гэж бичжээ. Д.Трамп ерөнхийлөгч Ж.Кеннедигаас хойш тусдаа унтлагын өрөөтэй байхыг шаардсан төрийн тэргүүн юм. Мөн Цагаан ордны хамгаалалтын албанд хувийн бие хамгаалагчдаа нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл бичиж байжээ. Дональд Трамп өөрийн дүрмээр амьдрахыг чухалчилдаг нэгэн учраас Цагаан ордны хэв маягт захирагдах дургүй аж. Нэгэн цагт АНУ-ыг захирч явсан Гарри Трумэн Цагаан ордны дэгээс залхан “Агуу цагаан шорон” хэмээснийг Д.Трамп эш татсан байдаг.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • х (202.72.245.122)

    2018-01-08

    Энэ чинь цагаан ордон биш Конгрессийн барилга биш үү энэ сурвалжлагч нар сая ,тэрбум хоёрыг ялгадаггүй юм байна лээ